Monday, April 1, 2013

ЗҮРХНИЙ НУЛИМС


                     ЗҮРХНИЙ НУЛИМС
               
    - Хүн байтугай нохой гаслах сэтгэлтэй байдаг юмаа хө.Чи яасан задарсан эм бэ?..Нэг сэрвэл гэрт ийм дуу хадаж байв.Би юу болсныг, яагаад,энэ үгийг хэн, хэнд зориулж байгааг санахыг хичээлээ.
    Өчигдөр би сэтгэл гундаад жаахан балгасан санагдана.Тэгээд нэгэн үе сэтгэл алдаж явсан бүсгүйтэй дайралдсансан.Бодоход тэднийд юмуу, бидний явдлыг мэдэх нэг айлд ирж хоносон бололтой юм.Бодлоо...Бүсгүй ч яахав, өчигдрийн уулзсан хүн мөн байна.Загнаад байгаа нь...Нэг л их танил дуу...нүдээ аниад хэсэг хэвтлээ.
   - Аа, тэр гуай мөн байна.Уг нь тэр гуай / Амаа нь/ бүсгүй нагац эгчийгээ ийн авгайлдаг юм./ мөн бол намайг загнаж Сүнжээг өмөөрч байхаар хүнсэн...Осолдохгүй л Амаагийн дуу хадаад байна даа.Дотор тиймхэн байгаа, шалавхан босож хүйтэн юм залгилмаар гал шатавч бас ийм зандралт,тэр тусмаа намайг ч ёстой муулж өгнө дөө гэсэн хүнээс ийм үг сонсох чинь босъёо босож болдоггүй хэцүү юм байна.
   Тэгсэнээ бас шартаад үхэх гэж хэвтэж нагац нь намайг илт зэмлээгүйд оодорч байгаа юмуу хайшаа юм бэ, болж муу хогийг, ойрдоо бүүр их донжигоноод байсан юм хэмээн хүний мууд дурлаж байна.Энэ нээрээ хачин хорвоо шүү.Бүх юмыг өөртөө л сайн бол хайрлаж,хааацайлж, өөрөөс л жаахан хөндийрвөл сөрвөлзөж суудаг...гэхдээн бас чамд үнэхээр буруу бий.Байгаад л дуугаа хураачихна.Юу ч болоогүй байхад шүү.Бүүр хэдэн сараар.Сая л гэхэд хар л даа.Өөрийнх нь аяыг хараад л хэдэн өдөр чимээгүй явсан чинь бүүр хаясан, гээсэн,ихэмсэглэсэн хэрэг рүү түлхэж байгаа юм.Эрүүлдээ би үүнд нь дургүйрхэж байснаа халамцаад ирэхээрээ түүнийг дагаж нагацынд нь ирж бодоход Амаад хэлэх хэлэхгүй үг хэлсэн бололтой юм.Амаагийн дуу хэсэг намдасхийж, би ч босдог юм билүү гэж байтал Сүнжээ бүдэг шиг хэдэн үг бувтнаж, дуулдаж байгаагаас “өнөө маргаашгүй болчихсон өвгөнийг өмөөрдөг нь юү ч вэ дээ” гэх нь тод сонсогдов.Амаа ч шатаж эхэллээ.
   - Чамайг хэн ийм өвгөний ая хар гэсэн юмбэ? Энэ хүний чинь би чамд олж өгөө юү?Чи ер нь эхгүй хүүхэн элдэндээ, эцэггүй хүүхэн шалдандаан гэдэг шиг юм болж байна уу? Дөрвөлжилсөн сайхан хань чинь яагаав?Дөрвөн сайхан хүүхэд чинь яагаав? Илүү харж булуу долоож явдгаа тат чи.Чи энэ хүнийг манайд анх дагуулж ирэхдээ тоос тортог хүрэхээргүй сайхан, тос нүнжиг нь барагдахааргүй буянтан, ааваас минь хойш ачилсан, ээжээс минь хойш энэрсэн гэж хэлээгүй билүү?Хэхэрхэд хэлээр гулгих бөөлжистэй болж,бохирход борвинаас татах дэмтэй болсон хойноо чи хүнийг ингэж хэлдэг юм уу?..Амаа тачигнаж байна.Сүнжээ дуу нь сулран хоолой нь чичрэгнэнэ.Тийн гэрт нэг хэсэг гал гарах шахсанаа чимээ намдав.Би ч бослоо.Гар нүүрээ угааж цай уув.Хэсэг чимээгүй суулаа.Сүнжээ урьдын цагт өсгий шүргэж явсан гэзгээрээ оролдон дуугүй суух аж.Амаа дээл эсгэж буй бололтой хайч, цэрд, хэмжүүр энэ тэрээ болно.
    Эдний халуун ам бүлд Сүнжээгийн хөлөөр би дагаж ирсэн болохоор хөөлгө дуулаагүй дээрээ гарах минь гээд бостол Амаа:
нэг сүрхий өлийж харснаа өнгө дүрс нь буурайж яваа намайг өрөвдсөн үү,яасан бэ?
- Явах нь уу? Манай энэ бид хоёр муудалцаад хүн тогтох ч аргагүй байгаа байхаа даа.Энэ хүүхэн өнөөдөр л чиний өл хөтөл дээр очсоныг мэдэж гэнэ дээ.Яахав би энэний нагац нь.Би бас л чиний өгсөж яваа өөд зүтгэж,зүтгэж ч юу байхав түлхүүлж яваа амьтан.Түүнээс биш өөрийн дураар болдогсон бол бас хэдэн жил ядахнаа энэ чигтээ байж байж гийдэггүй юмаа гэхэд хүний дургүй хүргэж амьд байгаагаа мэдрүүлж явмаар байдаг.Даан ч миний дураар болдог хорвоо биш юм гэснээ янжуураа асаав.Их цухалджээ.
Хүний ааш аяг гэдэг бас янз янз байх аж.Өмнө нь Сүнжээтэй хаа нэг эднийхээр ороход ширэвтатасхийгээд янзгүй л юм шиг санагддагсан.Тийм болохоор би эднийхийг ах дүү нь гэхээсээ Сүнжээгийн сэтгэлийг бодож л явдагсан.Тэгтэл өнөөдөр,миний олон жил бараанд нь явсан Сүнжээ намайг өлийн хөтөл хүрснийг минь дурдан тонгочиж байхад нагац эгч нь миний өмнөөс үг хэлж байдаг.          
   Ингэхлээр чинь л хүний араншиг яаж өөрчлөгдөхийг харах гэж хэдэн жил явмаар байгаа юм.Би энэ удаад дотроо Амааг өмөөрч суухдаа зүрх часхийхийг мэдрэв.Яагаад ч юм бэ,Сүнжээд би даанч их итгэсэн юмсан.Намайг малгайгаа өмсөж үүдрүү зүглэхэд Амаагийн:
   - “ Гэргий хүн тэнэгтхээрээ гэрээсээ хөөгддөг.
      Гичий нохой тэнэхээрээ хэвтэшнээсээ хөөгддөг гэсэн үг – тэй...юм шүү гэх дуун сонсогдох мөчид хаалга тасхийн хаагдав.Хаалгыг би түлхсэн үү?, хүчиндээ хаагдсан уу? хэн мэдэхэв.Сүнжээгийн хэлснийг бодохлоор нүд бүрэлзэж зүрх уйлж байлаа.



