Monday, April 1, 2013

ЗОЧЛУУЛСАН НЬ


ЗОЧЛУУЛСАН НÜ          
    Зайсангийн амнаас бөөн айлууд хөөлгөөр Баян хушуунд нүүж суурьшихад Товуугийн манайхан нэг дор газар авч хамар хашааныхан болов.Ингээд бодоход манайхан чинь гуч гаруй жил айл аймаг явж байгаа юм байна.Товуугийнх хоёр хүү, гурван сайхан охинтой.Хүүхдийн түрүүч нь дээд сургууль төгсөж,дараагийнх нь бас л дээд сургуулийн төгсөх даваандаа ирчихсэн байсан цаг.Тэдний бага охин нэг хөөрхөн улаан хацартай юм байх.Бид нар бундрай л гэж өхөөрдөнө.Бундрай манай бага хоёр чацуу, хоёр эх нь энэ хоёрыгоо нэг гэрт оруулчих юмсан гэх яриа чихэнд үе үе сонсогдоно.Товуу бид хоёр ч олон жил айл аймаг явсных хоёр багыгаа нэг өрх болгочихсон шиг суувал хааяа нэг орж гарахад яриа нийлээд мөн ч сайхнаадаа гэх ухааны юм бодож суулаа.
Тэгтэл ч Бундрай дээд сургуулиа төгсөөөд орхилоо.Бага хархүү  гадаадын цэргийн сургууль хараахан дүүргээгүй байсан үе.Нэг орой л гэнэтхэн бидний олон жилийн яриа хэлэлцээ огт өөрөөр эргэв.
 Дээд сургуулиа төгсөөд манай бэр болно гэж байсан Бундрай чинь эхнэр, бид хоёрт урилга явуулжээ.Тэр урилгыг санаандгүй авсан эхнэр Ханд дуу алдаж, дамжуулж үзсэн би арай л огло харайсангүй.Хэн хэн маань үг ч дуугарах тэнхилгүй тэрүүхэндээ бувтнав.Тэгтэл гэргий минь:
 - За, за.Ойрын бэр ч хол явжээ.Хүүхдүүдийн яахыг ямар бид дөрөв мэдэх биш,тэр тусмаа одоо.Сайн л явбал боллоо.Алив өвгөн хувцасла.Одоо тэр цаг нар нь болчихлоо гэх дуунаар би ч урьдын бодлоосоо салав.
Эхнэр бид хоёрыг хувцаслаад гэрээс гарахад Товуу, Пэлжид хоёр ч гараад ирсэн, ах дүү төрөл төрөгсөдийн арваад хүн дөрвөн машинд хэд гурваараа сууж буй харагдана.
  Бундрайгийн аав, ээж бид дөрөв нэг машинд суух болж тэгэхэд л манай эхнэр Ханд:
  - Та хоёр чинь өдий олон жил данхтай цай,тогоотой шөлөө зөөлцөж явж, хоорондоо эвлэж хэлэлцэж явсан байж ийм учиртай болсноо эртхэн дуулгахгүй яав гээд л авч байна.Айлын маань хоёр эг маг хийснээ:
  - Бид хоёр ч та нараас дээрдэх юмүй.Танайхтай худ ураг болноо л гэж бодож байсан чинь ийм юм болчихлоо.Одооны хүүхдүүд чинь хийж, хэлж байгаа нь мэдэгдэхгүй бэрх юмаа гэв.Би:
  - За тэр яахав.Бид ч гэснээ...ингэхэд тэгээд Бундрай маань гадаадын хүний гэргий болж таарч байна уу? хэмээн асуух, болихын завсарт үг унагавал Товуугийн эхнэр Нямсал:
  - Тийм л болж байна даа.Бүүр Солонгос хүний эхнэр.Гэргий маань хажуу.наас:
  - Үгүй тэгээд хэдийд хаана танилцдаг байнаа?Нямсал:
  - Зуучлалаар гэнэ үү? Би:
  - Аа ,мөн, мөн.Жуулчлалаар ирэхэд нь танилцсан юмуу? гэж будилж байтал ёслол болох зоогийн газар ирвэй.
  Хуримлагч хоёр хосын хажууд Товуу, Пэлжид хоёр, тэгээд хүндтэй зочдын ширээнд гэргий Ханд бид дараалан суулаа.Бундрайгийн нөхөр болох хүн нь өөрөөс нь магад арваад ах гэхээр боловч овор багатай хөхөлбий царайтай нэгэн байх аж.Хүргэний талсаад байх юмгүй хоёр гурван солонгос.Хүргэний юу ч гэхээр юм бэ? ах нь л лав биш нэг хүн ёслолын эхэнд босож Бундрай Ким Ён Су хоёрын хурим их сайхан болно гэх ухааны юм хэлснээ гэнэтхэн Товуу руу хараад л:
- Манай тал нэг түмэн Вон л гээд байх юм.Би учрыг нь олж цөхөөд хажууд суугаа хүнээс энэ юун Вон,Вон гээд байнаа гэвэл гараар амаа халхлах аядсанаа:
- Аа, энэ зуучлалаар сууж байгаа улсын тухайд нэг ийм юм байдаг юм гэх үгийг сонсох тэр мөчид хос залууст баяр хүргэх, хундага өргөх юм болоод явчихав.Гэргий бид хоёр өөрийн хэдээс өөрцгүй дассан Бундрайдаа ерөөл хэлж алд цэнхэр хадаг бариад тугалтай үнээ аваарай гэхэд Бундрайгийн царай гэрэлтсэн ч нөхөр нь юу ч гэж байгааг ойлгосон шинжгүй.Гэрт ирсэн хойно гэргий Ханд л:
 - Бүдүүлэг гэдэг нь.Хүнтэй ч зөвлөх юм байхгүй.Гадаадын хүнтэй дэр нэгтгэж байгаа хүнд тугалтай үнээ аваарай гээд байхдаа ч яахав дээ.Тэр солонгос нь Чи бид хоёрын өгсөн үнээний сүүг уух гээд л монголд сууж байв гэжүү...? Нээрээ бодох л үг санж.Би юугаач бодсон юм бэ?
Саяхан л юм шиг санагдсан чинь тэр жилээс хойш гурван ч жил өнгөрчээ.Хаврын нэг хуйсганасан өдөр юмсан.Товуугийн зээ нараас нэг нь гүйгээд ирлээ.Тэгсэнээ:
 - Юу.Өвөө, Эмээ хоёл та хоёлыг цай уу ингэнээ гэв.Гэргий бид хоёр тэр хоёр хөөрхөн зулзгыг өхөөрдсөнөө:
 - За,за .Өвөө, эмээ хоёр нь одоо очъёо гэв.Хэлснээр Товуугийнд яваад орвол ширээ засчихаж.Товуу, Пэлжид хоёрын ах дүү нэр бололтой хэдэн хүн, зун, намар хөзөр, даалуунд хань болдог хэд сууж байх юм.Бид хоёрыг суудалд тухалсны хойно Товуу босож:
 - Муу хөгшин минь маргааш гадаад хүргэнийхээ урилгаар Солонгос улсад зочлоор явах гээд энэ баяраа та нартайгаа хувааж аяга цай уулгах гэсэн юм гэлээ.Анхны хундага, аян замдаа сайн явахыг ерөөсөн үгс хөвөрсөөр нэг мэдэхүл нилээд орой болжээ.Бид арга учраа хэлж,Пилжид маргааш авч явах юмаа чемодандаа хийхээр үлдэв.
Түүний нөгөөдөр нь би эртхэн хот ороод морь тэргээ хөтлөн гаднаа иртэл Пилжид гэртээ орж явах шиг харагдав.Би гэртээ ороод зэлгээн цай балгах зуур:
   - Үгүй ээ Пилжид гаднаа харагдах шиг болох юм.Өчигдөр явна гээгүй билүү? гэвэл эхнэр Ханд:
   - Харин тиймээ.Өнөөх чинь яваад ирж.Би:
   - Аан? Яваад иржий? Битгий дэмийрээд бай.Тийм тоглоомтой юм хаана байсан юм бэ? Ханд:
   - Харин тийм гэмбэ.Муу Пэлжид онгоцонд суугаад их баярлажээ.Тэр гадаадад нийсдэг онгоц чинь их сайхан юм гэнэ.Хоол, цай өгөөд л байсхийгээд л, нэг хөөрхөн ааштай охин гүйж ирээд л цай ,чихэр зөөж гүйгээд байх юм гэнэ.Энэ үед нөгөөх муу маань/Пэлждийг хэлж байна/:
   - Үгүй яахав.Таван хүүхэд төрүүлэх гэж яс махаа тасчиж, хоолонд нь хүргэх гэж тамтгаа барж байсны хэрэг гарч байна.Яахав.Миний муу улаан охиныг харь хүн дагаад алга боллоо гэж зарим нь дэмий үг унагадаг л юм.Яадаг юм бэ?Харчууд нь орон гэрээ аваад явчих талиагүй байхад өөрийг нь аав, ээжтэй өргөөд явчих холын хүн байхад юу нь буруу байгаа юм бэ? Дотор ухаандаа ийн бодосон шиг явтал үйлчлэгч бүсгүй онгоц газардах болсныг зарлаж.Төд удалгүй л “Инчоны” Олон улсын буудал хэмээх шил толь болсон газар ирж,Пэлжид хүргэн, хүүхэн, хүргэний аав, ээжид өгөх гарын бэлэгтэй жижиг чемоданаа хөтөлсөөр хилийн шалган гээч дээр нь ирж бичиг, баримтаа өгч.Тэгтэл шалганы бололтой хүн бичиг баримтыг нягталснаа нэг хүнтэй утсаар ярьж хэсэг болсноо:
- Уучлаарай.Таныг урилга явуулсан хүн чинь би энэ хүнтэй уулзмааргүй байна гэлээ.Та зам тавина уу?гэж.Пэлжид гэнэт дотор нь бөглөрч:
- Юу уун.Тэр чинь манай хүргэн шүү дээ.Хилийн албаны байцаагч:
- Уучлаарай.Дараагийн хүн...Ингээд муу Пэлжид ирсэн онгоцоороо буцах болж..Эхлээдчиг хэлэх ,хэлэхгүй үгийг цухалдсандаа болоод хэлж гэнэ.Тэгсэнээ:
- Тэр муу солонгос...гэнэт ухаан орсон юм шиг:
- Үгүй ээ, манай тэр тэнэг хүүхэн хүний ая олж чадахгүй дургүйг нь хүргэж... хэмээн дүрэмдэж..Тийн хэсэг байтал буцах онгоцны зорчигчид онгоцондоо ирж.Пэлжид энэ үед:
- За,за.Би ямар очих оронгүй, оочих аягагүй хүн биш.Буцаал биз.Намайг гээд хоцорсон өнөө хэддээ онгоцонд суусан хойноо эрэгтэйд нь хэдэн янжуур, эмэгтэйд нь атга чихэр...гэж бодсон гэнэ.
- Май Пэлжидийн авчирсан хувь хэмээн гадаад янжуур гар дээр тавив.Би энэ үед:
 - За даа энэ зуучлалын гэр бүл гэдэг...тэр нэг түмэн Вон гэдэг ч...Хүнээ хэдэн төгрөгнөөс л харьд цөлж байгаа юм байна.Ингэж бодогдонгуут юун янжуур.?  Юун Вон? Хэн нэгэнтэй өвгөн насаа бодолгүй салам үзэлцмээр бодогдов.Хөөрхий муу Пэлжидийг яаж байгаа нь тэр вэ?.Хөөрхий хүний эрхэнд харьд гарсан муусайн охид минь?Үүнд хэн буруутай юмбэ? Аан?

