АЖАА
Үүл ороож, будан савссан хангайн зүүн гүвдээ дээгүүр
хоёр морьтон гарч ирэв. Нэг их довтолгохгүй морьдын сүүл хөдөлгөх
төдий явааг бодоход яарсан ажилгүй улс ч юмуу, явдал замд дайралдаад уулзсан дээр хэдэн үг
сольж авая гэж бодсон ч юмуу, холоос хараад хэтийн зорилгыг нь тааварлах аргагүй. Ээж л өглөөнөөс хойш тоос шороо,
хог богоо цэвэрлэж
- Өнөөдөр чинь зуны
эхэн сарын шинийн арван таван биздээ. Муу дүүгээс минь хойш жилийн жилд наашаа зүтгэдэг ганц охин,
хүргэн хоёр нь хүрээд
ирж мэднэ хэмээн хөл нь хөнгөрөөд байсан болохоор уулын мухарт суугаа би нүдний
зугаа гаргаж ийш тийш дуран сунган байтал хоёр морьтон хараанд туссан хэрэг. Дурангаа дахиад нөгөө хоёр морьтон руу хандуултал туулай чихтэй өндөр хээр
морины дүүхэлзтэл хатируулах, шагайн чинээ хул морь бөмбөрүүлэн тэшүүлэх нь яах аргагүй
манайхыг чиглэсэн золгуучин гэдгийг хэлээд өглөө. Ээж минь эцэг, эхээс
оонын эвэр шиг хоёулан, дүүгээс гарсан ганц хүүхэн нь ус нутгийн
аяыг бус учирч түших ханийн аяыг дагаж бараг дөрөв, таван өртөөний цаана суудаг болохоор
дүүгээсээ хойш тэр муу зээгээ санан хэлээширч суудаг болсон юм.
Ажаа минь аав.ээжийгээ
байхад ээжтэй тэгж их сүжирч байсныг нь мэдэхгүй ч ойрын хэдэн жил бие биеэ
санах нь хэтэрхий. Би нэгэнтээ:
- Ажаа,
та хоёр ингэж биенээ
санаж суухаар нэг бол манайх тийшээ, үгүй бол хүргэн ахынх манай суманд шилжээд ирж болдоггүй
юмуу? гэхэд ээж мэлмэлзтэл асгаруулснаа:
- Хүний ааш барагдах
бишдээ. Ойр байж үнээ барж сууснаас хол байж хааяа
хааяа уулзаад цээжний бэтгээ онгойлгож байх жаргал байдаг юмаа гэж билээ. Түүнээс хойш би ч мартаж, ээж ч дүүгээ
саналаа барилаа хэмээн дахин нулимс унагасангүй байсаар жил тойрсноо өнөө
өглөөнөөс л хөл хөсөөн болоод унасан юм. Дахин дурандвал морьтон бүүр ойртжээ. Мөн байна. Дурангийн таталтад ажаагийн жижигхэн цагаан гарт морины жолоо,
цулбуур атгаастай,
тийн атлаа хүргэ ах руу хазайн нэг үг хэлэх мэт болохуйяа хүргэ ах туулай
хээрийнхээ жолоог татаж ирээд л хэдэн үг хэлэх нь их л найрсуу явааг илтгэнэ. Ажаагийн минь ар далруу асгарах алд хархан
гэзэг сайн харагдах болоод ирэхэд, надаас арваад ах голын залуус эгчийн минь
гэзэг,
хацрын зүүн хонхорхой,
бас түүний дээхнэ
товойх хар мэнгэний тул намайг мөнч олон дуудуулсан нь санаанд ороод ирэв. Тийн хамгийг хараачлуулсан эгч минь нэг л
өглөө урьд нь хаана нуугдаж байгаад гараад ирсэн юм бэ? гэмээр цээж өргөн, мөр тэвхгэр залууг дагуулж гэртээ хэд
үзэгдээд голынхныг горьдоон зүрхийг нь базлуулах шиг болсноо намын давааг
намрын даваатай хамт даваад арилж өгсөнсөн. Тэгэхэд л яг энэ шагайн хул морьтойгоо бөмбөртөл тэшүүлсээр
гараас нь хөтөлж өссөн намайг ч санана чинээ бодолгүй, ганц юм гэж бөмбөрүүлсээр суудаг ээжийгээ ч
бодолгүй энэ хархүүг дагаад гарч өгсөн юм. Эгчийг явсан орой
манай голын дүрлэн Намжаа бүүр намайг гэрээс дуудаж ирээд л:
- Миний дүү эгчдээ
ахыгаа сайн танилцуулаад өгсөн бол өдийд чи эгчийгээ санан асгарууулж, ах нь ч
юу гэж ганцаараа юм шиг дотор үймэрч суухав гэж учирлаж байсан нь санагдаад
явчихав. Гэтэл худлаа юм билээ. Тэр орой тэгж учирлаж явсан Намжаа хаанаа
хадгалж.эгчийн минь хаагуур уулзаж ижилдэж явсан юм бэ? бараг л нэг хоёр сарын дараа байх манай
дээд голын залхуу Гомбын тээхний гонжгор Должинтой гэр бүрлэгийн
найр хийж голынхны
нүдийг бүлтийлгэж, чихий нь дэлдийлгэв. Дүрлэнгийн учрыг олдоггүй юм. Хожуу бодоход зам дээр хэвтсэн сувдыг
зайлахгүй юм шиг санасаар харьд алдсан өөртөө гомдсоноос зориут Должинг сонгосон
шиг. Эсхүл манай голд ерөөсөө ганцхан сувд нь
ажаа байгаад өөр юмгүй болохоор тийн гэрлсэн ч байж мэдэх юм.
Дахин харахнаа нь одоо
ажаа, хүргэ ах хоёр бүүр хаяанд тулж.ээждээ л золгуучин хаяанд ирснийг дуулгах
үлджээ. Би ажаагаа гэрт гадаа их дагасан юмаа. Аргалд ч дагуулна. Тугалд ч дагуулна.Тийм болохоор би ажаагаа
хол явсан хойно нэг хэсэг их санасан. Нагац эгчийгээ гэнэт өнгөрснөөс хойш хүний үр эцэг эхээс хол
байна гэдэг ямар бэрх юмбэ? гэдгийг ажаагаа ээжээс
минь зуурчихаад орь тавьж байгааг харж мэдэрч билээ. Ажаа минь нутагтаа байхдаа их дуулдаг хүн
байж билээ.
Тэр өглөө явахдаа
намайг тэвэрч баахан зогссон. Тэгсэнээ намайг хүзүүдэж байгаад л эвий
миний муу дүү. Чамаасаа ч яаж холдоно. Муу ээжээсээ ч яаж хол явна гэснээ хоолой
нь зангирч:
Хажуулаа газар ургана
гэдэг нь ээ хө
Хайлаасаа модны жам
юмаа хө
Харийн газар очиноо
гэдэг нь ээ хө
Бүсгүй хүний заяа юмаа
хө.. .гэж ирээд л дуулж билээ. Ажаа минь ер нь тэр
өглөөнөөс хойш ахин тэгж сэтгэлээсээ догдолсныг нь мэдэхгүй юм. Харсаар байтал л хувирах.хайрласаар байтал
л өтлөх хорвоог яалтай ч билээ. Ажаагаа намрын тэр нэг
өглөө доголон нулимстай үдэж байсан би хоёр хүүхдийн аав болчихсон хол ойрын
явдлыг ухаарвалч ухаарах насны цаана гарчихсан явж байдаг. Муу ажаа минь тэр жил аавынд нэг дайралдахдаа улс гарах орохын хооронд муу ажаа нь
яахав дээ, цаг цагаар ухаарч явнадаа гэж хэлэхдээ
хоолой нь хачин сааралтаж ирээд хэлж билээ. Тэгээд би бодсон юм. Тэр хаяаны дүрлэн Намжаа ч, тэртээ холоос ажааг минь бараг
нэг л өглөө хүрч ирээд аваад явчихсан хүргэ ах ч ажаагий минь хэлсэн шигээ
жаргаагаагүй л болов уу?...жаргаагаагүй л болов уу? Би ч бас хүний үрийг яаж л
яваа билээ...? Аав, ээжийнх нь гар дээрээс авснаасаа хойш дээгүүр нэгэн явуулж
байгаа билүү? Дэнтэй дунтай өдөр төөрүүлж яваач билүү?
…Ийн бодтол зуны үдийн
гал халуунд гэрийн хаяанд нозоорч хэвтсэн соотон пөн пөн хуцах аядахыг харвал
хос морьтон хэдийнээ уяан дээр иржээ. Ээжээ:
- Өөв,
юу гээвээ? Би:
- Хүргэ ах. Ажаа хоёр... ээж миний хэлснийг дутуу сонсов уу, яав?