                                    2010  - 03 – 03.
                                    Сөүл хот.



                  МОГОЙ
             
      Олон жилийн өмнө юмсан.Улс даяар ургацын талбайд нийтээрээ ажилладаг байсан цаг.Шинжлэх Ухааны Академийн хадлангийн бригадынхан Ар гүнтийн фермд хадлан авах юм болов оо.Бас манайтай зэргэд Гадаад явдлын яам,Шинжлэх Ухаан техникийн улсын хорооны хадланчид гээд аяндаа уралдаанд уриалагчид олон.
   Хадлангийн бригадад гарсан хүн бүр ажлын нарийн хуваарьтай.Тэр хуваарьт бригадын даргаас эхлээд өвс хадагч,тармагч, бухалдагчаас эхлээд нуруу тавигч,бригадын тогооч гээд гарч өгнө дөө.
   Манай бригадын тогоочоор Байгалийн нэгдлийн тасгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан гэх нарийн давхраа бүхий тормолзсон алаг нүдтэй бүсгүй тохоогдлоо.Яг л бүжигчин баймаар бүсгүйсэн.Даанч хадлангийн бригадад бүжигчин гэж хуваарь үгүй.Гэхдээн л тогооч хийсэн нь үеийн голдуу залуусыг өвс өвс гэж яваад ирэхэд аягалсан цай нь бор ч араанд уусацтай,хийсэн хоол нь амттай болохоор хадланчид хэн нь ч тогоочийн гараас цай хоолоо авахсан гэнэ.Би ч тэдний нэгэн.Бүгдээрээ л Дариймаа наашаа, Дариймаа наашаа гэцгээнэ.Дариймаагийн аашны ялдам, харцны сайхныг юү гэхэв.Бараг буцалсан ус аягалаад өгсөн ч аршаан болмоор.
   Хадлангийн ажил бүртгэл тооцоо нарийн.Гачигдал,зовлон гарахад чөлөө олдоно гэж байхгүй.Тэр дундаа манай хадлангийн бригадын дарга Моньдсайхан гэж хатуугийн дээд хатуу хүн.Моньдсайхан даргаас чөлөө авах гэж эрчүүд нь дал мөрий нь алгадах гэнэ.Тэрбээр жишим ч үгүй өнгөрөөнө.Бүсгүйчүүд уран наалинхай аашаар сэтгэлийг нь хөдөлгөх гэнэ.Тоохгүй.Ядахдаа Моньдоо дарга гэргий нь хэмээх аль ч хүрээлэнгийнх  билээ гувалзсан бор хүүхэнтэйгээ ирсэн тул тэдний ялдам ааль талаар өнгөрнө.Харин нэг удаал их хачин юм болов.
   Бригадын тогооч Дариймааг хагас бүтнээр хот ороод ирье гэхэд Моньдоо дарга ар гэрээс ирсэн гачигдлын бичиг ч гэж зовоолгүй чөлөө өгөөтөхлөө.Дариймаа ч хоёр хоногийн чөлөө авсандаа баярлан өнөөх хөөрхөн алаг нүдээрээ хадланчдийг хэн алийг нь ч ялгалгүй тормолзуулж сэтгэлийн нарыг нь мандуулчихаад өсгий өнгөрүү хар гэзгээрээ дотор сэтгэлийг даллах мэт болсноо хот орох машинд суун арилж өглөө.
Хоёр хоногийн үдээс хойхно Дариймаа хотоос иржээ.Эрээн пансан алчуураар толгойгоо боочихож.Бригад дээр ирж цайгаа аягалаал,инээд наргиа болоод л.Бид ч өвсөө тармаж, бухалдаж, нуруучид нуруу тавьсаар үдшийн гэгээтэй уралдан майхандаа ирцгээв.Тэгээд оройн хоолоо идэж байтал хэн нэгэн нь:
- Үгүй ээ энэ Дариймаа яачихаа вэ? гэх дуун гарав.Туслах тогооч Пил авгай л шогшрон хайран гэзэг, хайран гэзэг гэж байгаа нь тодоос тод.Тэр дуунаар бараг бригадаараа Дариймааруу харвал гучаад хадланчдын сэтгэлийг татаж байдаг алд хар гэзэг нь алга болж сүүлээ тайруулсан шаазгай аятай тонголзох нь харуусал төрмөөр.Дариймаа минь наад гэзгээ яачихав аа? Хүн болгоны харц хариулт нэхэжбайлаа.
Дариймаа хоол, цайгаа аягалж дуусаад суунгаа ингэж ярьсан юм.
    Би үсээ л тайруулмаар санагдаад болдоггүй.Дотор хүнтэйгээ ярьж хэд хонолоо.Та нарт хэнд нь ч хэлээд хэрэггүй.Цөмөөрөө л дургүйцэх юм чинь.Тэрний дотроос Моньдоо даргыг аргалж хот явах байдаг.Нараад /Моньдоогийн гэргий/ найз нь хотруу явах аргагүй нэг ажил гарлаа.Чи эдэнд нэг их мэдэгдэлгүй Моньдоог аргал гэв.Ашгүй маргааш нь хот явах чөлөө төвөггүй бүтсэний учир энэ.Хотод гэрээрээ хальт орж хувцсаа сольчихоод хамгийн ойр үсчинд очиж тайруулах гэсэн учраа хэлэв.Зөвшөөрдөггүй.Хэд хэдэн үсчний хаалга татав.Зарим нь бүүр хүний гоо сайхны асуудалтай холбоотой учраас бид таны үсэнд гар хүрэхгүй ээ гэцгээлээ.Ингээд хадлангийн бригадаас чөлөө авсан эхний өдөр зорилгодоо хүрсэнгүй.Гэртээ ирээд унтах гэсэн чинь үсээ л тайруулаагүй болохоор нэг хэсэгтээ нойр хүрдэггүй.Сэрвэлзээд л.Энэ үснээсээ л нэг салахсан.Өглөө босоод л хотын төвийн үлдсэн хэдэн үсчнээр оров.Чөлөөний хугацаа дуусах гэж байдаг.Дөчин мянгатын үсчний хаалгыг итгэл муутайхан татаж ороод үсээ тайруулах гэсэн учраа хэлбэл 5-6 үсчний хэн ч за гэдэггүй.Би баахан суулаа.Тэгтэл нэг ахимаг шиг үсчин:
 - Аль наашаа яваад ир.Тийм их дурлаад байгаа юм бол хяргаад өгье л дээ хэмээн зандрангуй дуугарахад нь зандралтыг ч тоосон юмгүй баярлан харайх шахам очвол гэзэгний угийг хүртэл гараараа тулгаж барьснаа том хайчаар ширхийтэл хяргах дуун, үсчин авгайн:
- Ийм нэг байгаагаасаа уйдсан юмнууд байдаг юм.Ав наадахаа.Бараг өөрөө ч миний үсэнд гар хүрэхээс цэрвэж байгаа аятай дуун гарахтай зэрэгцэн өвөр дээр нэг мурилзсан хар юм шидэв.Яг энэ үед л:
- Хүүе таминь ээ,би юу хийчихэв.Аав, ээж минь миний урт үст торомгор гэж энхрийлдэгсэн.Хань минь миний гэзгийг л эхлээд харсан гэдэгсэн хэмээн санахуй нүдийг нулимс бүрхэн үсчний газраас үггүй гарсан чигтээ наашаа гарлаа.Тайрсан гэзэг өвөр дээр минь яг могой цогнойж байгаа юм шиг санагдсан гээд хоолой нь зангирч билээ.    
 Хадлан буухад цөөхөөн хоног үлдсэн байлаа.Дариймаа бидэнд цай, хоолоо хийдгээрээ л хийж байсан ч нэг л юм дутуу шиг.
Яагаад тэгж могой шиг бодогдсон юм бол?Нээрээн гэзгэн хэлбэрт могой, тэр тусмаа хорт могой байсан бол бүсгүйн тэгж их шамдан гэзэгнээсээ салдаг нь амь насанд нь ч, хүн чанарт нь ч тус болсон байх.Үгүй байсан бол яана?Зүв зүгээр байхад бүсгүй хүн үс гэзгээрээ оролдох нь юуны зөн вэ?
  Бүүр наяад оны сүүлээр ч билүү онгоцноос бууж гаалиар ороход нэг танил нүдтэй бүсгүй тээшийг минь шалгаж билээ.Би таньсан.Бүсгүй намайг таньсан эсэхийг бүүмэд.Надад өөрийгөө таниулах,танилцах ч хэрэг байгаагүй.Албаны ажлаал гүйцэтгээд өнгөрсөн.Би:
 - Сайн байна уу? гэсэн.Бүсгүй:
 - Сайн гэсэн.Бид хоёрын хооронд гучаад жилийн дараа тааралдаад хэлэлцсэн үг энэ л байлаа.Үс тайруулахад хүний зан ааль өөрчлөгддөг юм болов уу?


                              2010 – 03 – 04.Пүрэв.8.20.
                              Сөүл хот.

