                2010 – 03 – 16.Мягмар гараг.19.45.
                Сөүл хот.Тубун дүүрэг.402 дүгээр өрөө.














    НЭГ ДАЛАЙ,ГУРВАН БАЛАЙ. 
          
    Бид тэгэхэд залуу байжээ.Дуулна.Нийтийн бүжигт явна.Тэр 60-70-аад оны дуу гэж яриад байгааг чинь тийм л үед зохиосон.Сайн ч дуучид дуулсан.Дуучдаас дутахгүй сайн дурын олон дуучин бас дэлгэрүүлсэн.Ингээд бодохлоор сайн дуу олон гарсан нь хэн хэний маань оролцооны сайных байсан шиг.
   Дунд сургуулийн төгсөлт цэгцэрч,дээд сургуулийн элсэлт эхэлж байсан үе л юмсан.Бас сургууль төгсөгчид ажилд томилолтоор ирнэ гэж нэг юм болно.Манай санхүүгийн хэлтэст орост сургууль төгссөн цэвэрхээн залуу туслах нягтлангийн албанд томилогдлоо.Сургуулиа сайн төгссөн хүн гэнэ.Тийм хүнийг чинь сайн л бол хагас жил болгоод л дэвшүүлээд авчихна.Залууг Гончиг гэнэ.Байры харахад ажиллаж байгаад дээд сургуульд явсан болов уу?Дорхноол нөхөртэй, нөхөргүй хүүхнүүдийн хараа Гончиг дээр тусав.Эхлээд Гончиг, Гончиг гэлдэж байснаа албан байгууллагын нэгэн үдэшлэгт дуулснаас нь хойш “Далай” Гончиг, сүүлдээ хөгшин залуугүй далай, далай л гэцгээх болов.Тэр ийм учиртай билээ.Үдэшлэгт залуучууд авьяасаа үзүүлэх болоход Гончиг хоолойгоо зассанаа:
          Далай уужим саруул сайхан ухаантай
          Даамай гоё чам шиг хүүхэн байна уу даа?Ахтаамаа...гээд л уянгалуулснаас хойш олон нийтийн дуулж хуурдах юм болоход хүмүүс алив “Агатамагаа” , “Далайгаа” дуул гэцгээх.Гончиг ч нэг эвтэйхэн дуулах.Тэрбээр дуулахдаа “Далай” гээд л дууны үгийг хэлж эхлэнгүүт хүмүүс “үүе”, “үүе” гээд л алга ташаад унана.Тийн байтал санхүүгийн дунд сургууль мөн жил төгсөж ирсэн жаахан цагаан охин Байгалмаа,Гончиг хоёр холбоотой болж байгаа тухай хоол, цайны цагаар аманцар бүсгүйчүүл жиг жуг хийх болов.Удсан ч үгүй дээ, тэр хоёр олны нүдэн дээр гараасаа барилцаж,хөтөлцөн, сугадалцах боллоо.Тэр үед ямар нэг их хурим найр хийх биш дээ.Тэр хоёрыг нийлснээс хойш төд удалгүй нүд хурц,илүү үгэнд дурламтгай хүүүхнүүд:
    - Үгүй энэ Байгалаа тураад яахаа алдлаа л гэнэ.Далай ядраагаад байнаадаа гэх.Тэгсэнээ бие биеэ нудчин:
    - За юун дэмий юм ярьдаг юм бэ? гэлцэж байтал Далай,Байгалмаа хоёрын хөтөлцөж гүйх, орох гарах нь зогсов.Далай ч Байгалмаагийн өрөөгөөр эргэлдэхээ болилоо.Хаа нэг эгч бүсгүйчүүл:
   - Охин минь яагаад Далайг хаячихав?Эсвэл хаягдаа юу?Охины хацар ялигүй улайснаа:
   - Балай юм гэнэ.Өөр юм хэлэхгүй ээ.Хэрэгт дурлагчид:
   - Юу нь балай гэж гэхэд нхэг гэснээ ичих мэт доош тонгойно.
 Түүнээс хойш Далайтай холбоотой шог яриа гарах болоход өнөөх хөөрхөн охиныг чинь нэрийн өмнө “Балай” Байгалмаа гэдэг үг цол нь юм шиг зүүгдэв.Ингээд энэ байгууллага Далай,Балай хоёртой болоод хэдэн сар өнгөрөв.Харин дээрх хоёр аль,аль нь алба ажилдаа зүтгэлтэй сайныг юутай зүйрлэлтэй билээ.Байгалмааг Далайгаас холдсоноос хойш бүсгүйчүүлийн амны зугаа болох юм хэсэгтээ намдсанаа “Ёстой балай” гэдэг нэг үгтэй болж түүндээ инженерийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Гүнсмаа бүсгүйг холбоод авав.Гүнсмаа гэж гар бөмбөгийн улсын шигшээд цагтаа тамирчин явсан гунхалзсан цагаан хүүхэн.Нээрээн л олны хэлэлцээд байгааг батлах шиг Далай, Гүнсмаа хоёр салахаа болив.Гэхдээ хаа нэг яриаг сонсвол:
   - Далай,Гүнсмаатай танилцахдаа Байгалмаа чамд ямар нэг үг хэлсэн үү? гэж асуусан гэнэ.Гүнсмаа үгүй гэвэл хэдэнтээ лавласны сүүлд Далай:
   - За яахав, энэ сүрхий авгай нараас чинь бүүр залхаад байна шүү.Уг нь хоёулаа нэг амьдрах шиг амьдарвал зүгээрсэн.Чиний тэсвэр л мэдэж дээ гэж хэлсэн гэнэ гэдэг үг даринд зурсан шүдэнз шиг газар авав.Гүнсмаа ч Байгалмааг бодвол насаар хэд эгч юм болохоор нээрээн л тэсээд, эсвэл нэрээ ч бодоо биздээ хэдэн сар, бараг хагас жил боллоо.Авгайчуул л болсон хойно тэр хоёрын талаар юм ярьж л байсан.Саваагүй зарим нь бүүр:
   - Энэ хоёр яаж таарах вэ? Ёстой өнөөх Тэмээ,Ямаа хоёр шиг юм харагдах байлгүй гэхэд нэг нь:
   - Нээрээн л Гүнсмаа өндөр.Далай нам талдаа.Ёстой л өндөр хүний сүүжинд дашмагтай ус зүүчихсэн юм шиг л байна биз.Хи, хи, хи хэмээн нүдээ гурвалжлуулан аальгүйтэхэд нөгөөх нь уухайн тас:
   - Түүнийг чинь “Роста” нь таарахгүй гэдэг юм хэмээн намжирдана.
      Байгууллага шинэ жилээ тэмдэглэж Далай нэг сайхан дуулж хөгжөөснөөс хойш төд удалгүй Гүнсмаа бас л Далайгаас хөндийрөх янз үзэгдэв.Авгайчуул ч жиг жуг гээд эхэллээ.Ховонд дуртай хүнийг битгий хэл, дургүй хүний ч чих сэртэсхийх үг хэлэлцэх боллоо.             
   Тэр нь Гүнсмаа Далайгаас бас л больчихлоо.Яагаад нэр, нүүрээ бодсонгүйв гэхэд тэрбээр:
- Ёстой балай юм гэхээс өөр үг хэлээгүй гэнэ.Үүнээс хойш олны дотор “Ёстой балай” гэдэг түймэр хэсэгтээ дэгдэв.Далайгийн хоёр дахь бүсгүйгээс хөндийрсөн мэдээ бүүр ерөнхий захиролын сонорт хүрч, захирал харааныхаа шилний доогуур Далай руу нүдээрээ нухацтай ширтэснээ:
- Нөхөр минь чи ер нь гэр бүлийн талаар тогтворгүй хүн үү?үгүй юү? Ингээд байх юм бол чиний сангийн яаманд дэвших барих асуудал яригдахгүй шүү гэснээс хойш  Далай,”Ёстой балай”,”Дэвшихгүй” гэсэн үг тэнүүчлэх болов.  
   Энэ сануулгаас сургамж авсан уу? ер нь ч энэ тэр хүүхэнтэй холбогдохоо больёо гэж санасан уу? нэг хэсэгтээл Гончиг урьдын адил албандаа хичээлтэй зүтгэж “Далай”,”Балай”,”Ёстой балай” гэсэн түүний нэрийн дайвар болсон үгс бараг мартагдаж байтал дахиад л хэрэг мандаж энэ удаа Үлэмж гэх манай төлөвлөлтийн хэлтсийн дарга Дэмбэрэлийн авгайтай холбогдсон жиг жуг яриа бүсгүйчүүлийн чөлөө цагийн ярианы сэдэв болов.Үүнийг Үлэмж нөхөртөө гомдсон уурандаа уйлж байгаад:
- Энэ муу Дэмбэрэл нэг их томоотой царайлж байгаад хүнийг дандаа дарлах гэж байх юм.Энэ гадуур сэвээд л байдаг.Намайг сонсох чихгүй, харах нүдгүй юм гэж бодоо юу? Ингээд байвал яасан ч яадаг юм бэ?Нэг амьдрахаас хоёр амьдрах нас биш.Холдож гийдэггүй юмаа гэхэд хажууд ажилтай бол ажилтай, соёлтой бол соёлтой нь “Далай”-гаас өгсүүлээд байж л байнадаг гэсэн гэнэ.Нээрээн Дэмбээ дарга ч бас муу Үлмээ эгчийг дэндүүлж байгаа юм гээд нэг хоёр уяхан нь хоорондоо ярьж сууснаа нулимс унагасан гэнэ гэдэг яриа гарснаас хойш даан удалгүй Далай,Үлэмж хоёр зориут ч тэгж байгаа юмуу? Үнэхээр ч тийм холбоотой болчихсон юм уу энд тэнд явж байгаа харагдав.Тийн амьтны хэл аманд өртдөгийн даваан дээр Үлэмжээ эгч ч тас тас хөхрөн хуучин янзандаа орж Далай ч нэг тийшээ явахаар болсон дуулдав.Сониуч зарим нь хэрэгт дурлаж Үлэмжээ эгчээс:
 - Та хоёрыг чинь...гээд үг өдтөл тиймээ.Муу Дэмбэрэлийг элэг бариад байхлаар нь Далайг нэг өдөе гэж бодсон юм.Олон ч юм хэлээгүй.Нөгөө төлөвлөлтийн хэлтсийн  Гүнсмаагаас асуудаг Байгалмаа,Гүнсмаа хоёр чамд ямар нэг үг хэлсэн үү л гэж байна лээ.Би ч үгүй,үгүй л гэсэн.Тэгсэн бас айхавтар хүүхнүүд та нар л болж яриагүй байх гээд хэсэг үг ч дуугарахгүй, бүүр хүсэх дээр хясав гэгч болж байгаа юм шиг надаас дөлж зугтаагаад хэсэг болсон.Нэг өдөр огт санаандгүй байтал Гүнсмаа надад нэг эвгүй үг хэлснээс болж маргаж, гарцаагүй л Гүнсмаагийн нэр гарах юман дээр огт дурдаагүй дээрээс надад итгэсэн үү? яасан бэ? түүнээс хойш надад тал өгсөн юм.Би Дэмбэрэлд үнэхээр гомдчихсон яавал ч яая.Хэдэн хүүхдээ тэврээд хоцорно биз гээд дотроо шийдчихсэн байсан.Далайг уриад байхлаар гэрт нь очлоо.Тохь тух гэж бэрх юм.Юун хэдэн жил нэг байгуулагад хэлтэс толгойлсон Дэмбэрэлийнх.Орлоо.Хэсэг суув.Цай чанах уу ? гэж байна.Тэр өдөр өглөөнөөс хойш хоолны бараа хараагүй байсныг хэлэхүү.Цай байтугай хоолч идмээр л байлаа.Плиткээ залгаж усаа буцлуут салгачих юм.Тэгсэнээ нэг юм эрээд байх юм.Бүүр хамаг шүүгээ саваа нэгжих янзтай болохоор нь юу эрээ вэ? гэвэл Далай:
- Үгүй одоо эртээд би нэг байхууны ханд тавьчихсан юм даа.Аа бас хачин юм гээд л эрж, эрж  аа ашгүй оллоо гэж байна.Тэгсэн тэр нь байхууны цаас нь хатчихсан ханд.Хэд хэрэглэсэн юм бэ? Тэгээд данхруугаа өнөөх хандаа хийгээд суучихлаа.Нилээд удахлаар нь:
- Плиткээ залгахаа мартчихлаа гэсэн чинь аа яахав тэгээд ханд нь бууна бизээ гэж байна.Гэдэс өлсөөд хоёулаа хоол хийж идье гэнэ.Би ч тэгэеэ гэв.Далай дахиад л эрэлд гарлаа.Эрж, эрж:
- Будаа байсан юмсан.Гадаа байгаа юм болов уу? гээд гарч хэсэг болсноо худлаа хэлэх хүнд хальсан уутны ёроолд байгаа чимх будааг үзүүлснээ хоёр хүнд энэ хүрнээ гэж байна.Би дуугарсангүй.
Тийн нэг ч мах  үгүй, будааны усан шөлөрхүү юманд лаазалсан сүүнээс өнгө хувиргах төдий дусаагаад:
- За ингээд уугаад байна даа.Сүүтэй будаа ч хөлс гаргаад бас сайхан шүү гэж байгаа юм.Тэгээд бас түүнээ уучихаад шүдээ чигчлээд суучихыг нь яахав.Юун сүүлрэх, сүжрэх.Ёстой барахгүй даваа юм билээ.Шал балай юм гэв.         
   Үлэмжээ эгч тэгсэнээ:
    - Үгүй ээ, хүн амьд явахад мөн элдэв юм үзэх юм.Нарийн хүн гэж дуулсаан.Бас энд тэнд харж ч явсан.Гэхдээ манай Гончигоо арай ч дэндүү нарийн. Орон гүрэн үзэж нүд тайлсан л байдаг.Бодоод байхнаа Байгалмаагийн “Балай “,Гүнсмаагийн “Ёстой балай” чинь үүнээс л эхтэй юм билээ гэснээр эргэлзээ дагуулсан гурван балайгийн явдал үүгээр төгсвэй.