Юу юу хоёр гэнээ? Тайлбар хэлэхийн зуургүй ажаагийн яг тээр
жилийнх шиг хацрын хонхорхой нь тодрон тодрон алхлах.бас өнөөх алд хархан
гэзгэнд нь унасан нэгэн хоёр мөнгөн саваа, ээжийн минь хөлс асгарсан нүүр,
хорвоод ганцхан зээгийнхээ зүг яаран сандчин зүтгэлэх дүр...ийм нэгэн зураг. Хүргэ ах минь сайн л хүн. Гэхдээн л ажаагий минь ээжтэй нь л лав
уулзуулаагүй. Хүргэн ахын буруу ч биш байсан байх л даа,гэхдээн л, гэхдээн л... хөөрхий муу ажаа минь зовж явдаг юм болов уу? Жаргаж суудаг юм болов уу? Учрах, угтахын золгоог харж зогсох мөчид уяан дээрх морьдын шилгээх
дуулдав. Ажаагийн морь шилгээв үү? Хүргэ ахын морь шилгээв үү? Ямарч байсан морь шилгээх халз баяртай л гэдэгсэн. Уймарсан ээж.уярсан ажаа хоёр минь нэг үеэ
бодоход уужирцгаагаад ирсэн зочид үүдээр орж явна. Би яагаад ч юмбэ, зогсоод л баймаар. Бүүр гадаа зогсоод л баймаар.
Дөрөө ханхийх дуулдав. Харвал дүрлэн Намжаа арâан дэлхий дээр
гишгэж яваа шиг энд нэг, тэнд нэг гишгэлж явна.
Ороо саарал морь минь
Орчлонгоос юундаа зугтаа вэ
Одны гэрэл дүү минь
Надаас юундаа...ааа ааа... гуйвалсаар
хаалганы бариул тэмтчинэ.
2007-03-03 буюу хаврын тэргүүн
сарын шинийн 1-ний өдөр.
15.00- 21.00.1-р хороолол 20- 3- 94 тоот.
ШУУГИАД ӨНГӨРДӨГ
ОРЧЛОН
Найр ид дундаа орж
байлаа. Өдрийн өнөөх олон улс уван цуван гарсаар
шингэрчээ. Миний нөхрийн хэлдгээр ёстой энэ орой л ууж
авая гэсэн нэг нь, эсвэл бүүр яахаа мэдэхээ байсан нь үлджээ. Хэдүйдээ ороод ирсэн юм бэ ? манай хөршийн
гэргий улаа бутарчихсан янз янзын л юм яриад байгаа харагдана. Тэгсэнээ хүний дээдтэй учирч л явсан юмдаа
гээд бүүр асгартал уйлав. Жирдээ бол ер ингэх хүн бишсэн. Сэтгэл нь их долгилжжээ,
янз нь. Тэгсэнээ дахиад л:
- Дайралдая гэхэд
дутаах хэрнээ давсан хойно нь дагахсан гэх хорвоог яахав, та нар аан...Худлаа
шүүдээ, худлаа.үхсэн хойноо, нэг их хайр майр гэж дэмийрцгээж гэнэ. Бүсгүй хэсэг унасан унтсан алин болох нь
мэдэгдэхгүй байснаа дахиад л давсан хойно нь дагахсан гэх хорвоо.. гэх үгээ
давтав. Бид хэд дүнгэр дүнгэр хийж, бүсгүйн жаахан
сэргэх аясыг харж ганц нэг хундага хөнтөрч суутал:
- Аль Ядам чи гараад
дуудаад орхи,
чиний л үй зайгүй найз
гээ биздээ. Тэр муу. Би ч бас үргэлж ийм байгаагүй юм шүү хэмээн агсамнах янзтай
болов. Тэгээд шүдээ хавирч:
- Хүн гэдэг амьтан
чинь сэтгэлээрээ жаргадаг болохоос хөрөнгөөрөө жаргадаггүй юмаа...бүсгүй дахиад
л чимээ алдрав. Харин энэ үөс саяын үгийг сонсуут сэтгэлд
манай нутагт болсон нэг явдал санаанд сэрхийгээд ороод ирлээ. Манай голд Ёндонгийнх гэж сайхан эхнэртэй,
олон хүүхэдтэй нэг айл байлаа. Гэргийг нь Гүндэгмаа
гэнэ. Цагаан шаргал царайтай, сайхан сэтгэлтэй хүн байсан санагддаг юм. Лав л хүүхэд биднийг яаж дүрсгүйтэж байсан
загнана гэж байдаггүй, муухан инээмсэглээд л сууж байх, хүүхэд шүүшүүр горьдоод ороход удаж төдөх
гэж үгүй гар дээр ааруул хурууд, юу л байгааг тавьдаг болохоор бид Гүндгээ
аажаа гэж дуудацгаана. Одоо бодоход Ёндон гуай Гүндгээгээс олон ах байсан байх. Гуулин толгойтой, ороход нэг бол юм бичиж,
үгүй бол хавийн айлын
гуйлга байхдаа явган ширээ мэтэд хээ тавьсан шиг суудагсан. Манай голд хоёр Гүндэгмаа байсан болохоор
хүүхдүүд бид том,
бага гэж ялгана. Хоёр Ãүндгээ биднийг гишүүнд их дагуулна. Бага Ãүндгээ болохоор бяртай ч хүн байсан
юмуу модны хамаг хуурай гишүүг хайнагийн шаранд ачсан юм шиг л үүрдэгсэн. Том Ãүндгээ насаар ах ч туранхай цүүргэрдүү
болохоор өөртөө л таарсан гишүү үүрнэ. Гишүү цуглуулж яваад ирэхэд хоёр аажаа нулимсаа арчиж суух нь
энүүхэнд. Бид тэдний яагаад модонд ирж уйлдгийг үл
мэднэ. Гэртээ бол тас тас хөхрөлдөөд л. Харин гишүүнд явахдаа юмуу гэртээ ганцаар
байхдаа:
...Шарын өндөр
модондоо
Шазгай юундаа суусан
юм бэ?
Шарнууд нутгийн хүүхэн
би
Шартай юунд л суусан
юм бэ? чингээд нүүрээ арчих шиг болох. Харвал нүд нь нулимстай байдагсан. Ээж, аажаа нарын ойр гарч явахад хөөрхий энэ муу
холын хүн шүүдээ. Ёндон л цэргээс ирэхдээ олж ирээд
...гэсхийгээд чимээгүй болцгоох.
Тэгтэл тэр нэг зун их
хачин юм болов оо. Айлууд сүүний тасаг руу нүүцгээв. Аав, ээж хоёрч тасаг руу нүүж би буурай
аав.хэдэн дүүтэйгээ нэгдлийн 650 гаруй хонь сааж, сааль сүүгий нь авахаар зусландаа үлдэв. Тэр үед хонь хоёр саана. Зуны халуун, хонины олон гэж. Буурай өглөө морио эмээллүүлж аваад л
сүүний тасаг руу доод саахалтын Õавтгай гуайтай нийлээд арилж өгнө. Өдөржингөө сураггүй, бүүр оройны хонь
саагаад дуусаж байхад үдшийн бүрийтэй давхцах мэт бараан морьтой хоёр хүн
гүйхээрээ гарч ирснээ нэг нь доод хотруу, нөгөөх нь манайх руу харваж ирнэ. Буурайгийн надтай хонь саах ч нэг иймэрхүү
л зуслаа. Харин нэг өдөр буурайг сүүний тасаг явсны
дараахан Гүндгээ, хар саарал морьтой хар нүүртэй хүнтэй ирэв. Эхлээд харахад тэр хүний шүд нь л гялалзаад
байж билээ. Гүндгээ эгч өдрийн хонь саалцав. Би ч ажлыг минь хөнгөлөлцөж өгч байгаа
болохоор дэгдээд л. Гүндгээ цай ууж, хонь сааж, заримдаа хар нүүрт гуай хавханд орсон ганц нэг
тарвагыг минь өвчиж, тогоонд ус хийн чанадаг болохоор таатай. Энэ хоёр гэм нь нар ханын элэг өөд өгсөх
хэрд л яваад өгнө. Буурай нэг өглөө:
- Өчигдөр манайд хэн
ирээ вэ? гэж байна. Би том Гүндгээ эгч ирсэн гэвэл,
буурай:
- Ганцаараа явна уу?
Энэ ч таагүй өнгөөр асууж байна гэдгийг мэдэрмэгц дотроо Гүндгээ эгчийг өмөөрөх
нэг муу санаа төрж:
- Тийм,
үгүй ээ гэж ээрэхэд
Буурай:
- Хар нүүрттэй л яваа
биз хэмээн дурамжхан хэлэх сîнсогдов. Тийн буурай сүүний тасаг руу өдөрт өнжиж, Ãүндгээ эгч.хар нүүрт гуай хоёр надтай хонь
саалцаж, аз таарвал хавхны ганц нэг тарвага гоочилсоор нэгэн зуны нар хэвийлгэж
намрын халуунтай золгох үест хэрэг мандав. Гүндгээ эгч.хар нүүрт гуай хоёр оргожээ. Голын эгч нар ярих нь их хол яваа байх. Хөөрхий муу Ёндон баахан хүүхэдтэй хоцорлоо гэнэ. Харин тэдний дунд Ãүндгээг өмөөрөх хоёр хүн
байсны нэг нь авга эгч. Авга эгч Гүндгээгийн тухай таагүй яриа гарах бүр:
- Болж,
болж муу Гүндэгмаа
олон жил энэ айлын боолын боол, бохирын нь жийрэг болж явсан юм. Юу ирнэ, хэзээ жаргаана байгаа гэж Ёндонг
харж суудаг юм. Дагасан хүн нь л гайгүй юм байгаасай гэх. Нөгөөх өмгөөлөгч нь би. Зунжин цай цүйгээ хувааж саалийн хамжаа эгч
минь нэг үзэгдэж дуу шуугүйхэн тарвага өвчих хар нүүрт гуай бас харагдах сац
хаана явдаг бол? Аягүйтвэл сумын төвийн баруунтаа хөхрөн
хүглийх Их уулын агуйд хоргодож байгаач юм шиг санагдана. Яагаад тэр билээ гэхлээр манай нутгийн нэг
эр шоронгоос оргоод тэр ууланд бүгж байсан. Сайхан хул морьтой гүйхээрээ агуй руу ордог,
баривчлахаар зэхсэн
отооныхныг хүүе хаая гэхийн зуургүй алга болдог гэсэн яриаг багадаа чих дэлссэн
болохоор хар нүүрт гуайг аягүйтвэл тэр сайн эрийн нэг гэж бодсоноос үүдэлтэй
хэрэг.