                   ËÈÉÐ
   Миний амталсан жимснээс хамгийн амттай нь лийр.Тийм болохоор гэртээч, хоол, зоогийн газарт ч хамгийн дуртай иддэг жимс лийр л байлаа.Лийрийг ханьтайгаа, найз нөхөдтэйгээ мөн ч их идсэндээ.Хэт чихэрлэг биш,тэгсэн хэрнээ араанд уусаад л.Даанч манай нутагт лийр ургахгүй, хаа холоос халуун газраас л авчирдаг байхдаа.Заримдаа лийр гэж бодохоор арааны шүлс асгарна.
Цээмаа бид хоёр ч бас л лийр идэн амтыг нь гайхаж байсандаг.Манай жимсний зах дээр бэсрэгхэн шиг лийр их байна.Гэхдээ амт нь дажгүй ээ.Амт гэснээс амтыг лийрнээс өөр юутай ч зүйрлэмээр юм бэ дээ.Сайхан хайртай юу?Сайхан сэтгэлтэй юү?Сайхан дарстай юу? Надад бол сэтгэл ивэлгэсэн амрагийн хайртай зүйрлэмээр шиг.Хайр гэдэг хайрлана гэдэг сайхан шүү.Энэ ганцхан надад тэгж санагдсан юм биш байхаа.Бүүр ардын дуунд хүртэл:
             Алим гэдэг нь ээ амттайдаа
             Амаар дүүрэн шимүүстэйдээ
             Амраг гэдэг нь хэцүү юмаа хө
             Алчуур аа дүүрэн нулимстайдаа гэж гардаг биздээ.Шанзны эгшгэнд хүрээ дуу аялсан шигээ амрагийн хайранд умбаж суухад ийм үг, ийм ая орж ирээ байхдаа, хөөрхий.
 Ер нь хүрээ дуу, хүний сайхан хоёр, хүрээ дуу хүний сайхан сэтгэл хоёрыг алимны амттай, жимсний салшгүйтэй холбон дуулсан нь мөн ч ихээ дээ.
Хэдий нас ахьсан ч гэсэн хүрээ дууг аялахтай зэрэг асгарсан сэтгэл, амрагийн хайранд уусаж явсан залуу нас санагдаад ирдэг юм.Хүнийг хайрлах, хайрлах шиг хайрлах сайхандаа.Хайрын сайхантай цаг хугацааг зүйрлэхэд мөн ч хурдан урсаад өнгөрсөн байх боловч сайхан хайр сэтгэл тэжээсээр, амьдрах,амьд явах урам өгсөөр наснаас хэтэртэл жаргаасан байдаг.   
Цээмаа бид хоёр ч тэр нэгэн цагт лийрийн үл ялиг исгэлэн гэмээр мөртлөө шүүслэг амтанд автан жаргаж суухдаа сэтгэл жигтэйхэн уярч хэн хэнээ дулаахан харцаар шагнаж:
      Мөстийн даваа яах вэ хө
      Мөн чанараа л гээчихгүй юмсандаа
   Цастын даваа яах вэ хө
   Цаад чанараа л гээчихгүй юмсандаа хэмээн дуулж суусан байхав.Одоо нас явж.Өнөөх дуулж суусан мөст,цаст хаяандаар барахгүй хажууд ирчихжээ.Идэр залуудаа дурлаж явсан лийр жимсийг амтлаад ч яах.Байгаад ч яах.Яалаа ч гэсэн мэндтэй, ундтай явах юмсан.Бидэнд бас тэгж явах учир бий.
Өнгөрсөн хавар Солонгын улсад ирвээ.Алим жимсний орон юм.Манайхны шимүүсийг нь амтархдаг Чэжүгийн мандарин гэгч нь ясгүй, өнөөх миний таашаан хүртдэг лийр жимс нь манай захад байдагтай харьцуулахад том гэж жигтэйхэн амт гэдэг нь ванлий.
 Гэргий бид хоёр хэлэлцлээ.
 - За хөгшөөн жимсний оронд ирснийх өөхтэй махаа завсарлаж өнгийн жимс л хүртье.Тарган махаа завсарлаж тавагтай жимс л хүртье гэж.Тэгээд өнөөх сайхан лийрийг зажилж,шимүүсийг нь авч харинч нэг хүртлээдээ хөөрхий.Хүү,бэр хоёр, ач охид маань ээлжээр бид хоёрт газар үзүүлэх.Чингэхдээ хоол хошоо цуглуулахаа ч бас мартахгүй.
 Саяхан хүү минь аав,ээж хоёрыгоо хот үзүүлж буцахдаа хүнсний их том дэлгүүрээс хүнс, жимсээ авлаа.Тэгээд гэрт ирсэн хойно боолт сэлтийг задалж хөргүүрт хийх, бас амтлах ч хоцорсонгүй.Бид хоёр дуртайгаар нь нэг лийр задаллаа.Идлээ.Араанд лагалдаж зөөлөн оргиод нэг л бишээ.Хаягийг нь харлаа.Хэмжээгий нь үзлээ.Өнөөх л лийр хэвээрээ.Харин амт нь ч, шимүүс нь ч байдаггүй дээ.Би хүүд хэллээ.Энэ яачихав аа?
 - Харснаа та хоёрын иддэг лийр мөн л байна шүү дээ гэв.Би:
 - Мөн нь ч мөн.Амт нь л биш.Чи амтлаад орхи гээд хүүд өглөө.Хүү идэж, жимс ууталж ирсэн хаягийг үзсэнээ:
 - Өө, энэ аргагүй, аргагүй.Шар бичигтэй юм байна шүү дээ гэв.Би:
 - Шарбичигтэй бол яадаг гэж?Хүү:
 - Жаахан удсаныг нь дэлгүүрийнхэн ангилж хямдруулдаг байхгүй юү...шимүүстэй, шимүүсгүй Лийрний тухай яриа намдсан ч миний сэтгэлд:
- Тиймдээ хүний сэтгэл ч бас ийм бишүү?Зангаараа нэг туулдаг нь буй.Тэр хүний сэтгэл ангилалд ороогүй лийр мэт буюу.Зангаа хувиргаад талийдаг нь буй.Тэр хүний сэтгэл ангилалд орсон лийр мэт буюу гэсэн бодол төрвэй.
                    2010- 03 – 04.9.30.Сөүл хот.