                         2010- 03 – 17.Лхагва.13.50.
                         Сөүл хот.

























                           “ Сэ “
                           
Òýìäýãëýëèéí дэвтрийн хуудсаа эргүүлж байтал Сэ.Думаа гэсэн нэр тааралдав.Олон жилийн өмнө юмдаа.Манай сургуульд газарзүйн багш ганцхан л Думаа байсан юм.Зан ааш эвлэгхэн.Мэргэжилдээ сайны тоонд л орно.
   Багш нар түүнтэй талархангуй харьцахыг бодно.Түүнд ч бас хүний анхаарлыг татах юм бий.Ахмад багш нарын ярихаар бол сүмбэ шиг гоо,сүү шиг хонгор шаргал царайтай нэгэн явсан л гэлцдэг байв.Биднийг танилцаж байх үед бол “Эвэр, сүүл нь тэнцүүхэн” гэдэг шиг л хаанаас нь харсан нэг их сайхан гээд шогшоод байхааргүй ч, муухай гээд зугтаад байхааргүй л бүсгүй байсандаг.Би “Сэ” гэж овгийн эхний үеэр нэрийг нь онцолсны учрыг олох гэж чармайлаа.Уг нь одоо бол хэнд ч , юунд ч хэрэггүй эд л дээ,гээд яахав, хүний хувийн л  шохоорхол юм байхдаа.”Сэ” бол миний санахад их сониуч хүн шиг санагдсан.Тийм дээрээс ч энэ бүсгүйн тухай дурсахад хүрсэн юм болов уу?
   “Сэ” өөрт заяасан царай зүснийхээ хэрээр ярианаас нь сонсоход бас ч цөөнгүй хүний анхааралд явсан бололтой байдагсан.Тэгж явахыгаа ч бахархах зүйлийг нэг гэж боддог юм шиг.Хүнтэй найзлахдаа өөртэйгөө эн зэрэгцэх хүмүүнийг олж нөхөрлөхийг санаархдаг бололтой.
   Төрсөн өдрийг нь нэг хоолны газар тэмдэглэлээ.Нэлээд хэдүүлээ байжээ.Дуулж, бүжиглэв.Дурсамжаа хуваалцав.Тэгтэл энэ үеэр утас нь хангинаад амраадаггүй.”Сэ” авснаа:
   - Одоо найз нь нэг арга хэмжээтэй байнаа.Аа,за.Тэгэеэ, тэгэе,орой очоё гэснээ утсаа тавиут хэн юу гэж ярьсныг сонирхоо ч үгүй байхад:
   - Чандгаа ярьж байна.Төрсөн өдрийн мэнд хүргэж байна.Орой бид хоёрыг гэснээ найз хүүхэн рүүгээ нүд ирмэж:
    - Орой хамтдаа ирээч гэж байна гээд л ер тоох ч үгүй ярьж байв.Тоох ч үгүй гэхийн учир нь бидний дунд “Сэ”-тэй танилцаад удаагүй залуу нь сууж л байгаа юм.Тэр Чандгаа гээд байгаа нь өмнө нь өөртэй нь сэтгэлийн холбоотой, юу ч гэхээр юм бэ дээ нуудгай нь ч байсан гэх юм уу даа, их л дотно байсан хүн.Тэгээд тэр хандаж яриад байсан найз хүүхэнтэй нь унтчихсанаас болоод тэдний нуудгайн холбоо тасарсан гэдэгсэн.Тэгсэн мөртлөө шинэ найзынхаа дэргэд хуучин пянз тоглуулаад л сууж байдаг.Би нэг номноос ч билүү? Юунаа с ч билээ нэг юмнаас эрэгтэй хүний сэтгэлийг татах арван арга ч билүү нэг зөвлөгөөнд:
   - Бүсгүй хүн, үерхэж байгаа хүнийхээ таалалд удаан байя л гэвэл хуучин амрагаа байн байн битгий дурс гэсэн үгийг уншсан санагдана.Тэгтэл “Сэ” үгүй шүү.Нэлээд хэдэн жилийн өмнө юмдаа.Намайг нэг зоогойд хүрээд ирээч гэлээ.Би яах юм бэ? гэсэн чинь “Сэ”:
   - За яавал гэждээ. Урьд нэг сургуульд ажиллаж байснаа дурсая.Бид ч бас сайхан байсан шүү.Тэнгэр бүрхэг байна.Шүлэг уншиж сэтгэлээ жаахан сэрээе л дээ гэхлээр нь шүлэг гэсэн сүүлийн үгэнд татагдаад дурдсан газар нь очив.Намайг очиход “Сэ”ганцаараа хоол захиалчихсан, аяга цай уугаад сууж байна.Бид хоёр уг нь удахгүй гэсэн боловч шүлэг сонсож, намуухан шиг ганц нэгэн дуу аялаж өдөржингөө, тэгж байтал дунд сургуулийн тавдугаар ангид суралцдаг хүү нь ирээд гурвуул орой болтол суулаа.Хүү уйдсан уу? яасан ийш, тийш гүйгээд явчихна.Энэ хооронд л нөхөр нь ойрхон шиг хөдөө явсан юм байна гэж ярианы нь өнгөнөөс мэдэв.Тэгж байтал утас дуугарахад авснаа:
   - Ï¿¿æýý ю¿? Найз нь сууж л байна.Цаадах нь хаана? гэж байгаа бололтой:
   - Аа,би энд нэг багштайгаа суузнаж байна.Тэгээд би...гэтэл хүү нь хүрээд ирсэн тул яриа түр завсарлав.Тэгсэнээ “ Сэ”:
   - Гурвуулаа хамт гаръяа.Миний таньдаг хүн хүргээд өгье гэж байна гэв.Би ч гэртээ дөхүүлүүлэх завшаан гарсанд талархан гадаа хамт гартал Ланд-100 хэмээх машин дэргэд ирээд зогссоноо хаалгаа онгойлгов.Машинд суулаа.Жолооч / машин барьж яваа болохоор нь ингэж нэрлэв/ “Сэ”-г бодоход нэлээд насжуу бололтой, гүжирдүүхэн улаан царайтай хүн болох нь машины гэрэлт харагдав.”Сэ” гэртээ очоё гэснээр 13 хорооллын эцэсрүү ирэхэд хүүдээ:
   - Батушаа буугаарай.Ээж нь До багшийг гэрт нь хүргэчихээд хүрээд ирье гэснээр хүү машинаас годхийн буув.Машин ч хөдөллөө.Замд ярилцах нь “Сэ” тэр хоёр багын амрагууд бололтой юм.Хүүгээсээ надаар хаалт хийж холдоод өөр нэг газар очих бололтой.
Би ийм л нэг хачин эмэгтэйтэй олон жилийн өмнөөс танилцсан юм.
“Сэ” гэдэг нь юу ч гэсэн утгатай юм бэ?Сэргэлэн гэсэн үг юмуу?Хичээл номд тийм байдал ажиглагдаагүй.Сэтгүүлч гэсэн үг юм болов уу?Сонин хэвлэлд түүний нэртэй юм нэг ч үзээгүй санагдана.Байдаг л нэг багш.
Сэхүүн гэдгийг үеийнхэн нь ингэж товчилсон юм болов уу? Харин энэ тун мөн байж магадгүй томъёолол болоод явчихлаа.
“Сэ” надтай төвийн нэг сургуульд багшаар очсоноосоо хойш бараг дуугарахаа больсон юм.Би эхлээд хамт байснаа бодож,бас хайшаа ч гэх юм бэ дээ жаахан тал олох санаатай ч гэх юм уу нэг хэсэг захиа бичив.Нэг ч хариу ирээгүй санагдана.Сүүлд гар утас хэрэглээ болсноос хойш мессеж гээч юм бичиж амрыг нь эрэв.Сураг ч үгүй.Тийн байтал би “Сэ”-д мартагдсантай адил би ч бас түүнийг мартаад өнө удсан цаг.Саяхан утасны дэвтэр эргүүлж байтал “Сэ”Думаа гэсэн нэрний ард утасны нь дугаар гарахлаар саваагүй зан хөдөлж хэдэн үг бичээд илгээв.Удаж төдсөнгүй шоррт гэх чимээнээр утсаа нээвэл мессеж.”Сэ”-ийн хариу. “...Сайн байна.Хэн бэ?...” Би өөрийн нэр хаягийг түүний олон жилийн өмнө арай дотночилон дууддагаар бичээд явуулав.
             Тэр дороо сураг гарсангүй. 
             Тэр өдрөө сураг гарсангүй
             Тэрний маргааш ч сураг гарсангүй
             Тэр жилдээн ч сураг гарсангүй.Энэ жил ч сураг гарсангүй.Энэ жил гэдэг нь “Хэн бэ?”гэсэн меессеж ирснээс хойш таван жилийн дараах өдөр л дөө.
 “ Сэ” гэж хэн байв.?Ер нь хэн байсан юм бол..?

                      2010 – 03 – 17.Лхагва.15.”37.              Сөүë.