Тийн нэг намар манай
саахалтынхан Ãүндгээ эгчийн тухайд хэсэг шуугин завдсанаа ажилдаа дарагдсан
уу.угаасаа юм тэгэсхийгээд мартагддагийнх уу нам жим болов. Харин олоон жилийн хойно нэг сонин
юм дуулдсан нь Гүндгээ
эгч Сэлэнгэ аймагт Шаамарт ч билүү байна гэнэ, хар нүүрт гуайтайгаа ханилаад үр хүүхэдтэй
өнөр өтгөн айл болж гэсэн сураг дуулав. Тэр үед би хавчмал хорин настай байсан болохоор аргаүй
сэтгэлийн үр л тээр хол очиж соёолждээ гэж бодогдсон. Авга эгч минь, миний нэг дүүг баахан халмаг
шиг ирээд:
Өлөөр гойрсон моринд
нь
Өвстэй хангай хаана
вэ.хооё
Өнчин ганц л биенд нь
Өргөмжтэй хань л хаана
вэ? хооё хэмээн гэгэлзүүлж авгайгаа хаяад явчихлаа гэж уйлан дуулахад нь: Ёо, урсмар гэж...
- Эр, эм хоёр салах нь байтугай эрүү,
толгой хоёр салдаг
орчлон. Чи яасан хат нь үхэж хийморь нь уруугаа харсан лүд вэ? гэж ирээд
л бууж байсансан. Авгынхаа хэлсэнд чангарсан уу яасан бэ?
өнөөх түрүүхэнд уйлан гэгэлзүүлж ирсэн дүү минь сартай хүрэндээ мордуут:
...Хэлээл намайг яахав
дээ
Хэсэгхэн шуугиал өнгөрнө
биз хэмээн дуулан одохуй давхиа морины туурай дэлхий бөмбөрдөн алсалсан нь үе
үехэн бодогдоно. Нээрээн чиг хэсэгхэн шуугиа л өнгөрдөг
орчлонд Гүндгээ эгчийн хувьд буруудсан нь л лав үгүй. Хаяанд ирсэн хайрыг харьд эдлэж жаргасан ч
юм билүү,
хэн мэдлээ. Өөрөө сонгосон зовлон жаргал болдог гэдэг ч
нэг үг байдаг.
2007- 02-17.
Битүүн. Ням гараг.
ХЭЛ
Нэг харвал цонхны
ирмэг дээр болжмор сууж байна. Хошуугаараа өд сөдөө
янзлах юм. Эхлээд би нэг их анзаарсангүй. Тэгтэл жийв, жийв жиргэхлээр нь тэсэлгүй харав. Өнөөх жижигхэн дүгрэг нүдээрээ миний
хөдөлгөөн бүрийг ажаад байх шиг. За энэ ч яахав хот, хөдөөгийн аль болжморыг хэлж барах вэ? Ямар болжмор харах гэж энэ газар ирсэн биш. Бичиж байгаа юмаа овоо урагшлуулаад цонхруу
харвал өнөөх болжмор нисчихээгүйгээр барахгүй намайг харуут баярлах шиг жаахан
жигүүрээ дэвж ирээд л сууж байна. Түрүүчийнхээс гоё цэмцгэрхэн харагдах аж. За тэгвэл хэсэг ярилцая л даа. Хотын болжмор л лав биш, холоос миний
нутгаас ирсэн юм гэж бодоё...Болжмор бодлыг минь зөвшиж байгаа аятай толгойгоо
хөдөлгөв.
Цонхноос цааш харвал
моддын навчис шарласнаар барахгүй салхин сэвэгнэх төдийд энд,
тэндгүй нисэлдэнэ. Ер нь тэр хавь навчинд дарагджээ. Манай гудамж, сургуулийн хүрээ, мандхайн цэцэрлэгийн модод шарлажээ. Юу билээ, энэ чинь намрын адаг сарын шинийн хоёрон
гэж өглөөний мэдээгээр гарч байсан. Цаг талийжээ. Би энэ газар ирээд
зуныг барж, намрыг шувталж байгаа юм байна. Нээрээ ч нутгаас нэг байтугай хэл ирэх
болжээ. Гэхдээ хэнээс вэ? Өдийд сэтгэл нэг их гэгэлздэг юмаа. Энэ жаахан шувууг хараад тэр хууч
хөдөлчихлөө.
Тэгэхэд залуухан ч явж дээ. Би түүнээс арван дөрөв ах юмдаг. Гэхдээн л залуухан явж. Цээмээ зүв зүгээр ярьж сууснаа уйлчихсан нь
санагдана..Уйлсныг бүү асуу гэдэг үгийг санаж хараад л суув. Нилээд удлаа. Уйлахаа больсон ч нулимс нь тогтохгүй
асгаад л байв. Миний дотор ч эвгүйцэх янзтай. Би түүнээс учрыг асуусангүй. Гэхдээ юу бодоод ингэтлээ асгаруулсны нь
асуултгүй мэдэж байлаа. Энэ бол бид хоёр л зүрхэндээ хадгалж явах
тийм нулимс. Бид хоёр танилцаад хоёр cap гаруй л болж байсан байх. Өвлийн дунд cap юмсан. Ес эхлэх дөхөж байсныг бодоход харин ч гэж дулаахан жил байлаа. Тодхон санагдаж байна. Бямба гараг байсан. Бид хоёр эхлээд Бөхийн өргөөнд боловсролын
наян жилийн ойн арга хэмжээ, багш нарын концерт үзсэн юмдаг. Бас бид хоёрын шинэ ном хариугүй мэндлэх
гэж байсан цаг. Анхны ном. Санахад уяруухан. Тэнд бидний сэтгэлийн дуулал болсон олон
шүлэг буй.
Аяа,
чи,
бид хоёрыг бурхан
харжээ
Амьдад маань учруулъяа
гэж санажээ
Зүрхний орчлонд хэнз
яргуй ургуулжээ
Зүүдлэхэд тэр нь
чамайг байхаар ирүүлжээ
Намхан, намхан уулнаа
цасан ширхэг унасан нь худал ажээ
Нар болоод сэтгэлийн
илчинд хайлдаг ажээ.
Нуур, цөөрмийн шувууд
буцсан гэдэг нь худал ажээ
Нулимс унагам
сэтгэлийн илчинд эгдэг ажээ гэдэг мөрийг чи сонсох дуртайсан. Болжмор минь нээрээн чи газрын холоос
түүний минь сэтгэлийн зараалаар иржээ. Болжмор толгойгоо гилжийлгэн ширтэнэ...Тэр орой л юмдаг бид
хоёр гэр гэррүүгээ хэд очиж, хэд буцаж билээ. Сүүлд нь сэтгэлдээ дуулж, зүрхэндээ уйлж
харж явсан өдрүүдийнхээ сэтгэлийн нэрмэлийг жүнзнээс бус зүрхнээсээ амталсан,
тиймээ зүрхнээсээ.
Хэзээнээс шүлгээрээ
дуулах дуртай дөлгөөнхөн бор нүдээ, хэн хүнээс надад л гэж үлдээж ирсэн хамрыг
чинь үнсэн таалж,
хүслийн далайг гаталж.хүрэлцэхүйн бахад ханан жаргаж
байсан цаг. Тэр үед чи ганцхан үг хэлсэнсэн.
Би согтуу хүнийг л үг
авдаггүй гэж бодож явсан юмсан. Согтуугаас дор үг
авдаггүй эр бас байдаг юм байна гэж хэлэхдээ зэмлэсэн өнгөөр бус өчнөөн өдөр
бүрхсэн үүлнээс долоо хоногийн зүс бороонд үндэс хөрстэйгээ дэвтсэн ургамалт
дэлхийн хэлээр хэлсэнсэн. Дэлхий эхийн хэл гэж нэг юм бий. Зүйлийн цэцгийг алаглуулах дэлхий эхийн
хэл. Тийн байсаар бид хоёрыг өглөөг үдэхэд
өвлийн өглөөний цонхигор нар туяарч байсан ч дотор сэттэл маань галтайхан
явлаа. Бид аажуухан алхалсаар л явж билээ. Юундаа ч яарах билээ...Болжмор миний
дуртгалыг зөвших мэт тонголзоно. Надад бас хүн байна, санах, өрөвдөх юм байлгүй яахав. Саяхан би хэн нэгнээс, хэн нэгнээс ч гэждээ, Цээмээгээс сураг
дуулдахгүй болохоор туньж, бас тэрүүхэндээ гуньж суусан юм. Гунихын учир бас байнаа. Би түүнийхээ бие сэтгэлээр тоотойхон хоног ч гэсэн амьдарч,
амьдруулсан юм. Мэдэж байна уу амьдруулсан юм. Тийм болохоор зам нь ахархан ч гэсэн
таарсан үйл нь их болохоор би чамайг үгүйлж явдаг юм.