                 ТӨӨРСӨН ДУУ
           
    Хаврын бүүдгэр өдөр.Ийм өдөр харийн оронд битгий хэл өөрийн нутагт ч уйтгартай.Хөжилдөө л ном уншаад хэвтээд баймаар.Тиймгүй гэж үү?
 Бид аргагүй ажлаар Сөүлийн төв орлоо.Дан давхар байшин алаглаад хорвоогийн өнгө шиг.Давхар барилга нь би л энэ цагийн бахархал нь,өнөөгийн хотын өнгө төрх нь гэх шиг сүрлэг харагдахад хуучны давжаахан барилгууд ч урьдын түүхийг өгүүлж байгаагаараа давж л унана гэхээс нэг их хожигдоод байх юм нь юу л бол.Гадаа гараад ирэхлээр өрөөнд жихүүд баригдан хэвтсэнээс хавьгүй дээр,ер нь жаахан явмаар ч юм шиг.Энэ газар хамгийн гайхамшигтай нь байшин барилга  өнгөцхөн харахад зайгүй шигүү, завсаргүй битүү мэт санагдавч яваад ирэхлээр хүн орох, гарахыг нь тохируулсан, хэв намбыг нь бодолцсон нь илт.
 Гадны хүний нүдэнд хамгийн түрүүнд нүдэнд нь тусах юм гэвэл байгууллагын хаяг, түүний бичээсийн зохицол.Манай Улаанбаатарт ирсэн хүн хараад л нийслэлийн маань үндэсний төрх төлºвийг харахын оронд эрээн мяраан хаяг,гадаадын үг хэрэглэн чамирхсанаас хаана ирсэндээ гайхахаар гэлцдэг нь үнэний хувьтай.
Солонгост бол үндэснийхээ бичгээр байгууллагынхаа хаягийг дурайтал бичсэнийг хараад их хотын өнгө төрх энгийн мэт юмнаас эхэлдгийг сануулах ажаам.
Би хэлмэрчээсээ энийг харж асуун, тэрийг гайхаж шуугилдсаар явтал эргээд хотын төвд орж ирж буй бололтой.
Миний гэргий:
- Үгүй ээ, энд чинь айл олно гэхэд дандаа л байрны дугаар нь давтагдаад байх хайшаа юм бэ?Улаанбаатарт бол тухайн хэсэгт байшингийн дугаар давтагддаггүй биз дээ хэмээн асуух, эргэлзэхийг хослуулахад тийм, тийм ч гэх хүн гарсангүй.Бас үгүй ч хэмээн сөрөгсөнгүй, унаанд нилээд удаан сууснаас агсагадсан уу? яасан хүмүүсийн зарим нь үүргэлж явтал:
     Хажуулаа газар ургана гэдэг нь ээ хө
     Хайлаасаа ìодны жам юмаа
     Харийн газар очноо гэдэг нь ээ хө
  Бүсгүй хүний заяа аа юмаа...хажуу тийшээ харцгаалаа.Өндөр,өндөр байшин л сүүхийхээс дуучны бараа харагдахгүй,Урагшаа, хойшоо, зүүнш,баруунш, ер хаашаа яаж ч хараад дуучны бараа үгүй.Арга барагдан дээшээ харлаа.Борооны манантай тэнгэр л...Үүргэлж явсан хүмүүс цөм сэржээ.Би:
 - Энэ газар талд яваа юм шиг хэн нь ингэж дуулж суудаг байнаа?Нэг залуу:
 - Сууж гэнэ шүү.Зогсож ч байгаа юм уу? яаж мэдсэн юм бэ? гэж байна.Дахиад л “Хажуу –уу лаа гаа- зар ургана –аа...автобус урагшлаад л байдаг.Нутгийн дуу дагаад л байдаг.
Автобусанд явагсадын нэг нь харласан монгол бүсгүй л байна.Нөгөө нь:
 - Солонгостой суусан хүүхэн л ингэж байхгүй юү.Өөр хэн ингэж байдаг юм бэ?Гуравдахь нь:
 - Та нар заавал энэ тэрд нэр оноох гээд байхдаа яадаг юм бэ? Нутгаа санасан нэг нь л дуулаа биз гэснээ амандаа дууг дагах янзтай гиншигнэв.
Яриа тэгсхийгээд намжсан ч хүмүүс дор бүрнээ бодолд автжээ.Амь зуух гэж хэцүүч юмдаа.Ийн дуугаар хань хийж яваа нь ганц тэр бүсгүй биш шүү дээ.Солонгост чинь 30000 монгол хүн байгаа гээ биздээ.Урд суудлын бүсгүй ингэж хэлэв.Одоо автобус дуулаачаас аль хэдийнэ холдсон ч гэсэн дуу хүн бүрийн сонсголд, зүрхэнд ахин давтан эгшиглэсээр авай.
Хүний харилцаа гадагшаа тэлэхэд дуу хүртэл төөрдөг ажээ.Яг л төөрсөн хүү, төөрсөн дүү гэдэг шиг л дуу ч бас төөрдөг гэнэм...”очноо оо гэдэг нь ээ хө “.Төөрсөн дуу эгшиглэсээр.Хэдийд нутагтаа очино доо хөөрхий.

                       2010 – 03 – 04.17.55.
                       Сөүл хот.
                 
