           ЗЭРЭГЛЭЭ          
    Сэвжидмаа бодлоо.Зөв үү? Буруу юу ? гэж.Ойрноос тэдний сургуулийн нэг залуу багш түүнийг дагаад салахаа болив.Миний охидын хэрийн юм байж юун дэмий юм бодож явдаг юм бэ? гэхлээр:
   - Харин тиймээ.Би ч бас өөртөө хэлээд байгаа л даа.Тэгээд танай охидыг харах гэхлээр өөрөө л эхлэж харагдаад байгааг юу гэхэв? Ингэж хэлэхлээр нь бушуухан салахын түүс болж явдлаа түргэсгэн гэртээ гүйгээд ороод ирсэн нь санагдана.Ингэлээ гээд Адúÿà, бусад хэдэн юмнууд ороод л ирсэн.
   - Би чамд дурлаад гэнэ шүү...Өдий наслахдаа энэ үгийг сонсож хэн нэгэнд талархаж явсан өдөр ч бас бий.Харин энэ удаад Адилбишийн дагаж гүйгээд байгаа нь дэндүү тоглоом тохуу хийсэн үг шиг санагдав.Ингэж бодохтой зэрэг бүүр уур ч хүрэх шиг.
   Чингэтэл бас нэг Сэвжидмаа:
   - Заа, больж үз зүгээр.Дэнзэн гуай буруу дуулаагүй бол гэдэг шиг чи хэзээ нэг сүрхий болчихоо вэ?Ингэхэд ер нь аливаа нийллэг, цайллага, элдвийн уулзалтын дараа чи л хүнээр түшүүлж, тулуулж харидаг биз дээ?Тэрний чинь л гор гарч байгаа нь энэ биз.Харин зүгээр нөхөртөө баригдчихаагүй дээрээ хэрээ мэдэж хүний бага хүүхдийн толгойг эргүүлэхээ больж үз.Саяхан л зүгээр Химийн Норжинтой өдрийн амралтаар явахдаа нийтийн бүжиг тарсны дараа өрөөндөө ирчихээд:
    - Ёохх.Бүүр гараад нэг хатирчихмаар санагдчихлаа.Саяын залуу чинь бүжиглэхэд яасан ч эвлэгхэн, хөнгөн шингэн юм бэ?Залуу байхад чинь ингэж л явдагсан...хэн ингэж суулаа.Чи шүү дээ.Сэвжидмаа чи.Тэгж яривал Адилааг анх уруу татсан хүн чинь чи л байх шүү?
   Тэгсэн нөгөө Сэвжидмаа биеэ өмөөрч байнаа.Яаж? Би тэр хархүүг намайг дагаад гүйгээд байгаач гэчихээ юү? Таван үгний утга таахгүй, тарлан газрын цасыг тойрохгүй хэвтэж гайгүй ч байнаа...
Сэвжидмаа өрөөнүүдийнхээ хаалгыг татав.Бүгд,
Адилаа ч явчихжээ.Тэгэхлээр түүний надад дурлаад үхлээ гэдэг нь шал худлаа юм байна.Царай өгөөгүй минь ч болж.Ийн бодохуй саяхан түүнийг өвөр дээрээ суулгаад бэлхүүсээр нь тэвэрчихсэн суусан залууг өрөвдөх шиг болов.
   Бас түүний найзынх нь:
   - Өө үхсэн хойноо, сайхан хүүхнүүд гэдэг чинь огт дэмий байдаг юм.Хүн болгон нүдээ унагаачихсан,за энэ хүн л танихгүй байгаасай гээд нэрий нь дурдахад л:
- Тиймээ, мэдэлгүй яахав.Ах нь, андгай нь, найз нь эвлэж наргиж, эвхэж тавьж байлаа гэдэг юм хэмээн санаашрангуй өгүүлэхэд Сэвжидмаа ч бас энэ үгэнд хамаатай юм шиг бие агзасхийж байсан нь санагдав.Сэвжидмаа гэж дагаж гүйгээд байгаа хархүүд бол ахимаг,сэтгэлд нь үгүйлэгдээд байгаа хүний хувьд бол залуудах, хань ижилтэй нэгэн.
Аймгаас боловсролын байгууллагын оны ажил дүгнэж Сэвжидмаа оны хөдөлмөрийн аврага багшаар шалгарчээ.Аваргын үнэмлэх,энгэрийн тэмдэг, өргөмжлөлөө гардаж, үүнийг нь тэмдэглэхээр ажлын газрынх нь нэг зоогойд цуглажээ.Сэвжидмаа архи, дарсыг амсахаас үл хэтрэх боловч энэ удаад хэдэн хундага татав.
Энд ирэх ёстой нэг хүн байсан.Бүүр сэтгэлээсээ энэ баярыг минь хуваалцаасай гэсэн нэг хүн байсан.Тэр хүн ирсэнгүй.
Багш болоод хүртсэн шагнал бүхнийг тэр хүнтэй хамт байхдаа хүртсэнсэн.”Ардын боловсролын тэргүүний ажилтан”,шагналын гараа болох “Хөдөлмөрийн хүндэт медаль”, тэгээд зөндөө, зөндөө.Өнөөдрийн Аймгийн боловсролын байгууллагын оны аварга болоход ч тэр хүний сэтгэлийн дэм явж л байгаа.Ингэхэд ер нь яагаад тэр хүн ирээгүй билээ?
   - Тиймээ,би дуулгаагүй юм чинь яаж ирэх вэ?Гэхдээн л тэр хүн өнөө орой энд байх байсан юм.Адúÿà яахав.Ирсэн ч эс ирсэн ч.Харин тэр хүн л...  
    Хөндлөнгийн бэлд хэсэг адуу бэлчинэ.Хоёр, гурван ч азрага хэртэй адуу.Хамгийн захад хулсан шарга азрага адуугаа туух мэт араас нь дагаж чих нь хааяа нэг сортосхийснээ өвс хазална.Түүнээс наахна хар хул гүү.Хамсангийн хул гэх бие галбир зохицонги,хээл сайтай гүү.Сэвжидмаагийн бага охин энэ гүүний нуруун дээр гарч морь унаж сурсансан.Адуу тайван бэлчиж байв.Тэгтэл хаанаас ч гараад ирэв нэг хүрэн азарган үрээ хул гүүний хажууд ирж азаргассанаа урд хоёр хөлөө цоройлгон дээр нь мордоод авав.Хар хул хэд шаравганаснаа Азарган үрээний сэлдийний эрхэнд оров.Тийн байтал   шарга азарга хар хулруу нэг сүрхий харснаа чамд ч тэгж дээрэлхүүлэхгүй шүү гэх шиг чихээ хулмайлгаснаа хүрэн азарган үрээн зүг давхин ирж хөвчийн боохойн арьс хуулдаг цагаан шүдээрээ далан дээрээс нь тапхийтэл хазан маяаны нь арьсыг хуулав уу гэлтэй болоход тачаал, өвдөлт хоёрт автсан азарган үрээ ч чарлан , урт хар сэлдийнээс сэгсчсэн эсгэлүүн дарсны бөглөө мулт үсэрсэн мэт сүн   асгаран буув...Сэвжидмаа гэнэт овосхийн бостол юун хөндлөнгийн бэл, юун тэдний азарга адуу, юун хүрэн азарган үрээ байхав.Нүдээ сайн арчин харвал өвлийн шөнийн хоёр цаг болж байв.Өөрөө гадуур хувцастайгаа зүүрмэглэжээ.
   Түүний ажлын урагштай байх болгонд баярлаж явдаг насжиж яваа муу хань нь тайван нойрсож байна.
   Сэвжидмаа босож гал тогооныхоо өрөө орж хүйтэн цай балгав.Нутгийн зун, хөндлөнгийн бэлд бэлчих адуу зүүдэн зэрэглээний явдал байж.Харин Хул гүү, Хулсан шарга, хүрэн азарган үрээ яагаад зүүдэнд ордог билээ?
   Хорвоогийн амьдрал гэдэг хувь хүнийг төрсөн цагаас урс урссаар авч одох боловч урсан өнгөрөх хорм болгон нь сануулга, сэрэмж байдаг юм биш байгаа.


                            2010 – 03 – 18.Пүрэв.16.14.
                            Сөүл хот.
  













  
                      ШИНЭ ЦАГИЙН БААТАР                      
    Зарлиг гарчээ.Хажуу унасан тачирхан буурал халимагтай, тайгын хүнийхрүү жартгай нүдтэй эр улсын баатар болж гэнэ.Хоёр хүн ярилцах нь:
   - Яасан гэж тэр вэ?Мэдэхгүй ээ? Баатар л болох байсан юм байгаа биз.Нөгөөх нь:
   - Үгүй ээ, Ёоноо энэ чинь тайван цаг гээ биз дээ? Ёндон:
   - Тийм.Тэгээд яагаав? Асуулт өдөгч гайхашрах аятай толгой сэгсэрч:
   - Хүн бас элдвийн юм үзэх юм даа.Ёндон юу үзээв?Асуулт тавигч:
   - Би одоо энэ нийтээрээ амгалан байгаа цагт чинь Улсын баатар гэж юм гарахгүй л гэж бодоод байгаа юм даа.Тэгээд ч тэр улсын баатар гэдэг чинь эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан хүнд л өгч ирсэн байгаа юм.Чи наашаа ирээ.Энэ модон дээр суучих.Хоёулаа  янжуур татангаа хэсэг сууя.Тэгээд чамд хүн яаж баатар болж байсан тухай нэг түүх ярья.
   1971 онд Ардын армийн 50 жилийн ой гэж нэг лут юм боллоо.Тэгэхэд би “Улаан од” сонины сурвалжлагч байлаа.Ерөнхий эрхлэгч Жаðãàëûí Яíäàã гэж монхордуу хамартай,залуугийнх шиг улаа бутарсан царайтай биерхүү хурандаа байх.Намайг өрөөндөө дууджээ.Би ороод илтгэл хийлээ.Хурандаа болно.Сул зогс.
- За Мижид минь чи армийн 50 жилийн ойд ирсэн хоёр ахмад дайчин байгаа.Тэднийг сурвалжлаад ир.Магадгүй тэр хоёр чинь Улсын баатар ч болж мэдэх гавьяа байгуулсан улс шүү.Өөрсөдтэй нь уулз.Чөлөөлөх дайны үед гүйцэтгэсэн үүргийг нь өөрсдийнх нь амнаас сонсож,сэтгэлийн үгийг нь сонсох хэрэгтэй шүү.Тэрийгээ чи мэддэг юм байгаа биз.Ойлгов уу?
- Мэдлээ, хурандаа.Гүйцэтгэе.За яв.Ингээд Би гэдэг хүн ахмад дайчдыг сурвалжлахаар тэр үеийн барилгын цэргийн 047 анги руу туугаад очлоо.Жижүүрт уулзах хүмүүсийнхээ нэрийг хэлж ямар ямар өрөөнд байгааг нь сурвал жижүүр зочдын суугаа өрөөний нэрсийг хайснаа:
- Аа, нэг өрөөнд суугаа юм байна гэснээр би заасан өрөөнд яваад ортол хөдөөний гэж хэлэхээр үззүрсгэн дээлтэй хоёр өвгөн хуучлаад сууж байна.Би мэндийг нь мэдэж цэргийн сониноос сурвалжлага хийж яваа учраа хэлвэл арай толиотой тэгдгэр бор хүн:
 - За яахав, та нарт хэрэг тустай юм байвал яриаад л орхиёо.Бид хоёр чинь 1945 оны чөлөөлөх дайнд монгол ардын армийн алдарт ...р нэгтгэлийн ..р дивизийн хошууч Сосорын ангийн,нэг салбарын дарга,энэ маань ахлагч Дүүдэйгийн салааны  хөнгөн пулемётын туслах наводчикаар явж байсан улсдаа гэж ярьж байх зуур өндөрдүү нуруутай өрөөсөн нүдэндээ хориутай өвгөжөөр хүн:
 - Ахлах дэслэгчээ би түр гарчихаад ирье.гэв.Өвгөнийг гарсан хойно салбарын дарга ярьж байна.Намайг Ахлах дэслэгч Дамдинжав гэдэг юм.Цэргийн амьдрал гэдэг тодорхой хугацаанд алба хаадаг боловч нэг насаараа дарга, цэрэг явдаг юм байна.Саяын хүнийг Бямбажав гэдэг юм.Архангай аймгийн Цэнхэр сумын сүү тосны заводын эрхлэгч.Дайны үед өнөөх алдарт ахлагч Дүүдэйгийн салааны хөнгөн пулемётын наводчик Дампилын туслах байсан юм.Би одоо Булганы Ингэт толгойн сангийн аж ахуйн хоньчин.Хоёулаа л малчин, хөдөөний өвгөд болсон.Энэ хэд хоногт л эргээд дарга,цэрэг боллоо.Орж гарахад ор хураачих юм.Надад л үйлчлэх гээд.Юм юман дээр шүү.Бахархмаарч юм шиг.Эвгүй ч юм шиг.Тэр цэргийн сахилга гэдэг чинь цаанаасаа сэтгэлд шингэсэн юм байсан гээд ярьж байтал Бямбажав гуай орж ирэв.Дамдин:ав гуай:
 - За чамд дайны цагийн хуулиас ч гэх юм уу, болж байсан үйл явдлаас ганцхан зүйл цухас өгүүлье.МАХЦ-ын 8 –р дивиз Жанчхүүгийн даваанд давшилтад орлоо.Борооны ширүүн, эсрэг талаас японы мэргэн буучдын гал гэдэг урагш нэг ч алхуулдаггүй.Танкийн саадыг л гатлах учиртай.Тэгтэлчиг Дивизийн дарга хурандаа Нянтайсүрэнгээс хошууч Сосорын ангид,Хошууч Сосороос манай салбарт миний нэр дээр Би, ахлагч Дүүдэйгийн салаанд,ахлагч Дүүдэй  хөнгөн пулемётын наваодчик Дампил,Бямбажав хоёрт:
 - Дайсны мэргэн буучийг устгаж тэргүүн ангийн давшилтыг ханга гэсэн тушаал өглөө.Би салбарын даргын хувьд Дампил,Бямбажав хоёрыг харж байлаа.Тушаал авмагц хоёул боссоноо жаахан халгах янз ажиглагдмагц:
 - Эх орны өмнөөс байлдааны тушаал өгч байна.Байлдааны үед цэрэг хүн эргэлзэх битгий хэл,эргэж харах ч эрхгүй гээд хэлж дуусаагүй байтал Дампил,Бямбажав хоёрын хөнгөн пулемёт тачигнаад явчихлаа.
Дайсны гал зогссон байв.Анги давшиж танкийн саадыг гатлан ирэхэд наводчик, туслах хоёр дайсны мэргэн буучийг сөнөөгөөд Дампил нь японы нэг офицер дээр үсрэн очиж баривчлаад хүлж байв.Ингээд л дайсны мэргэн буучийг устгаж,чухал бичиг баримттай офицерийг олзолсон С.Дампил Өрлөг жанжны тушаалаар Улсын баатар цол,  түрүүч Бямбажав Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн юм.Бямбажав гуайг эрүүгээрээ зааснаа энэ бол баатар болох гавьяатай хүн шүү гэж билээ.Өгүүлэгчийн яриа дуусах үе янжуур хэдүй нь унтарчээ.Би:
- Уг нь ч нээрээн л хүн алсан хүнд, тэгэхдээ эх орны өмнөөс хүн алсан хүнд л баатар цол гардуулж ирсэн уламжлал ч бий л дээ.Манайд тайван цагт Ж.Гүррагчаа л сансарт ниссэн гавьяагаараа хэмээн хэлж дуусаагүй байтал асуудал сэдэгч:       
- За хэн мэдэх вэ? Одоо чинь эх орны даалгавар авсан цэрэг улсын хил дээр бие биенээ буудаад л энэ галт зэвсгийг чинь хэнд итгэж атгуулах болж байна.Юм ч их өөр болжээ.Аягүйтвэл тэдэнд хэлмэгдсэн тул Улсын баатар өгөх юм байгаа биз хэмээн ууртай өгүүлэв.
Би,Өвгөн минь болох, бүтэхгүй юманд санаагаа зовоогоод юү хийхэв.Зуны халуунд даралт хөөрчихнө хэмээн хэлээд босон завдтал саяхан ардчилсан ерөнхийлөгчийнхөө зарлигаар Улсын баатар цол хүртэгчийн инээмсэглэсэн дүртэй зураг бүхий алтан таван хушуутай сонины тасархай намар цагийн хуурай салхинаа сүр сар хийн хийсэн одох нь үзэгдвэй.