Болжмор боллоо гэсэн
шиг жив, жив жиргэж бяцхан далавчаа дэлгэсээр алсын алс руу цэг болон торойв. Хэдэн өдөр, хоногийн дараа зарсан эзэндээ
хэл дуулгахыг бүү мэд. Би болжморын ниссэн зүгийг,
Цээмээгийнхээ суугаа
зүгийг ширтсээр...Улсын хил гэж бий. Итгэлийн хэл гэж буй. Харин сэтгэлийн хил гэж үгүй,, Цээмээ минь.
2006-10-23. Даваа гараг.
Хөх хот.
Чан шин буудал. № 816.
ДЭЛТЭЙ ЦЭНХЭР
Нэг мэдсэн хүн юм
асуугаад байх юм. Тэр дуу их холоос сонсогдоно.
- Хөөш, гэр чинь хаана
юм бэ? Хөлдөж үхлээш дээ гэсэн үг бүдэг сонсогдож байсан санагдана...Өндийгөөд
иртэл хажууд хань минь, бас зээ хүү минь унтаж
байх юм. Бодогдож байна.
- За байз энэ чинь
яагаад ингэдэг билээ? Тэгтэлчиг хань минь:
- Үгүй чи чинь өчигдөр
орой яачихваа? Үнхэлцэг хагалчих шахах юм....Бодлоо, юу боллоо?..Том хархүү орон дээр унтаж байна. Нээрээ нэг юм болох нь ч болжээ. Юу боллоо? Бүхнийг эхнээс нь санахыг оролдлоо. Лав л хичээл тараад нэг хоолны газар орсон. Өдрөөс хойш миний гэмгүй дотно бүсгүй дахин
дахин утасдаад байсан. Тийшээ очих гэж жимс аваад байгаа газар руу явсан. Дэлгүүрээс гарах гэж байтал хальсан уут
цоороод өнөөх шилтэй савтай юм хага үсэрч байсан, би санаа зовсондоо бушуухан гэгч дахин юм
аваад гарсан бодогдоно. Намайг яваад очиход бүсгүй үерхдэг
хүүхэнтэйгээ царай нь нилээд улаа бутарчихсан сууж байв. Амрыг нь эрлээ. Хоол, унд нь ч бараглажээ. Ганц хундага хийгээд орхитол зуу нь ч
дуусав. Дахин хоол захих, мэдээж зуу...Тэгтэл Соёлмаа:
- Хоёрын хооронд
зуугаар яах юм бэ? Цэвэр эсэхийг нь үзэхэд ч амар байдаг юм. Шилээр авчихая гэх мөрт үйлчлэгчид хандаж:
- Аль ээ миний дүү нэг
шил “Экс” хэмээн намжирдав. Ширээнээ дахиад л хоол, ууш, зууш алаглав. Уг нь гэмгүй явдгийг
хэлэх үү,
халуун яриа өрнөж
хавьд бараа туруугаа ч харцгаахгүй, cap
шинээр ч үзэгдэцгээхгүй гэх аястай үг амнаас нь унаж байв. Түрүүнээс хойш дуугүйхэн суусан Думаа гэнэт дуу орж:
- Өө багш ч чи
бидэнтэй л дайралдая гэдэггүй болохоос биш уулзсаныгаа ч зүгээр байлгаагүй
байхаа. Хаянаа энэ хоёр чинь бүүр үнсэж үлгэлцээд
сүйд болж байх ч билээ хэмээн хачир нэмэв. Гэнэт дургүй хүрч, миний эднийг хүндэтгээд
ирж байдаг,
энэ хоёрын хэлж байгаа
гэж бодохоос гол өөд нэг юм хөөрч ширээнээс шууд босож өлгүүрээс хувцсаа авч
өмсөн завдтал Думаа:
- За,
яасан гомдомтгой юм
бэ? Суу л даа хэмээн аргадахлаар нь сэтгэл зөөлөрч
эргэж суув. Төдөлгүй яриа ч эвлэх тийш хандаж байтал
гэнэт л цагаан cap, Хаянаагийн
золгосон тухай яриа дахиад л өрнөж Думаа түрүүн ярьснаа үргэлжлүүлэн:
- Би яахав, хөрөнгө
мөнгө нимгэн ядарсан хүн. Бэлтгэсэн хадаг, бэлэг сэлт ч байх биш, байгаа ганц таван зуутаа бариад багшид
золгосон гэв. Соёлмаа:
- Бүүр худалдчихдаг юм
байна л даа гээд талимаарч байна. Соёлмаагийн энэ үгэнд дахиад л цөс хөөрч:
- Үгүй ээ ер, энэ Думаа юу юм бэ? Өөрөө чам руу Хаянаатай очъё, очъё гэчихээд одоо болохлоор найздаа тал засаж
байгаа ухаантай юм биз дээ. Таарсан ч дугуйнууд гэсэн бодол тэр зуур сэтгэлд орж ирэхүйд
олон таван ч юм бодсонгүй. Түрүүнээс хойш
хундагалах эзнээ хүлээгээд чилж байсан “Экс”-ээс дараалан хоёр шил аяга хийж
хөнтөрчихөөд өлгүүр рүү алхахад Думаа ер ингэнэ чинээ бодоогүй юү? эсвэл дургүй нь хүрсэн үү? Лав л
хорьсонгүй. Өдөржин өлөн байсан, угаасаа хатуу идээнд маруухныг ч хэлэх үү
дотор халж толгой эргэж байна. Би үүд рүү явж байхдаа
бүх юм өнгөрсөн. Болдогсон бол үхэх юмсан. Үхчихээд энэ хоёрын надад яаж хандахыг
харах юмсан гэсэн гомдлын гал цээжинд асаж байсан минь бүүр түүрхэн санагдана. Түүнээс хойш мэдэх юм алга. Миний бодлыг тааварласан юм шиг гэргий
түрүүчийн ярьснаа залган:
- Оройноос хойш
харлаа. Чи байдаггүй. Тэгтэл утас дуугарахаар нь автал:
- Намсрай гэдэг айл
мөн үү? гэж байна.
- Мөн,
яах гээ вэ? гэвэл
өмнөөс,
- Энэ хүн чинь ямарч
ухаангүй хээр хэвтэж байна гэв.
- Хаана? Яахаараа тэнд хэвтэж байдаг юм бэ? гэхэд
минь утсаар харилцагч залуу:
- Яагаадыг мэдэхгүй юм
даа. Ямарч гэсэн ууланд, мөс,
цасан дотор л ямарч
ухаангүй хэвтэж байна. Дахин дахин асууж байж арай гэж нэг утасны
дугаар хэлүүлээд залгаж байгаа нь энэ....Тэгэхлээр нь гэргий:
- Миний дүү дөхүүлээд
өгөхгүй юү? гэвэл, даагдахгүй юм. Яахав харин ойролцоо байгаа хүнсний дэлгүүрт оруулаад орхиё
гэснээр чамайг ямарч ухаангүй байхад хүүтэйгээ очиж авчирлаа гэж байна. Тэр үед юу болсныг мэдээгүй юм чинь айж
зовох ч юм алга...Тийн байтал өглөө ч болж радио нэвтрүүлэг эхэлсээр удсан
бололтой. Радиогоор:
...Дэлтэй цэнхэр зовно уу яана
Дэлгэр мөрөн бооно уу яана... Хотогойдын
гэгэлгэн дуу эгшиглэх
дуулдана. Мөн цагаа олов оо. Энэ дууг л сонсох гэж амь мэнд гарсан юм
шиг бодогдоно. Нүдний аяганд нулимс дүүрлээ. Бушуухан цааш харав. Ямар баатар гавьяа байгуулчихаад ирсэн биш. Төгцөг чинь гэх бодол төрөх сац бас өөрийгөө
зөвтгөж байгаа юмуу яаж байгаа юм бэ? нөгөө хоёр намайг нэг унаанд суулгаад дугаарыг тогтоогоод
авчихгүйдээ гэх бодол төрж байна. Думаа надад:
- Худлаа даа, хайртай гэдэг чинь гэж олон удаа хэлдэгсэн. Түрүүнд нь бас нэг ингэж хэлэхээр нь гарч
гүйгээд зан мэдэхгүй хүний газар шөнөжин тэнэсэн юмдаг. Айлгаж, тунимтгай энэ араншин ч намайг нэг
л юманд аваачих нь. Энэ удаад хэрвээ тэгээд бүх юм өнгөрсөн бол
“Дэлтэй цэнхэр”-ээ дуулахад юун уяран гэгэлзэж суух. Өдий насанд ингэж хүнд сэтгэл алдаж
догдолж, долиглож явахыг хэн ч таашаахгүй. Гэхдээн хорвоогийн тохуу ч юмуу юу юм бэ? хүнийг өрөвдөж,
өрөвдсөнөөс хайрлаж тэр хүний тул юугаан ч зориулмаар бодогдох өдөр ирэх л юм.
Думаа минь чи уг нь
хүний дээд юмсан. Цаст уулын бэлд буучихсан надад юун
гомдохтой мантай. Амьд гарсных дуугаа л сонсоё. Чингэтэл бүүр цээжний гүнээс бололтой:
...Яваал, яваал
барагддаггүй
Яасан ч арвин хөндий вэ?