             АЖЛЫН МАЛ
                 
      Бага байõàä өвгөд таван хушуу малаа адуулж маллах,үүлдэр угсааг нь сайжруулахад ёстой л монгол ухаанаар харж хандаж, ажиж шинжиж, эдэлгээ, уналга,ачилга таталганд хэрэглэж ирсэн нь одоо бодоход сонин содхон.
   Манай нутагт Íÿìбал баяных гэж байлаа.Олон хайнагийн шартай.Өвөлжөө бууцнаас ховхрох, зуслан, намаржаанд буухад ачлага муутай, новш ихтэй айлууд тэднийхээс ачлага гуйна.Зүгээр нэг хайнагийн шарнууд биш,зүс нийлсэн хайнагууд сэлмэн эврээ сэжлэн явах нь сүртэй сайхандаа.
   Íÿìбал гуайн хайнагийн шарнууд дандаа бөөрөндөө хөх бөрлөн толботой ижил цагаан зүсмийнх.Цөмөөрөө ачлаганд сайн боловч эзэн нь бас шар шарныхаа ааш аягийг ажиглаж мэдээд ямар шарандаа ачааны хүндийг тааруулах,чангаадгийг нь хаана нь оруулах, тэргэлсэн хойно эзэнтэй ,эзэнгүй хөсгөө гэртээ аваад ирдэг түүчээгий нь хүртэл олж тохируулсан байдагсан.
    Хар яриагаар ажлын мал гэж ярилцах бодловч уналгын морь, ачлагын шар,атан тэмээдээ өнгө зүснээс нь эхлээд ижилсүүлж эдэлгээндээ хэрэглэж ирснийг одоо санахнаа нь нүд баясгах гадаад тал, сэтгэл татах өнгө зүс аль алиныг боддог байжүүдээ.
   Үүнийг дурсан санахын шалтаг шалтгаан ойрмогхоны нэгэн явдлаас үүдэл сэдэлтэйг өгүүлэх бус өгүүлэх нь.
    Нэг хэсэг манайхны залуус орон улсдаа ажиллаж, хөдөлмөрийн сайхныг амталж бас алдар нэр олж байтал 1990- ээд оны нийгмийн өөрчлөлт болж тайван байсан хүн олон үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг үймэлдэв.Цаг нь өөр, хүн нь чөлөөтэй болсноос, нөгөө талаар ажил хийгээд амь зууна гэхэд хөлсөнд авсан хэд нь таталдах учир авхаалж сүйхээтэй хэсэг нь хаяа залгаа орноос эхлээд хаа газрын орон гүрэн хүртэл явж ажил хийх,мөнгө хуримтлуулах аянд гарч өгөв өө.
    Миний мэт бэсрэг өвгөдийн үеийнхний залуу нас ажил хийгээд амь зууна,алдар гавьяа байгуулна,тэгээд улс орондоо хүчээ өгч байгаа нь энэ гэж бахархал төгс явдаг байсан бол энэ цагийн орон гүрэнд ажиллахаар одогсод мөнгө олно, тэгээд амьдралаа өөд татна гэсэн бодолтой оддог болвой.Харин ажил нь тэр бүрийд санаанд таарч тэнхцэхээр нь ховор живэр амуй.
    Ийм өөрийн дураар бус өрөөлийн эрхээр болсон хүмүүст чинь залуу халуун насаа бусдын нутагт жорлон ухаадчиг мөнгөжнө үү? Зоволгоо тасдуулаадчиг өнгөжнө үү? хаа хамаагүй болж нүдэнд нь өнөөх түйтгэрийн эзэн мөнгө гуай  өдөр ч мөнгө, шөнө ч харагдах юу гэмээр ч юм бэ дээ..Тэнд өнөөх миний түрүүн бага насанд хийх ажлын хоршил зохицол, сэтгэлд таашаал эдлүүлэхтэй хослох нь хол хаягдаж,мөнгө, мөнгө толгойд нь эргэлдэж, нүдэнд нь харагдах болжухуй.
   Залуу эр Нацаг ийм л нэг зорилгоор Солонгос Улсад очиж олохыг ч олж, долохыг ч долов.Нэгэнт энэ газар арваад жил болсных өвгөн болсон муу аавыгаа урьж юм үзүүлж нүд тайлуулъяа гэж санаад арга чарга хэрэглэн байж санасандаа хүрэв.
    Аав Бямба нь нас жар хол гарсан ч ануухан нэгэн.Өвгөн хүүдээ юу аваачиж өгөх вэ? хэмээн эмгэн, ах, эгчтэй нь зөвлөж,зөвлөж:
   - За мөнгөний газар “Нохойн битүү туурай,