                           2010 – 03 – 19.Баасан.14.54.
                           Сөүл хот.

















                   НЭГЭН ХУРЛЫН
                   ХОЁР ТЭМДЭГЛЭЛ                       
Нэг.
    Араатны хурал болов.Хурлыг араатны хааны зөвлөх удирдлаа.Тэрбээр гулжиганан гарч ирснээ танхимд суугчдыг харцаараа нэг тойруулаад хэдүй сул дорой байдалтай суугаач Араатны хааныг олж харуут дотор нь амарсан мэт цонхин царайд нь туяа тусаад явчихыг өлөгчин чоно ажаатхав.Хөндлөнгөөс нь ажвал танхимд хохироогчид, хохирогчид хоёр хуваагдан суусан мэт.
Хохироогчид нь араатны хаан арслангийн баруун, зүүн суганд хавчуулагдсан лугаа адил шахцалджээ.Хааны зөвлөхүүд, түүний ивгээлд явдаг танхимын гишүүд хэмээх зальт үнэг, овт чоно,бас нэг хоёр сарьсан багваахай үзэгдэнэ.Хурал даргалагч хоолойгоо зассанаа:
- Сарьсан багваахай та хурлаас гарна уу?Бид араатны хурал хийж байгаа болохоос шувууны чуулган хийгээгүй билээ гэв.Танхимд архирах, хүрхрэх, хуцах, улих дуун сонсогдож үймэх аядсанаа:
- Талын хөх сарьсан багваахайн өөрийнх нь үгийг сонсоё л доо гэв.Архираан,хүрхрээн хэсэг намдсанаа ахиад л шуугиж эхлэв.Тэгж, тэгж Талын хөх зовлон үзсэн араатны хувьд саналыг нь харгалзах хэрэгтэй гэдэг дээр олон араатан санал нэгдсэн тул Сарьсан багваахай араатны төрөлд хэрхэн багтсанаа илтгэх болов.Сарьсан багваахай эхлээд хоолой нь сааралтаж цочирдох мэт болсноо:
- Ер нь харсаар байтал араа шүднээс эхлээд би бол араатан мөн.Эрдэмтэд ч ингэж баталсан байгаа.Хорин нэгдүгээр зууны үед жигүүр мэт өмссөн зүүсэнд орох хувцсаар гадуурхана гэдэг бол өнөөх их ардчилал ярьж байгаатай чинь таарч байгаа юм уу? тэгээд хэмээн илтгэхэд хохироогчдын дийлэнх бас нэгэн шинэ хамгаалагч гарч ирэх биш биз хэмээн хуралд оролцуулахаар болов.
Хохирогчид нь танхимын тэн хагасаас илүүг эзлэх зээрийн сүрэг байлаа.Яаж ч бодсон танхимд зээрийн сүрэг олон, хаанд илэрхий сүйтгүүлсэн нь ч мэдэгдэж байв.
 Гэвч араатны хааны зөвлөхийн хэлж байгаагаар зээрүүд өөрсдөө буруутай гэнэ.Яагаад гэвэл араатны хаан  болоод түүний шадруудын  гүнцгэнд өдөрт зуун зээр идэх ёстой.Түүнийг нь хэнийгээ эхэлж араатны хаанд идүүлэхээ өөрсдөө зүслэж өгөх ёстой гэнэ.Чингээгүйгээс нэгэнт өдрийн зоогийн цаг болоход өлссөн араатны хаан шадруудын хамт  аргагүйн эрхээр зээрийн сүрэг рүү дайрахад сүүлээ хазуулахаас эхлээд шүдэнд өртсөн нь хэргийг хэлэлцэх үндэсгүй гэв.
Сүргээ хядуулсан цагаан зээрийн ахлагч үй олон ижлээ хядуулсандаа харамсан уйлан орилон сүүлчийн үг болгож тайлбар хэлсэн ч хэдэн жилийн өмнө авилга авсан хэмээн шоронд орж хилсээр хохирсон араатны хааны ерөнхий хяналтын дарга, генерал- ирвэс тайлбарыг үгүйсгэснээр цагаан зээр үй олноор амь хохирсон, эрэмдэг болсон нь харин ч дахин олон, олон эрүүл зээрийн амийг өршөөсөн таатай явдал гэсэн дүгнэлт хийснээр хурлын ажиллагаа өндөрлөв.
 Хурлын тогтоолд:
    Араатны хааныг хээрээр гэр хийгч олноороо санал нэгтэй сонгодог учраас түүний гүнцгийг цагт нь бэлтгэхэд онцгой анхаарах.
Хэрвээ гүнцгийн цагийг хэтрүүлбэл зээр, гөрөөсний сүргийг хэдэн зуугаар дайрахад буруудахгүй.Энэ нь анх Араатны хаант улсад мөрдөх улсын хуулийг санал нэгтэй баталсан тул дахин энэ мэт хэргийг хэлэлцэх нэрээр хааны эрх сүрэнд халдахыг санаархахыг хатуу хоргилсугай.
Харин энэ өчүүхэн явдлаас үүдэн хааны сэтгэл санаанд гүнзгий хямрал үүсээгүй нь завшаан боллоо.
Өнөөдрийн араатны хурлаас Хааны амьд явах эрх, амь насны баталгааг хариуцах Додомдох зөвлөл байгуулахыг араатны хааны зөвлөхөд даалгасугай гэсэн тогтоол гарав.Хурал өндөрлөхөд сансандаа хүрсэн араатны хаан болон шадрууд архирах, хүрхрэх ,улих өөр өөрийн хэлээр сэтгэл ханаснаа илэрхийлэн хэхрэлдэж байхад хохирогч зээрийн сүрэг хэзээ цагийн үйлээр ийм тавиланд оноогдсоноо хэлэлцэн гаслаж,орь дуу нь тэнгэр, газарт багтахгүй сонсогдож байв.
 Ер орчлонд энэ мэт идсэн нь нэг замтай,нийлэх нөхөдтэй байхад идүүлсэн нь зогсох газаргүй,зовлогоо тасчуулсаар ирсэн нэгэн үеийг гаслантайгаар элээж,ирэх мянган үеийг галав юүлж төрөл арилжтал эдэлсээр ажрах амой.