Явуулын хүнээр
хэлүүлсэн
Ямарч үйлийн сэтгэл
вэ? хооё...цөлхдүү хоолойгоор гэгэлзүүлэв....Үйлийн сэтгэл гээд байгаа юм шүү
бас.
2006-10-16. Даваа
Нуухын голын хөвөөндөө
Ногтоо чирсэн морио
Номхон зантай Нуунжияа
Нутгаасаа хол заяажээ....
/Хорчин ардын дуунаас/
ХУГАС ӨДРИЙН ГЭГЭЛЗЭЭ
Аялагчид унаандаа сууж
байлаа. Өнгө өнгийн хувцсаар гоёсон тэднийг
зэрвэсхэн харахад цэцгийн хүрээлэнд буусан эрвээхэйн чуулгатай жишмээр ч шиг
эсвэл талд татсан солонгын өнгийг санагдуулам. Миний хажууд уран давхраатай алаг нүдэн
бүсгүй суулаа. Ерөөсөө л суудал таарсан нь тэр. Их даруухан юмаа. Манайхны зарим хүүхнүүдтэй адил шуугиулмаар
хүн бишдэг. Зам сунгуу байдаг. Яаж шүү өдрийг бардаг билээ хэмээн бодогдож
байна. Хэн ч байлаа гэсэн хүмүүс эхлээд хэсэг
дуугүй явдаг, тэгсхийгээд зарим нь өндөлзөж, гоцлооч нь тодордгоодоо. Урд суусан сайн дурын зохион байгуулагч
биеийн тамирын хувцастай эр түðүүлэн ам нээж:
- За таминээ газар
хол, үүрэглээд байхгүй шүү. Дэргэдэх дэргэдэхээ
өдөхөөс дэгээдэх хүртэл ухаан санаагаа гүйцэлдүүлж, уран мэхийг уралдуулна шүү. Одоо дүмбийж байгаа улс орой тэврэлдээд
салахгүй ээ, харж л байгаарай гэхэд нийтээр хөгжих янз оров. Тэр нөхрийн араас залгуулж би зохион
байгуулагчийн саналыг дэмжиж нэг ая гаргая хэмээн цангинасан дуу гарахыг ажвал
нилээд махлаг лужир эр байв. Ингээд л инээдэм
наадам дуу халгисаар миний хажуудах бүсгүйд дууны дугараа ирэхэд харах
царайнаасаа огт өөр гэмээр нэг их гуйлгаж шахуулсан ч үгүй:
...Нуухын голын хөвөөндөө
Ногтоо чирсэн морио
Номхон зантай Нуунжияа
Нутгаасаа хол заяажээ… хэмээн дуулахад тийм гэхийн аргагүй дотор
хачин болж гэнэт ноомой янзын бүсгүйг
өрөвдөв. Дуунд гараад байгаа нэг хачин цээж
шархируулсан хөг, сэтгэлийн далд гуниг ч гэмээр юм энэ бүсгүйд байгаа юм шиг. Би танихгүй танилдаа тал өгч:
Хайчийн голын хөвөөндөө
Хазаараа чирсэн морио
Хайрхан зантай Нуунжияа
Хязгааргүй хол заяажээ....хэмээн залгуулвал
бүсгүй надруу илт тал өгч
байгааг анзаарав. Бүсгүй тэгсэнээ нэг их гүн санаа алдсанаа
нутгаа санаж байнаа хөөрхий хэмээн санаанд оромгүй чанга хэлэв. Энэ үес өдрөөс хойш дуулсан улс ч
ядарсхийж, хүрэх газрын баãöаа ч харагдаж харуй бүрий
болж байлаа. Санаандгүй бүсгүйн гарыг атгавал нэг их
цааргалсан шинжгүй. Бөхийх далимаар нутаг болоод нэрийг нь
асуувал хорчны тал нутагт төрсиймаа. Нуунжияа гэхэд нь би өөрөө ч мэдэлгүй худлаа байлгүй гэвэл
бүсгүй итгэхгүй юм бол яах гэж нэр асуусан юм бэ гэж байна.
Санаандгүйгээр дүүрэн
хорвоод өдрөөс хойш далд гунигт автсан Нуунжияаг аргадаад байлтай нь биш. Аа яахав ингээд л явж бай гээд хайхрахгүй
орхилтой нь ч биш,
ёстой ацан шалаанд
унаж байтал нэгэн гүвээ давуут мэлсхийсэн гэрэлд орсон нь бидний зорьсон газар аж. Хүмүүс зочид буудлын зүг rap тээшээ барин хөдлөхөд өдөржин
суудал зэрэгцсэнийх Нуунжияагийн аар саар юмыг барилцаж, тэр ч áайтугай
зэргэлдээ өрөө авч тохижсоны дараа оройн хоолонд хамт очиж, аялагчдад зориулсан
үзвэрт нэг суудалд зэрэгцэж байхдаа түүний хэлсэн үг нь, нэг өдөр ч гэсэн
сайхан байлаа. Таныг намайг дэмжиж дуулсанд их баярласан
шүү. Хүнийг ойлгоно гэдэг чинь заавалчиг нэг их
сүр бараатай юманд байхыг хэлдэггүй байх. Ер нь хүнд чинь бүүр ч бай, түр ч бай сэтгэлийн дэм их
хэрэгтэй гэж та өдөр хэлээ биздээ. Орой галын наадамд бие биенээ бараадацгаая. Маргааш буцацгаах юм чинь гэсэн амтай
байлаа. Нээрээн ч галын наадам болоход Нуунжияа
манай галынхныг хүлээж байсан бололтой нэг хүнтэй
ярьж байснаа биднийг харуут хүрээд ирэв. Өдрөөсөө дуу хөөртэй болñон шиг. Бас нэг хэлсэн үг нь ордос аймгийн төвд
манай хүргэн ахынх байдаг юм. Галын наадмын
дараатэднийхээр нэг шурхийнэ. Хол ойрын олон сайхан
хүмүүстэй танилцлаа. Над шиг дунд сургуулийн багш хүнд олдошгүй
завшаан энэ л байхдаа хэмээн хөгжүүн гэхээр ярьж байв. Тийн байтал, галын наадмын тэндээс
аялагчдын хэн нэг нь нэрээр дуудаад байхаар нь би тийшээ очив. Хэдүй удсаныг бүү мэд, яриандаа болоод анзаарсангүй. Эргээд ирэхэд л Нуунжияа байсангүй. Хаачсаныг тэнд байгсадаас асуувал:
- Мэдэхгүй саяхан л
энд байж байсан. Өөрийг чинь галын наадам руу явснаàс хойш
нааш цааш баахан холхиж байснаа тийшээ л яваад өгсөн шүү дээ гэв. Тэр зүгрүү
харвал нэг бараан дүрс үдшийн бүрэнхийтэй төрөлсөх мэт далд орж байлаа. Дуудсан ч үгүй. Дуудаад ч яахавдээ. Тэр холоос ирснийх энд хоночихож болоогүй л
юм байхдаа. Авсан амраг бол аргадана гэхсэн. Аян замын хугас өдрийн танилыг чинь яалтай
ч билээ. Гэхдээ түүнийг ийн гэнэтхэн явчихсанд миний
сэтгэл ч нэг л тогтворгүй байлаа.
Нуухын голын хөвөөндөө
Ногтоо чирсэн морио
Номхон зантай Нуунжияа
Нутгаасаа хол заяажээ...дууны үг нүдэнд
харагдаж,
ая нь чихэнд
сонсогдсоор. Хэнийг өрөвдөөд байгаа юм бэ? бүү мэд. Тэр бүсгүй ч юу бодож гуньсан юм бэ? Би ч юу бодож өрөвдсөн юм бэ?...Эсвэл дуу
бид хоёрын сэтгэлийг гэгэлзүүлсэн юмуу?...Нуунжияатай ахин нэг уулзах юмсан гэж
бодогдох. Үгүй бол бүүр хэзээч битгий дайралдаасай
гэж санагдах. Бааш нь олдохгүй хүний араншин,ааш нь
олдохгүй хорвоо хоёрыг яалтай ч билээ.
2006-10-14. Бямба.
Хөх хот. “Чан шин” буудал.
816-р өрөө.
НОХОЙН СҮНС
Бид хоёрыг ярилцаж
зогстол доголон, улаан халтар нохой шугг, шугг хийн шиншилснээ далд оров. Миний танил, чи харав уу? гэв. Би юуг хэмээвээс танил маань:
- Яагаав саяынхыг. Би гайхаж хэнийг харалгүй өнгөрөөчихсөн юм
бол хэмээн ийш тийш харвал хэн ч үгүй...Танил маань:
- Саяын нохойг. Үүнийг чинь хүмүүс “Нохой Ãîìáûí сүнс” гээд байх юм билээ. Нээрээ ч хараад байхад яг “нохойн хийж” байсан төрхөөр аашлах шиг санагдаад байдаг
юм. Үргэлж шиншилж явна. “Нохой” л тийм байгаагүй юү. Хуучин дэглэмийн үед мөн ч олон сайхан
хүнийг амь зуулгаас нь салгасандаа. Заримынх нь бүүр амийг авсан шүү гэхэд нээрээ “Нохой” хочит түүний эрх дархтайдаа хийж явсан
бүтэл зэхий ажил санаанд ороод ирэв. Намайг хүрээлэнд ирэхэд Хаагаа гэж нэг ахмад хүмүүн
байлаа.Ажлын цаг яс бүртгэдэг тэр хатуу цагт бидэн шиг биш юмаа гэхэд үеийнхээ
эрдэмтэд шиг өдөр болгон ирнэ ч гэж байхгүй. “Нохой”-н багш болоод л эрх дарх эдэлж байгаа нь
тэр гэх. Тэр хоёр нээрээ их дотно байсан.