                     Ногоон хурганы арьснаас бусад нь байдаг гэж санаад харин муу хүү минь сэтгэл баясгах юìаар л дутаж яваа байхдаа хè÷íýýí саéõàí ÷ идэж уух юм нэг хоёр хүнийх болдог.Унших ном, сонсох дуу нүд баясгаж, сонор мялааж гараас гарт дамжин хүүгий минь ижил олон багачуулын ухаан санааг нь цэлмээнэ.Өөрөө ч бас хол газрын орон гүрэнд очсоных тэр нутгийн дуу хуур сонсоно хэмээн сэтгэл баясан ирснээс хойш нэг мэдэхүл буцах цаг ойртжээ.
    Бямба энэ газар ирээд байдлыг мэдмэгц амьтан хүнд төвөг удаад юүхэв,гээд өөрийгөө мэдэн хэдэн өдөр гадуур алхтал хотын өнгө төрх, байшин барилгын нь өнгө донжийн зохицол хараад баймаар сонин аж.Хаа нэг Улаанбаатарт орж ирэхэд нэг гудамжаар орвол нөгөө тийшээгээ битүү мухар,оройтсон бол хашаа мөргөх нь битгий хэл, хана мөргөж ч мэдэх байшин савыг хараад үгүй ээ ер хэмээн цухалддаг байсан бол энэ газар хотын хүн ам нь Улаанбаатрынхаас бараг 12,13 дахин олон бөгөөтөл эргээд гарах гудамжтай, хуучны намхавтар барилга нь шинэ цагийнхаа 20,30 хэдэн давхартай өнгө дүрс, ур хийцээрээ найрсан зохицсоныг хараад бас ч гэж юм хийж сурсан улс овоолоход бус бүтээхийг боддог ажээ хэмээн урамшив.
   Том хотод ирснийх баахан дураар явтал төв замынх нь унаа тэрэг бараг түгжрэлгүй жирийлгээд хүссэн, санасан газар хүргэх нь манайд ийм болоосой гэх сэтгэгдлийг төрүүлнэ.
    Харин нэг л юм таагүй нь манайхаас энэ газар ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэй ямарч хүнтэй уулзсан мөнгөнөөс өөр юм бодохоо больсон юм шиг нь баахан тусгүй санагдав.
   Өвгөний авч очсон ном чиг, дуу шингээлтийн хуурцагчиг тэр орой л нэг хоёр хүн хуурцгийг нь сонсогчоон аядаж,номынх нь хуудсыг хагас эргүүлэхчээн болсноос хойш өвгөнийг буцах болоход бараг өлөн тоосонд дарагдаж бүүргэр саарал болжээ.
   Тэгээд ч угаасаа юм уншсан хүний нүд, царай хоёр ч андашгүй дээ.
Нэг л бүүргэр.Бямба энэ улс нутагтаа очоод юу хийдэг юм бол? хэмээн бодлоо.Хүү Нацагтайгаа ч хэдэн үг солив.Нацаг:
   - Аа яахав.Мөнгө байхад тэгээд болно биздээ гэнэ.
    Мөнгө байхад гэнээ? Мөнгийг чинь хүн олно.Харин хүнийг?Хүний сайхан сэтгэлийг юу олох вэ?Бас орлох вэ?..Бямбад хариулах үг олдсонгүй.Яагаад ч юм бэ? тээр нэгэн цагт хөдөө ярьж хэлэлцдэг ажлын мал гэсэн хэллэг санаанд орох нь гунигтай.
Хүүгээ харав.Ер юм бодсон янз алга.Харин энэ Улсын ярианы хэлийг овоо сурсан янзтай юм.Бямбыг юу ярьж байна гэх аястай харахыг мэдсэн Нацаг улбар байснаа харь газар баахан удсанаас шингэн болсон царайгаа хувьсхийлгэх мэт болсноо:
   - Маргааш нэг бохир арилгах ажил байсан зайлуулах хүнтэй болчохож гэнэ.Таныг явуулж байгаад л өөр мөнгөтэйхэн ажил хайхаас гэв.Яг энэ үед Бямба Анагаах Ухааны Дээд сургууль төгсөөд гурван ч жил ажиллачихсан , эрдмийн зэрэг хамгаалах элсийн шалгалтад тэнцчихсэн байсан хүүгээ онгоцнд суулгаж өгөхөөр ээжтэй нь хамт ирэхэд муу ээж нь:
   - За миний хүү хүний газар олон аавын хүүхэдтэй эвтэй яваад сайн ажиллаж их юм сураад ирээрэй.Эргээд ирэхэд чинь зүүн хацрыг нь үнсэе гээд хоцорч байсан санагдав.