                      2010 – 03 – 19.Пүрэв.21.00.
                      Сөүл хот.













                   ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР.                  
Хоёр.
   Араатны зөвлөлийн хурал эхэлсээр өдрийн талыг барав.Уг нь араатны удирдах зөвлөл дангараа хуралдсансан бол асуудал аль хэдийнэ шийдчихсэн байх амуй.
Ардчилал яригч араатны хаан урьдын шуугиан цуугианаар алдраа өргөж ирсэн туршлагадаа дулдуйдан энэ удаагийн удирдах зөвлөлийн хурлыг өргөтгөж зээр, гөрөөс,хулгана,зурам тэр ч байтугай жигүүртний төлөөллийг ажиглагчаар оруулж ертөнц даянаар алдар олъёо гэсэн нь хурал удах, эцэс төгсгөлгүй маргаан үүсгэх шалтгаан болов.
Хэлэлцэх асуудал юу байсан бэ? гэхлээр араатны өдүүлсэн хэргийг өршөөж байх, цаазын ялыг цуцлах тухай байлаа.
 Араатны хааныг хуралд хэлэлцэх асуудлыг сонсгож,хуулийн төсөл танилцуулсны дараа үг хэлэх саналтай араатны санал авах болоход урилгаар оролцож байгаа хулгана,зурам ярсхийтэл сарвуугаа өргөсөн нь маргаан үүсгэв.Хаан алинаар нь эхэлж үг хэлүүлье дээ хэмээн хуралд оролцогсодыг нүдээрээ эргүүлж тойруулж харснаа:
- За чи хэмээн бор огодойг заав.Эхэнд үг хэлнэ чинээн санаагүй бор огодой гайхазнахад хаан савраараа чичлэн:
- Чи,чи гэв.Бор огодой энгэрийн халааснаасаа нүдний шилээ гаргаж ирснээ:
- За би та олон араатныг хүндэтгэж байгаагаа юуны өмнө илэрхийлье.Бидэнд хүчитний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг хууль олон жил үйлчилж мань мэтээс эхлээд олон амьтас хилмэгдэж иржээ хэмээснээ ээрэн үгээ хэлж чадахаа больж муурах аятай болоход огодойн туслах гүйж ирэн суудалд нь суулгав.Бор огодойн үгийг орлогч хэмээн нэрлэгдэх тарган бор огодой үргэлжлүүлж:
- Манай тэргүүн та олон араатнаас сүрдсэндээ үгээ гүйцээгээгүй нь тун харамсалтай.Би ч бас энэ жишигт орж магад учраас бэлтгэсэн үгээ шуудхан уншчихъяа.
- Нэгэн үеийг бодвол цаг их сайхан болжээ.Бор огодой бид нарыг харсан нь үмхдэг, араатан, жигүүртэн аль арай илүү хүчтэй нь хилмэгдүүлсээр өдий хүрлээ.Үрэгдэн хэлмэгдсэн нөхдийн минь дурсгалыг хүндэтгэж хуралд оролцогсод босож эмгэнэл илэрхийлнэ үү гэхэд хэдүй аягүй байсан ч хуран чуулагсад ниррхийтэл босов.Орлогч огодой талархал илэрхийлээд бэлтгэсэн үгээ уншсанаас товтой ганцыг сийрүүлбэл:
- Зиа нөхөд өө, юм шударгаараа л байдаг юм бол энэ мэт онц чухал хуулийг хэлэлцэхэд ерөөсөө тал хээр, уул, усанд амьдрагч бүх амьтдыг хаан, харц гэлтгүй оролцуулж үг хэлийг нь сонсдог, хуулинд тусгадаг байх хэрэгтэй гэхэд урд нүүрэнд суусан үнэг эргэж харснаа:
- Энэ чинь хүний нийгэмд байдаг хуулийг ярих гээд байх шиг байна.Тэр чинь өөр шүү дээ.Араатан гэдэг чинь араатан.Байгалийн шалгарлаар л амьдрах, удмаа үлдээх тавилантай.Иймд өршөөлийн хууль, цаазыг болиулах гэсэн асуудлаа орхивол таарна.Жишээлбэл:Би амьд явах эрхтэй.Гэтэл энэ хуулийн төслөөр бол өршөөж, энэрсээр харангалж үхэх болж байна уу? Бас эрүүл энх цатгалан аж төрөх ёстой.Тэгтэл тэр огодой нарын гомдоллож байгаа шиг нэг хулгана үмхсэний төлөө цааз сонсох болж байна уу?Ерөөсөө хүчитний нь дэргэд хүчгүйг нь байлгаад ардчилсан сайхан хууль гаргана гэдэг худал зүйл.
Бид араатан юм чинь араатныхаа хуулийг л баримтлах ёстой.Араатны хаанд бол идэш тэжээлийн хязгаар тогтоогоод хэрэггүй.гэхэд зүүн урд булангаас:
 - Энэ өршөөл,цааз гэдэг чинь нэгэнт тавилангаараа бидний идэш болох учиртай амьтдыг зовоож тарчлаахгүй хүртэх тухайтай л холбоотой юм шүү дээ хэмээн ирвэс хүнгэнэв.
Хурал үргэлжилсээр л.Өршөөх дээр хүчит араатны хоол болдог хулгана, зурамнаас эхлээд зээр гөрөөс, зэрлэг үхрээс бусад нь санал нэгдэв.Яагаадвэ? гэхлээр байгалиас оногдсон тавилан ийм гэдгийг үндэслэж байв.Харин цаазлах ялыг хэрэгсэхгүй болгох дээр араатны хааны саналыг харгалзах болов.
Хэрвээ ингэхгүй бол хулгана,зурам, тарвага хүртэл хууль яриад оногдлоосоо зугтаах, хэл гаргах нигууртай гэв.Ер нь ч эрх чөлөө хэт даамжирвал араатны хаанаа хошгирдог, хошггоруулдаг гэхчилэн хоч цол өгөхөөс эхлээд, алуурчин талуурчин хэмээн хүний нийгэмд байдаг бусармаг ойлголтыг араатны хуулинд тулган оруулах магадлалтай.Араатан бол араатан.Ан амьтныг зовоож барина уу?Зугаагаа гаргаж барина уу? тэдний хэрэг.Тиймээс араатанг төмөр хашаанд хорих, гинжлэх,хөл, саврыг нь холгуулж тарчилгах, тэр ч байтугай буудан хороох нь араатны эрхэнд халдсан гэмт хэрэг хэмээн үзнэ гэсэн заалтыг цаазаас түдгэлзэх саналд тусгуулахаар болов.Үүнд хээрийн боохойн санал дэмжлэг авч улс улсын байгаль, ан амьтад, араатан жигүүртний онцлогт тохируулан хаанаа хүртэл тэр байдалд зохицуулан сонгох хэрэгтэй.Арслан, барс, ирвэс ихтэй халуун оронд араатны хаан арслан байх нь зүйн доторх асуудал байх боловч монгол шиг циркийн арслангаас өөр хүчтэн ховор газар хөвчийн хүрэн баавгайг араатны хаан болгож, циркийн арсланг хүндэт ерөнхийлөгч болгох зэрэг шинжлэх ухааны үндэстэй санал гарав.Хэрвээ тохиолдлоор циркийн арслан өтлөх зэрэг шалтгаанаар золгүй явдал тохиолдвол хүндэт ерөнхийлөгчийг аль ойр орноос урьж байх шийд гарав.
Араатны энэ хурлаас артааны талааргаргах өршөөлийн хуулийг батлах, цаазыг түдгэлзүүлэх талаар голч үндэслэлтэй ульсан талын хөх чоныг араатны хааны орлогч байх санал сүрхий дэмжлэг авчээ.
    
                           2010- 03 – 22.Даваа гараг.9.04.
                           Сөүл хот.



                            Шинжлэх Ухааны Гавьяат
                            Зүтгэлтэн,Доктор, 
                            Профессор,Отгоны
                            Пүрэв багшийнхаа
                            гэгээн дурсгалд.