“Нохой” ч залуугаараа албан тушаалын ачааг үүрч
өгсөн хүн байлаа. Номын мөрөөр явсан хүн үс нь халзарч,
үгээ хэлдгийн даваан
дээр сая нэг юм эрдмийн зэрэг хамгаалахчаа болдог байсан цагт “Нохой” л хар залуугаараа эрдэмтэн, эрдмийн бага
зөвлөлийн гишүүн, тасгийн эрхлэгч, намын үүрийн нарийн бичгийн дарга. Надтай нас ойролцоо боловч албан тушаал ах
болохоор өгөхгүй үүрэг, даалгахгүй даалгавар гэж үгүй. Арай л өмнөөс жорлонд ороод ир, бөгс арчаад
орхи гэхгүй. Хэрэгтэй хэрэггүй юманд хүн зарах бол юу ч
биш. Нэг өдөр намайг дуудаж Хаагаа багшид бичиг
хүргээд ир гэв. Гэнэт дургүй хүрч:
- Өө, би номын санд
суумаар байна. Амжихгүй байх гэвэл их л дургүйцэж:
- За яахав, чи араа мэддэг
юм бол явахгүй байгаад үзээрэй гэх нь тэр. Энэ үгийг сонсоод гэнэт гэдэн арилж ерөөсөө Хаагаа багшийнд
нь нэг орж үзэе гэж бодогдоод:
- Үг байгаа юм бол
дайчих. Захиа байгаа юм бол өгчих. Надад ч бас тэднийхээр орох ажил байгаа юм
байна гэвэл “Нохой” илт зөөлөрч:
- Түрүүний л ингэх
байсан юм гээд үгээ дайв. Би Хаагаагийн хонхыг дарж гэрт нь орвол
тэрбээр өмнөө дал дөрвөн өндөр, идээ цагаа өрүүлчихсэн ёстой л жангарын баатар
шиг сууна. Хаагаа намайг хармагцаа:
- За хүрээлэнгээр
сонин юу байна. Ямар хэргээр ирэв хэмээв. Би “Нохой” шавийнх нь үгийг дамжуулвал тоож байгаа ч
янзгүй:
- Аа,
тэд тэгж л байдаг юм. Намайг завгүй, очиж чадахгүй гэж байна гээд
хэлчихээрэй хэмээн хариу зарлигдав. Хэд хоногийн өмнө үдийн цайнаар нэгэн дээд сургуульд хичээл
заагаад ирвэл ажил тасалсан бөөн хэрэг мандаж, нэрийг минь академийн ардын
хянан шалгах ч биш бүүр Улсын ардын хянан шалгах хороонд өгч амьдралаас минь
салгах шахсантай саяын явдлыг зэрэгцүүлж бодвол “Нохой” ивээл жилтэй хүндээ
ачтай, харш жилтэй хүнээ хазахаас барих хүртэл юу ч хийхээс сийхгүй,
буцахгүй хүний оронцог
гэдэг хариу л гарч байлаа. “Нохой”-н ивээл жилтэнд
хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны
академийн тэргүүлэгчдийн газрын зарим дарга ордгийг хүмүүс эхлээд шивэр авир
хийдэг байснаа сүүлдээ ил цагаан хэлдэг болов. “Нохой” дургүй нь хүрснийгээ
яаж ч баллаж мэдэх хүн гэдэг нь манай нэг өвгөн эрдэмтнийг унагаахад улайны
нохой мэт боорлож,
хүүрийн хэрээ мэт
гуагалж байснаас харагдсан билээ. Тиймээс хүрээлэнгийн олон хүн “Нохой”-г харахаараа дөлсөөр чимээгүйхэн алга
болдог боллоо. Тийн байтал нэг өдөр огт санаандгүй юм
болдог байна. Хүрээлэнгийн эрдмийн бага зөвлөл,
захиргаа хуралдаж “нохой”-н багш Хаагаагийн хэвлүүлсэн шинэ
бүтээлийн үзэл суртлын алдааг илрүүлэв. Илрүүлэхээр барахгүй бут ниргэв. Хаагаа эхлээд шавьдаа ч итгэсэн үү яасан бэ
их омгорхуу байснаа намаас хөөгдөхийн үес шалдаа бууж их л уруу царайлах болов.
“Нохой” тэргүүтний хувьд хүнийг ажлаас халах
битгий хэл бодийг нь хөтлөх ч энүүхэнд, үгсвэл гүйцээдэг зантай болохоор гайхах
явдал даан ч үгүй. Хаагаа ч бас зүгээргүй, нэгэн цагт “Нохой”-н юм юмны багш байсны хувьд дээш дээш нь
зарга үүсгэж байгаа дуулдсанаа нэг мэдэхэд цус харвасан гэнэ хэмээн сонсогдож
нөгөө нэг өдөр өөд болсон сураг гарснаар Хаагаагийн зарга төдөлгүй замхрав. Энэ зуур нийгэм хөрвөж, нэг нь нөгөөгөөсөө урваж
байсан ч хаа очиж
“Нохой”, захирал хоёр эв эвдрэлцэв гэж дуулдаагүй
байсаар дээд хүн нь урьдын үйл л байхдаа ар гэр, амьдрал нь доройтсоор харах
хүнгүй шахам байж өөд болов. Энэ үед нь хөөрхий
хамсаатнаа эргэж тойрсон эсэхийг бүү мэд. “Нохой” гэж ийм л нэгэн... Надтай ярилцагч гэнэт түрүүчийн сэдэв
рүүгээ орж ингэхлээр чинь зарим хүний сүлд доройтохлоор чинь сүнс нь түрүүлээд
төрчихдөг юм гэнэлээ. Саяын шугг, шугг хийгээд өнгөрдөг чинь яриан байхгүй “Нохой Ãîìáûí” сүнс мөндөө хөө гэв. “Хэлгий улаан”, “Махан толгой” нэгэн биед ахадсан олон хоч зүүсэн “Нохой Дэндэв” үүгээр түүгээр үнэрдэж, ул шагайсаар
шогшиж явна. Хяслан болоход “Нохой” даан ч өөр цагт төрсөн юм. Түүнээс биш өнөөх гучаад оны сүүл, дөчөөд
оны эхэнд ажил алба хашиж байсан, ядахдаа арван хэдтэй байсан бол юун “Нохой Сундуй”, “Мангаа До”...Тэднээс нит юм байхгүй юү.
2006-10 2-12. Хөх хот.
“Чан шин” зочид буудал.
816-р өрөө.
НАМРЫН ЦАГААН HAP
Дорж тэднийхийг
сурсаар ирэв. Цагаас хоцорсон өнөөх муу “Жигули”-ийнхээ хаалгыг тасхийтэл хаагаад гэрий нь
зүглэхдээ олох нь л оллоо. Одоо яаж угтахыгаа
өөрөө мэднэ биз гэсэн шүү юм бодож хэрэндээ додигорхон алхаж явлаа. Арга ч үгүй юм, он цаг улирч хүний араншин өөрчлөгдлөө
өөрчлөгдлөө гэхэд Бат-Очир тэр хоёр нэгнийгээ даанч мартах учиргүй. Машины чимээнээр гарч ирсэн Бат-Очир ч дуу
шуу болон Доржийг багын хочоор нь дуудан уулзсан нь нэн таатай. Сургаар л бие биеэ мэдэх эхнэрүүд нь ч нэг
их бишүүрхцгээсэнгүй. Тийн сэтгэлийн дулаан уур амьсгал буй
болохыг Доржийн эхнэр Жавзаа эхлэв. Тэрбээр далай ээжийн хөвөөн дэх зуслан газрын таатайг шагшрах
зуур:
- Муу өвгөн минь
хотоос гарахын л за нутагт очдог л юм бол цаад муугийнхийг чинь сурсаар байгаад
очих юм шүү гэхэд нь би л болсон хойно,найзын чинь царайг өдий олон жил болоход
ганц ч хараагүй,
авгайтай нь хүүхэд
байхдаа нэг сургуульд бараагаа харснаас цаашгүй юм чинь нэг их хөл хөсөөн
болоод яахав гэхэд өвгөн унтууцах аястай
битгий дэмийрээд бай. Би нөхрөө мэднэ гэсээр наашаа зүтгэсэнийг
цохлох нь ирсэн, суусан хоёрын аль алинд таатай байгааг өгүүлэх юун.
Насны нар уулын хяр
дээр тогтозноод байгаа мөчид үздэгийг үзэж, туулдгаа туулчихсан дөрвийн хэлж ярих
аядуу, яаралгүйхэн татах жүнзний дуу ч тэдний сэтгэлийн торгон утсыг тон
хийлгэж байлаа. Дорж, Бат-Очир хоёр тавин жилийн өмнө Хөвсгөл
аймгийн төвийн арван жилийн дунд сургуульд улаан таван хошуутай даавуу цүнхтэй
орж Догоо багшаар “А” үсгийн ацаг тавиулж, арвын дотор тоо бодох
арга заалгаж байснаас хойш арван жил нэг ангид.мөн төдий жил дотуур байранд
сууцгаасан улс. Хоёр өвгөн жүнз дарс шимж яриа нь эхлээд
тод,
хааяа хөхрөлдөх нь
дуулдаж байснаа төдөлгүй хурхирах сонсогдсоноо:
- За, за унтаад өгөх
шиг боллоо гэх Доржийн дуу гарч, тэр сац бас шүдэнз шархийлгэн зурах дуулдаж,
удалгүй тамхины нялуун
үнэр гарснаар өвгөдийн хууч өндөрлөв бололтой. Ширээн дээр шилний талаас дээгүүр “Болор” эд маань иймсэн билүү? хэмээн асуух, гайхахын хооронд үлдэв. Бат-Очир нь базаадаггүй юм гэхэд Дорж гэдэг
чинь цагтаа шил болорыг битгий хэл машин болор ч цөлөхөөс буцахгүй ходоодтой, шивнээ нэг хоёр үгэнд түүртэж нойрт автах
бүү хэл шинэ сууринг тэр аяар нь бужигнуулж явсан хоргүй гэхнээн цалгиж явсан өдөртэй билээ л. Эрийг нас уулыг цас дарах гэгч энэдээ хөөрхийс.
Өглөө болж далайн
захын манан зугуу зугуухан хөөрөх нь урьд шөнийн өвгөдийн бодлын үргэлжлэл эздийнхээ
ой тойноос салж ядан байна уу гэлтэй. Жавзан өглөөний цай цүéний дараа:
- За хөдөөний өвгөн
үлдэж хэмээн надруу харснаа хотын өвгөн аян замаа бодох уудаа гээд өвгөн рүүгээ
харав. Дорж тамхи хэмээх угжаа сорох зуур
Бат-Очирын нүүр өөд яах вэ? гэсэн харц шидэх нь ярих юм дуусах яагаач үгүйг
нүдээрээ хэлэх шиг. Залуу насны хоёр найз хорвоогийн шаргал нар
даваан дээр ёлтолзох цагийн цавьдар ухаад хэн хэндээ хоргодсоор хэдэн өдөр,
хоног болов. Тэгтэл явахынхаа өглөө Дорж цахирын өвөрт
хуучилж сууснаа:
-Үгүй хөө, багын
явдлаас чинь мартая гээд мартагдахгүй юм байнаа хөө гэснээ энэ яах нь вэ? гэх
шиг Бат-Очирын нүүррү¿ эгц ширтэв. Тэгсэнээ үгээ эалгаж би хэдэн
жил ажигласан юмаа,та нарыг, чамайг ямар юм бэ? гэж. Тэгээд есдүгээр анги төгсдөг зун сурагчийн хорин зургаа хоногийн
хөдөлмөрөөр манай сургуулийн ахлах ангийнхан “Улаан хужирт-д тоосго цохих болоогүй юү. Тэгэхэд багш, Халиун бид хоёрыг нэг хэсэг болгодог юм. Чи тэгэхэд хот явчихсан байсан л даа. Тэр зуны нар гэж. Хүүхдүүд шавраа гаргаж бээмбийгээ хийгээд
өдөрт зуун тавин тоосго хэвлэх даалгавартай. Түүнээ чүү чамай л барна. Би бол ажил тармагц оройн сэрүүнд ганцаараа үлдэж шороогоо
буулгаж шавраа зуурчихаад явчихна. Өглөө, зургаан цагт босоод
бээмбийгээ хийгээд хоёр биенийхээ хэвлэх тоосгыг хэвлэчихнэ. Ингэж би, бид хоёр хорин зургаа хоногийн
хөдөлмөр хийсэн юм. Тэгээд амралтын нэг өглөө бааюундаа ирлээ. Тоосгоо цохичихоод нар эрт байхаар нь
хоёулаа Дэлгэр мөрний хөвөө орох уу? гэвэл Халиун толгой дохиж байна. Зорьсон газраа, бүүр багачууд хүүхэд шуугиж
байдаг “Нэргүй арал”-д ирлээ. Торгон зүлгэн дээр хөлбөрөн хэвтэв. Халиунааг тэвэрлээ. Үг хэлэхгүй байна. Хүзүүгээр нь тэвэрч үнсэх гэж байтал нэг
хүн ханиах аятай хоолойгоо засах сонсогдов. Бид хоёр цочин босов. Хавийн хараацай ч, сэтгэлийн хараацай ч дэрхийн нисэв.
Дорж èйн хэлээд хэсэг
бодлогошров. Тэгсэнээ би дээд сургууль төгсөөд улсад
дөчин найм, есөн жил ажилласан. Байдгаараа л
ажилласан. Тэр ч байтугай байгууллагын хөдөлмөрийн
аварга ч болж л байсан. Гайгүй л зүтгэсэн хэрэг байх. Харин миний дотоод ухаанд бол насандаа
ганцхан удаа л үнэнч ажилласан. Тэр нь Халиунтай хамт
ажилласан хорин зургаа хоног л байсансан. Халиунд би тэгтлээ сүйд болж явсангүй. Гэхдээн л гэж хэлэхэд нь хоолой нь торсхийх
шиг болов. Энэ үед машины тэндээс:
Хөгшөөн, нарны галтайд
зам дөхөхүү дээ гэх Жавзаагийн дуу сонсогдов. Дорж л очвол машин ч хөдлөхөд бэлхэн
болжээ.
2006-09-27. Хатгал.
“Хотгойд аялгуу”
ХУНТ ОРЧЛОН
Гандангийн наад хүррүү
бууж явтал хүн дуудах шиг болов. Эргэж харвал Сооёо. Дөчин таван жилийн өмнөх танил минь. Мэндээ мэдэлцэж хаа хүрээд явж байгаагий нь
асуувал:
- Бүрлээчид буяны
ерөөл авахуулаад гэв. Энэ үгийг сонсоход оюутан болсон тээр жилийн намар сэтгэлд ороод ирлээ.
Сангийн аж ахуйд
жараад хоног яваад өнөөх хүсэж догдолсон их сургуулийнхаа анхны хичээлд суудаг
юм. Оюутан болно гэдэг дунд сургуульд анги
дэвшин суралцахаас их өөр ажээ. Ангиа эргүүлж
тойруулан нэг сайн харвал багш ч, суралцагчид ч шив шинэхэн танилууд. Танилууд гэхийн учир нь тэдний нилээдтэй нь
элсэлтийн шалгалт өгч явахдаа зүс зүсээ харж,заримтай нь Жаргалантын сангийн аж
ахуйн ногооны зургадугаар тасагг төмс хурааж ялгаж суухдаа бараа бараагаа
харжээ. Харин өмнө хараагүй хэд хэдэн хүн байна. Урд ширээнд улаан эрээн цамцтай нэг еөлгөр
хүн сууна. Хожим бид түүнд дохигор гэж нэр хайрлаж билээ.
Хайрлах ч юу байхав,
насаар ойролцоо
үеийнхний нь л өгсөн нэр. Түүнээс биш хүүхэд бидний дэргэд сүрдмээр
тийм томчуудад зүрхэлж нэр цол өгнө гэдэг ёсонд хазгай. Бас надтай нэг ширээнд суух хөхөвтөр
царайтай халзан толгойтой эрийг Халзан гэцгээнэ. Уг нэр нь Гомбожав л даа. Буурь их,мэдэц сайтай тэр хүн удалгүй уг
нэр, хоч нэр хоёрынхоо аль алийг гээж ангийнхандаа Гооёо хэмээн хүндлэгдэх болж
билээ.
Ангид бас хот хөдөөний
хэдэн охид бий. Хамгийн арын ширээнд суух эрвэлзсэн алаг
нүдтэй цасан цагаан цамцат охиныг Солонгоо гэх боловч бид Сооёо гэцгээнэ. Хараажаар бид нэг үеийнхэн. Ааш хөөрхөн, хөдөлгөөн түргэн, нэг л гэм нь багшийн асуултад хариулж
байгаа нь дэндүү гэнэн ч гэмээр, инээд хүргэж элэг хатаам. Нэг завсарлагаанаар хүүхдүүд аль аймаг,
сумаас ирснээ ярилцаж суутал Сооёо ярианд оролцох мөрт сум гэдгийг яагаад ч
ойлгохгүй байгаа нь хөдөөний голдуу хэдэн хүүхдийн хачирхлыг төрүүлэв. Түүнээс хойш би Сооёо буюу цагаан цамцтыг
гажиг охин гэж бодох болов.