            УРТ ШӨНӨ
           / Баримтат өгүүллэг/
 Өчигдөр бороо, цас холин ороол,шуураа л хачин баргар өдөр байлаа.Яг л миний дотор шиг.
Цаг хугацаа гэж.Дөчин таван жил болж шүү дээ.Зүгээр ч нэг дөчин таван жил бус ээжгүй болсоор, барааны газраас саравчилсаар тосдог ээжгүй болсоор өдий жил болж шүү дээ.Ээж минь намайг л гэсээр тэртээ давааг онь гартал ширтсээр суудагсандаа.Малчны хотноос гараагүй муу ээж минь ямарчиг аугаа,ямарчиг энэрэлтэй бурхан байсан юм бэ дээ?Ээждээ хэлэх үгээ хэлж, яаж ч байсан миний л ээж юм чинь хэмээн бардам бодож явсан өдөр ээжээс хойш ер нь таараагүй юм шиг санагдана.Сэтгэл нэг л эл хуль оргиод байхлаар нь эртхэн шиг орондоо ороод өнгөрсөн цаг хугацааг эргэж нэг бодлоо.Бодлоочиг юу байхав,нойр хүрэхгүй сэнсрээд л ирэхлээр чинь орон орчлонгийн олон юм бодогдоод,бодохгүй байя ч гэсэн сэтгэл эзэмдээд дуг хийлгэхгүй байгаа юм чинь.
 Ээж өөд болчихлоо.Энэ бол миний ээжтэйгээ ямарч нулимсаар уйлаад эргэж уулзахааргүй болсныг зарласан өнгөрсөн цаг, өнгөрсөн хорвоо ажгуу.Харин хугацаа гэдэг нь энэ олон жилд баярлахдаан ч ээжгүй, зовохдоон ч ээжгүй явсан он жил.Хүмүүн гээч амьтан ээжгүй болсон өдрөөсөө л хайрыг нь үгүйлж, ачийг нь санаж эхэлдэг тийм л нэг муу гэмтэй.Би ч бас л тэдний нэгэн.Хүнийг төдийгүй эргэн тойрноо, амьд байгалийг, ургаж төлждөггүй амьгүй байгалийг чиг хайрлах, халаглах сэтгэл үлдээгээд холын холд одсон муу ээж минь.Үр биднийгээ л ухаан суулгах гэж алс одсон шиг.Түүнээс биш үр хүүхэд бидэндээн тийм их хайртай байсан атлаа юу гэж дураар орхин одох билээ?Би энэ бодлоо таныг явсны хойтон жил хорвоод мэндэлсэн охиныдоо ч бус,гурван жилийн хойно төрсөн ач хүүгийнд чинь, таны төрж өссөн хотогойдын нэгэн хошуунд ч бус номхон далайн давалгаа намуун, намуун шидлэх их усны хөвөөндэх харь улсад хөлбөрөн хэвтэхдээн өөрөө өөртэйгээн хуваалцнам.
Таныгаа л эрсээр яваад энэ газар ирсэн юм шиг.Далайн зөөлөн уур, үе үеийн салхинаа элсээр өл халзан болсон сарьдгуудыг ширтэн хэдэн сар боллоо.Та бид хоёрын төрж өссөн Ямаат уулын л садан гэсэн үг дээ.Гагцхан Ямаатын уул улаан боржин ханантай.Эндэхийн уулс шохойн чулууных уу гэлтэй цагаан цагаан ханантай.
Тэр ханангийн хяр ирмэгт үүх түүхээ хуучлан суугаа өвгөд гэлтэй дөрөв, таван шовгор хадтай.Алсаас яг л өвгөн хад гэж нэрлэлтэй.Үлгэр, тууль хайлсаар чигтээ хад болсон өвгөд гэлтэй.Нутгийнхан Тубун хайрхан гэх юмаа.Энэ хайрхны өвөрт отгон ачийнд чинь таныгаа бодон, бодон хаврын дунд сарын шинийн наймны шөнийг чилээнэ гэдэг бэрх л байна.Тийн байтал:
       Талбайн шаргын. ташаанд нь
       Ташуур хаанаас хүргэх вэ
       Та нарын хэлсэн үгэнд нь
       Ташгай хаанаас байх вэ?...гээд л хангинаад явчихлаа. Би:
 - Дархад дуу дуулж байна шүү дээ гэж хэлж байгаа минь дуулдах сац тэр дорхиноо л:
 - Эвий, эвий.Багш минь л дуулж яваа юм байна шүү дээ гэж хэлж дуусаагүй байтал харааны нилээн зузаан шилтэй цагаан шар хүний царай нүднээ тодрох нь намайг 10 дугаар анги төгсгөсөн багш минь байлаа.Багшийнхаа царайг хараад юу билээ хэмээн санавал энэхэн зуур би зүүрмэглэсэн болоод явчихав.Тийм л дээ ангийн минь багш гэж манай ангийнхныг номын зүг явах нэгний нь авьяасыг тэр багад нь үлгэрлэж өгсөн нэг ачтан байсан нь өнгөрсөн өвөл тэнгэр болоо л доо.Өөд болсныг нь мэдсэн ч үгүй.Баадай эгч л утсаар ярихдаа:
- Тэр маань явчихаж дээ.Би:
- Яанаа, хэзээ тэр вэ? Өө, бүүр өвлийн дунд сарын арван тавдаар. Ач охин маань л ажил явдалд нь оролцлоо гэж байсан.Ийм л мэдээ сонслоо.Тэгтэл ус нутгаасаа мянганы алсадТубун хайрхны өвөрт тэнгэр болсон ээжийгээ дурсан сэнсэрч, зүүрмэглэж сэрж, зүүрмэглэж сэрж байхын нэгэн чөлөөнд багш минь зүүдэнд ирж байдаг.
 Хүний хамгийн хүнд үед нь ээж, багш хоёр хардаг юм болов уу? Намайг хардаг хоёр минь увж цуваад тэнгэрийн орноо одсон болохоор л тэндээсээ харан сэтгэлийн үгээ шившин шивнэж байгаа ч юм болов уу?
 Ийн санахул, цүнх дүүрэн номоо баруун гартаа бариад бөгтийсхийн, тэмээн алхаагаар алхалж яваа багшийн минь сэрүүн тунгалаг цагийн дүр сэтгэлд ургавай.
  Багшийн минь эрдэмд хандах зүг их багад тодорсон гэдэгсэн.Дунд сургуулийн ахлах ангид сурч байж л дээ.Хичээлтэй байтал гэрлийн монтёр хана өрөмдөн цахилгаан утас оруулж ирэхэд ангийнхан дотроос багш минь л ганцаараа:
 - Коммунизмын гэрэл орж ирлээ гэж хэлсэн гээд л үеийнхэн нь домог шиг юм хүүрнэдэгсэн.Уулзах болгонд яриа маань аяндаа эрдэм номын зүгт нэг л мэдэхэд хандчихсан байна.Багшийнд золгож очлоо.Зун, намартаа уулзаагүй юм.Багш:
- Шавь минь энэ зун хаана зусавч?гэж байна.Би:
- Хатгалд зуслаа.Багш:
- Айлд зусаа юу ч?Би:
- Аа, тэнд нэг зуслантай болсон юмаа.Багш:
- Хаахна нь танай зуслан байнав?Би:
- Цахирын үзүүрт гэвэл багш сая нэг хариулах үгээ олсон юм шиг залгаж зуслангийн байшин байгаа газрын байр байцыг тодруулах мэт хэдэн асуулт тавьсанаа:
- Аа,тэнд чинь монголч эрдэмтэн А.С.Бурдуковынх 1921 оны зун байсан юм.Мөн тэр үеэр Ардын засгийн газраас Хөвсгөл урианхайн хязгаарыг засан тохинуулах сайд Чагдаржав Элээскийнд очсон байдаг. Бас Ардын хувьсгалын удирдагч жанжин Д.Сүхбаатар Элээск оросынд хоёр хоносон мэдээ бий гэв.Би:
- Та тийм гэдгийг яаж ингэж баттай хэлж байгаа юм бэ? гэхэд минь
Багш:
- Би чинь 1955 онд Багшийн Дээд Сургууль төгсөөд Хатгалын дунд сургуульд түүхийн багшаар ажиллаж байхдаа хүүхдэд ховор дурсгал олж ирэх даалгавар өгөхөд тэд нар Элээскийн байшингийн суурин дороос оллоо гэсээр 1870 – аад онд Орос улстай дипломат харилцаатай байсан дэлхийн улсуудын элчин төлөөлөгчдийн зурагтай цомог авчирч байсан энэ л дээ хооё гэснээ доорогш тонгоймогц тэр эрт цагийн гэмээргүй өнгө будгаар ялгарсан цомог гаргаад ирж  билээ.Багш маань ийм л барим тавим юм ярина.
  Би багштайгаа ер нь хамгийн сүүлд хэдүйд уулзлаа?
  Цагаан сараар золгож очих үед юм байна.Багш “Хар дархадын түүх” номоо бичиж байсан юмсан.Тэгээд хэлж байна.
- Энэ ч миний хамаг сүүлийн ном болох биш үү хоё?Тэгэхэд багшийн бие харахад эв эрүүл хүн шиг байсан.Би:
- Ийм бэлгэтэй өдөр юун тийм юм яринавт.Багш түүнийг сонссон эсэхийг мэдэхгүй.Ер сонсоогүй юм шиг л:
- Номын хамгийн эгзэгтэй хэсэг нь Хотогойдын Чингүнжавын бослогын дархадтай холбогдох хэсгийг яаж бичих вэ?Түүхэн баримтыг дагах нь ч дагана.Баримтаас бас ургуулж бичих юм гарна.Түүх гэдэг чинь баримт, ургуулах сэтгэлгээ хоёрын зөв зохицол л юмуудаа.Түүнээс биш харагдаж байгаа баримт ч тэр аяараа үнэн биш.Түүхэн үнэнийг л бүрдүүлэхэд үндэс нь болж байгаа юм.гэснээ хожим хойно Хотогойд, Дархад хоёр эвдрэлцээд байхааргүй юм хийхсэн гээд бодолхийлж байсан тэр төрх нь сэтгэлд үлджээ.  
  Тээр нэгэн намар цаг эрдэм шинжилгээний бүтээлээ туурвиж байсныг тань мэдэх арван найм,есөн насны шавь нар чинь эдүгээ өсөхийн давааг даваад, өлчирийн харгуйг засаад, өтлөхийн хяр дээр амсхийж суугааг өвгөн багш минь хараад юу бодож суугаа болдоо.Нойр нэгэнт хулжжээ.Багш минь онгодтой л нутгийн хүнсэн.Тэнгэр, онгон нь хүслийг нь гүйцээх гэж орон гүрнийг хэсүүлэн, хөрстөд байхдаа гүйцэлдүүлээгүй оюуны эрлийг нь гүйцээх гэж дагшин, догшин орноор хэрэн хэсүүлдэгчиг юм билүү, хэн мэдлээ.
   Цаг харахуйяа үүр цайх болоогүй л байлаа.Зарим шөнө урт гэдэг нь дэндүү.

       2010 – 03 – 23.Мягмар гараг.13.13.
Сөүл хоò.

No comments:

Post a Comment