Нэгдүгээр ангийн
өвлийн амралтын дараа хичээл эхлээд удаагүй байсан цаг. Амраад ирсэн бид бие биенээ саначихсан,
бас ч элдэв хөгжилтэй
юм ярилцан бужгнаж байтал хэн нэг нь “Хунт нуур” бүжгэн жүжгийн хэсгээс гоцлооч Гооёо, Сооёо...хэмээн зарлав. Тэр хоёр ч бүжлээ. Сооёо буюу цагаан хун Гооёогийн гар дээр
налан унаад л...Түүний маргаашнаас ийм нэг үг дуулдах болов. Гооёо цагаан хундаа дурлаж гэнэ. Үнэхээр дурлаж гэнэ гэх үг. Хоног өнгөрөх бүрий энэ үг ортой ч шиг. Үеийнх болохоор Сооёогоос асуухлаар:
Тийм юм байхгүй. Та нар хөгшин хар юмтай намайг холбох гээ
юү хэмээн тас загнана. Тийн байж, ийн явсаар нэг л мэдэхэд таван жилийг ардаа
орхиод оюутан нас баяртай болж хэн хаанаас ирсэн тэр зүг хөлгийн жолоо залав. Гооёо намын төв хорооны мэдэлд, Сооёо гар бөмбөгийн улсын шигшээд
бүртгэлтэйн хүчээр Улаанбаатарт үлдэж, аваргын гэргий эгч маань нийслэлийн нэг
арван жилд багшаар хоцров. Түүнээс хойш тав,арван
жилээр мэргэжил дээшлүүлэхээр ирж ангийнхантайгаа уулзахад ихэнх нь ажил
амьдрал тэгширч яваагаа хамт олондоо танилцуулна. Гооёо л ганцаараа. Сураг сонсоход, хүнтэй суувал Сооёотой сууна. Үгүй бол хэнтэй ч гэрлэхгүй гэсэн юм гэнээ
гэх. Хэзээ, хэнд ч тэгээд хэлчихсэн юм бэ? Ийм нэг яриа сонсогдоод удав. Бас энэ үгийн ортойг батлах мэт нэгэнтээ. Сооёоо ярьж сууснаа
- Гооёогийн ингэж яваа
нь ч надаас л болсон юм гэж ам алдсанаар барахгүй хэдэн жилийн өмнө зуны
амралтаараа Гооёогийн нутгийн Ц эгчийг хань татан байж дагуулж говийн аймаг
ороод Гооёод хадаг, архитай золгоод ирлээ гэж ярьж суусан. Тэр ч байтугай бүүр саяахан Ц эгчтэй говь
яваад ирлээ. Гооёо өнөөх ганц өрөөндөө суухаа больсон юм
байна. Жаахан юм уудаг болсон,мөрийтэй ч тоглодог. Ер нь амьдрал нь уруугаа л яваад байгаа
янзтай. Дүүгийнх нь гэртээ аваачсан сурагтай. Хэлүүлээд байхад ирсэнгүй гэж гомдол
мэдүүлэх аястай болсноо төдгүй:
- Үгүй ээ, зайлуул
санаа нь зовсон юм шиг байгаа юмаа гээд өрөвдчихсөн ярьж суусансан. Тэгээд өнөөдөр буяны ерөөл авахуулаад явж
байдаг. Дөчин таван намрын өмнө хөнгөмсөг, хотын
хийсгүүр охин санагдаж байсан Сооёо минь өнөөдөр бид бүхнээс хамгийн ухаантай,
хамгийн хүнлэг нэгэн
байж гэдгээ үггүй ойлгуулав.
Манай ангийн гуч гаруй
хүнээс Гооёог дурссан нь хэд юм бол? Дурслаа гэхэд буяны ерөөл авахуулаад явж байгаа нь хэн юм
бол? Би л өөрийгөө Гооёогийн хамгийн ойрын нөхөр
нь гэж бодож явсан. Бурхан болсныг нь дуулаад харуусаад л өнгөрсөн. Гэтэл Сооёо...хүний мөс гаднаасаа мэдрэгдэх
боловч бүрэн танигддаггүй аж. Хэнзхэн бага насанд
чинь чамайг хөнгөн гоомойд санаж явсан намайгаа өршөөгөөрэй, Сооёо. Магадгүй, тэр нэг өдөр та хоёрын бүжиглэсэн чинь хорвоогийн тохуурхал
байсан ч байж болох юм. Тэр цагт нас ч залуу, идэр,
хорвоогийн өнгө ч
түүнийг дагаад гэгээн цагаан явсан чиг юм уу даа... Энэ мөрийг бичээд үзгээ
тавихад радиогоор:
....Хаахан ч холын хүний л үр
Харцаараан даллаад уйлдаг билээ...?
гэх дууны үг бүдэг бадаг сонсогдоно. Орчлон гэдэг үй зайгүй үймэн шуугих, бүжин
дэвхцэх хунгийн тойром ч юм шиг. Тэрхүү тоо томшгүй хун шувууд бүжиж бүжиж нэг хэсэг нь
амсхийхээр нисэн одоход нөгөө хэсэг нь орчлон гэдэг хэмжээ хярхаггүй нуурынхаа
мандлыг чимэхээр үлддэг ч юм шиг...Хунт нуур, хунт орчлоон гэж...
2006-09-30.
Бямба
ХӨНХӨР ТОЛИНЫ ШИД
Энэ явдал олон жилийн
өмнө болж билээ. Тэгэхэд би бүрэн дунд сургуулийн бодисын
зүйн багшаар ажиллаж байлаа. Хавар юмсан. Гадаа цас лавшин лавшин орж хашаанд дотуур
байрын хүүхдүүд хөөцөлдөн тоглож байлаа. Сургуульд ирсэн цагаас насны зөрөө харгалзахгүй хүний ёсюор
нөхөрлөсөн До багш надруу хүрээд ирснээ нэг хэлэх гэсэн бололтой тээнэгэлзэнгүй
зогсоод:
- Миний гадуур
хувцасны энгрийн халаасанд байсан 75 төгрөг алга болчихлоо .25-т, 50-тын дэвсгэр хоёр л байсан юм. Энэ хоёр л авсан гэхэд нь би цочих шиг болж
гайхан харвал багш тайвнаар гарцаагүй. Харин чи нэг эвтэйхэн илрүүлээд орхи гэдэг юм байна. Би яах билээ гэж бодсоноо бодсын зүйн
багшийн мэргэжлээ ашиглан нэгэн туршилт хийхээгээд үзэхээр охид ам шийдэв. Хоёр охиныг дуудан манай кабинетэд хүрээд
ир гэвэл дороо л ирлээ. Би авиометр авчруулан аль та хоёр нэг
гарынхаа хүчийг үзээд орхи гэвэл харгүйхнээр атгав. Гарын нь хүчийг дурдсан тоон дээр хүрэхээр
нь л буулгачихаад байв. Охидод хэллээ.
- За миний хүүхдүүд До
багшийнхаа хармаанаас авсан мөнгөө гаргаад өгчих хэмээн шуудхан хэлвэл тэд
хацар нь улсхийснээ:
- Үгүй бид хоёр
аваагүй. Яалаа гэж бид тийм муухай юм хийхэв гэх
мөрт нэг сүүлчийнх нь хажуух хунгарруу хараад авахыг ажив. Нөгөө нь хэлж байна:
- Багш , шавь аль
алиндаа муухай юм санаж явахаар та бид хоёрыг нэгжээд үз л дээ гэж байна. Би хэллээ.
- Тийм байдаг байж.
Үнэхээр тийм. Хулгай хийсэн хүний толгой энэ толинд
уруугаа харж тусаад байдаг юм. Хулгай хийгээгүй бол
зүгээр л харагддаг.
- Миний хоёр охин
аваагүй биз. Охид ам уралдан үгүй, үгүй. За тийм бол сайн. Гэхдээ багш.шавь нар нэг нэгэндээ буруу
зөрүү санаж яваад юу хийхэв. Шалгачхая. Би түрүүчийн охидын харц чулуудсан хунгарын
зүг харангаа,
- Аль вэ, Бадмаа, наад цасаа нэг өшиглөөд орхи гэвэл нөгөөх
охин руугаа хараад хөдөлсөнгүй. Нөгөө охиныг өшиглө
гэвэл бас л хөдөлсөнгүй, харин охин сандрахдаа
хөлөө байрыг нь өөрчлөх гэтэл гутлаараа хунгар
эргүүлж орхитол 25-тын ягаан буурал дэвсгэрт:
- Яаваа та нар минь
гэх шиг цухуйх нь тэр. Тавьтийн дэвсгэрт ч би яаж хождохов гэсэн
шиг өнцөг нь дэрвэсхийв.
Осолтой ч гэмээр,
зугаатай ч гэмээр энэ
явдлын дараа хүүхдүүдийн дунд төдгүй сургууль даяар миний нэр хулóóсныг олдог шидтэн
мэт хэсэг яригдаад цагийн эрхээр нам жимд орсон билээ л.
Олоон жилийн хойно гудамжинд
явж байтал суналзсан цагаан бүсгүй багшаа гэсээр ирж уулзсан нь өнөөх Бадам
байлаа. Тэр жаахан царай нь улайснаа:
- Тэр өдрийн явдал
Үзмээ бид хоёрт үнэхээр хатуу сануулга болсон шүү. Дотуур байранд байхад өлсдөг л байсан л
даа. Өлслөө.өлслөө гэхэд хүний, тэр тусмаа өвгөн
багшийнхаа халаас руу хүйтэн гар явуулна гэдэг одоо бодоход
санаанд ч багтамгүй. Бага залуугийн харгайгаар сэтгэлдээ л
гэмшиснээс биш До багшаас ч өршөөл эрчих сэтгэлийн тэнхээгүй л явж, өршөөгөөрэй багшаа, гэсэн Бадмаагийн үг чихнээ сонсогдсоор...
Энэ үгиийг сонсох
учиртай До багш хорвоогийн салхинаа туугдан тэнгэрийн орноо оджээ. Бадмаа шиг ингэж гэмшлээ зүрхнээсээ хэлэх
учиртай Үзмээ ч насан цэл залуугаараа хорвоог орхижээ.
Ай хөөрхий, амсах
гэмшихийн цагтай алдын нартай хорвоо гэж...
2006-08-08.
No comments:
Post a Comment