                     2010- 03 – 08.Даваа.16.30.
                     Сөүл хот.













                ХУУЧРААГҮЙ ХУУЧ
                 
      Бид хэд ярилцаж суулаа.Бид гэдэг нь хорооны ахмадын зөвлөлөөс гаргаж өгсөн танхимд үе үе цугларч чөлөө цагаа өнгөрүүлж, ажил амьдралын туршлагаа хуваалцдаг хэсэг хүмүүс.Өдөр бүр эд нар цугларах боловч зав зайнаасаа болоод янз янзын мэргэжил, ажил сургууль эрхэлж явсан хүмүүс.Өнөөдрийн тухайд нэг зохиолч, багш, агрономич, автоинженер зэрэг тав зургаан хүн.
Юун тухай вэ?гэхлээр хүний мөс жудгийн тухай, хүнийг хайрлах, ашиглахын зааг ялгааны тухай яриа нэг ширүүсч ,нэг намдаж байлаа.Ширүүсэхийн учир гэвэл би 1940- 1950-иад оны уран зохиолд Ц.Дамдинсүрэн,Ш.Гаадамба гээд тэр үеийн нэртэй зохиолчид энэ сэдвийг өгүүллэгтээ дэвшүүлээд тэр нь хүмүүсийн ёс суртахуун,сэтгэлзүйд ухааруулах, сэхээрүүлэх үүргээ гүйцэтгээд өнгөрсөн гэвэл саяхан ярианд оролцож эхэлсэн нас тогтсон шөвгөр бор бүсгүй:
   - Тэр тиймгүй ээ, өнөөдөр ч гэсэн хотын муусайн нялцгай сэхээтэн нэр зүүсэн юмны хүүхдүүд хайртай, дуртай  нэрээр хүний аль сайхан  хөвгүүд, охидын толгойг эргүүлж ашиглаж, ашиглачихаад хаячихаж байгааг яах юм бэ?тэгвэл гээд самсаа нь сарталзаж байна.Би болон надтай санаа ойр байсан хөрш айлын Самбуу хэмээх цүлхгэр эр уухьчин:
   - Ийм юмаар үхсэнээ хийх гэсэн юм бэ?Ингэж дэмий маргаан үүсгэж байхаар уулзах завшаан гарсных хэд сайхан гэр барьчихая гэв.Яриа түр намдасхийлээ.Тэгээд сум модон даалуу шажигнан, ширээ бүтээх бүтээлгэ хайж эхэлтэл Намбал хэмээх бүсгүй:
- Та нар ч үр хүүхэд нь өсөж томроод жаргаж яваа улс гэрээ барина уу? Жаагаа хөөнө үү? өөрсдөө мэд.Би л лав Шадав шиг бэртэгчинтэй эвлэрхгүйдэг.Энэ Батжав хэмээн намайг чичлэх мэт зааснаа:
- Яалаа өнөөх та нарын зохиол чинь амьдралтай байлгүй болохгүй, хүний дотоод сэтгэл рүү өнгийнө энээ тэрээ гээд байдаг.Нийгэмд, залуу үеийн сэтгэхүйд бугшсан ийм бузар юмыг бичиж гийгүүлдэг юм бол тэр зохиолдоо тусгаад улайдаг нүүртэйгий улайлгаад,ичдэг сэтгэл гэж нэг юм байдаг бол түүнийг нь харуулж ичээгээд өгөөч.Тэгж чадахгүй л дээ.Аягүй бол үе цагаа мэдэхгүй өнөөх мэдрэмжийн зохиол бичнэ гэж тэнэгтэж яваа л даа хэмээхүй гэнэт миний шар хөөрч:
  - Бичсэн ч яадаг юм бэ.Алинаар нь ч бичсэн чадах л юì чинь гээд тавьчихав.Тэгтэл Намбал авгай энэ үгийг л хүлээж байсан юм шиг овосхийн босож ирснээ ярианд оролцогчдоос хэн нэг нь бултаад гарчихвий гэсэн шиг бөлцөн нүдээрээ бүртгэх аядсанаа нэг гүнзгий амьсгаа аваад:
  - За би хэлээд өгье.Үүнийг зохиол болгоод бичнэ үү? Зоосоо бодоод хаяна уу?өөрөө мэд.Та нар чинь нэг их ард түмэнтэйгээ хамт энээ тэрээ гэдэг биздээ?Би баримтийг нь хэлээд өгье гээд доорхи зүйлийг өгүүлэв.
  - Манай байранд улсад насаараа ажилласан олон хүүхэдтэй нэг авгай байдаг юм,зайлуул.Нансал гэдэг юм гэснээ нэрийг нь жинхнээр нь хэлэх үү? байх уу? гэж эргэлзэж буй бололтой хэсэг түгдэрснээ:
- За яадаг юм бэ? Зохиолч ямар тэр нэрээр нь бичих биш.Би ч зохиолын санаа гээч юм л хэлж байгаа болохоос биш зохиол бичиж өгч байгаа биш гэснээ,таван жилийн өмнө байна уу даа нэг хархүү нь айл боллоо.Хүүгийн эхнэр гэж гэж годгор бор охин.Хараажаар хүүхэд.Яармагийнх гэлүү дээ.Найр хөөр болсон тэр үед ёс дэгтэй л айлын охин шиг санагдаж байсан.Хурим ч болдгоороо болов.Айлын амьдрал ч хэв янзандаа орчихлоо.Хааяа хадам ээж бид нар нь тэòгэврийн хэддээрээ дайралдахад Нансал:
 - Манай хэд дажгүй ээ.Ажил, сургуульдаа явцгааж л байна гэнэ.Авгайн ярианаас сонсвол хүү нь сóргуулиасаа гараад нэг машин засварын газар ажил хийж байгаа гэнэ.Би л болсон хойно:
  - Хүүеэ, хүүгээ сургуулиас гаргадаг нь яаж байгаа юм бэ? Төгсгөхгүй гэвэл авгай:
  - За Намбаа минь айл гэрийн амьдрал, залуу хөгшний ялгаа чинь зааж зурснаар болдоггүй юм байна.Уг нь өрхийн тэргүүн нь л түрүүнд сургуулиа төгсөж ахиу цалинтай юманд хүрмээр юм.Тэгтэл бэр маань сургуульд орох гэнэ.Орох нь ч орчихлоо.Сургалтын төлбөр гэж нэг хэцүү юм байна.Тэгээд л хүү маань ажил хийж бэр маань дээд сургуулийн оюутан болсон.Хөөрхий минь их ч ороéтож ирэх юм.Надад яахав гэрийн новш ухахаас өөр ажил байх биш.Муу бэрээ сургуулиас ирэхэд нь аяга халуун хоол, цайтай байлгах л гэж явах юмдаа гэв.Үүнээс нилээд хожим нэг юм машиндах аятай болсон чинь бүч хадах өөдөс, цуудас хэрэг болоод гэрээр нь нэг орвол өнөөх бэр бөмбөн цагаан болчихсон баахан аяга, таваг тойруулчихсан сууна.Нансал гал зуухнаас цухуйснаа хуруугаараа дохиж байна.Наашаа ороод ир гэж байгаа бололтой.Би ч яваад орлоо.Нансал цай аягалав.Би эрсэн юмаа асууж цайгаа уучихаад гарахдаа:
 - Бэр ч бөмбөн цагаан охин болжээ.Сургуулиа төгсөх дөхөж байгаа юу гэвэл Нансал хацартаа алгаа нааж ирээд л:
  - Тиймээ хө.Юм ч ирсэн өдрийнхөөрөө байдаггүй юм байна.Өөр болоо биз.Одоо ч миний гэр энэ л болсон шүү дээ гээд гал зуухаа заав.Энэ ч яахав.Залуу улс хэзээ мөдгүй тусдаан л гараад явчихна гэж бодоод:
  - Хаа сайгүй тийм л болох юмдаа.Харин бэр чинь тэр тойроод хэвтэж байгаа аяга,тавгаа хураачихгүйдээ гэвэл Нансал чихэнд шивэгнэх шахам өнөөх л алгаараа хаасан чигт:
  - Харин тиймээ.Би л хоол, цайгий нь зөөж гүйсээр байгаад муу зан сургачих шиг боллоо.Тэгээд нэг юм болох байгаадаа гэснээ инээх аядав.Түүнээс хойш жил гаруй болов уу даа.Нансалтай гадаа дайралдаад хэдэн үг сольтол:
  - Хүүшээ, өнөөх чинь байдаггүй ээ гэв.Би ч дотор палхийж өнөөх муу бэр нь осол аюулд орсон юм болов уу гэж бодтол Нансал:
  - Яваад өгсөн.Хаашаа. Мэдэхгүй.Муу хүү маань таван жил л машины тостой хутгалдсан халтар царайтай юм оюутны сургалтын төлбөрийн мөнгө олох гэж зүтгэсэн.Тэгтэл төгсөх ч болов.Саяхан нэг өдөр төлбөрийн зуун далан мянган төгрөгний дутуу нэхэгдээд байна гээд л сургуулиасаа гэр рүү ч утасдаад л, хүүгийн гар утас руó ч залгаад л байсан.Чи мэднэ шүү дээ.Манай хэд ах дүүсээрээ нэг машин засварт ажилладгийг.Тэгээд нэг нь төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөгийг аваад л бэрийн сургууль орж гэнэ.Хүү, хүргэн хоёр яараад гар, нүүрээ ч угаагаагүй нил тос болсон улс.Охин маань л арай тос тортог багатайгаараа бэрдээ мөнгө хүргэж өгөхөөр дурдсан газар нь очтол:
  - Яасан уддаг юм бэ? Батнаа хайчсан юм бэ? гэнгүүт сарвайсан мөнгийг нэг бүрчлэн тоолсноо цаг болчихлоо гээд гүйсэн байгаа юм.Тэгээд л сураггүй.Оюутнууд төгсөв, сураггүй.Энгэрийн тэмдэг, үнэмлэх бичгээ авав,зурагтаар л гараад байхаас биш, сураггүй.
 Сураггүй болсон бэрийн тухай зохиолч гуай танд мэдэгдэв.Сургамжтай сайхан зохиол бичиж гийгүүлээрэй гэснээ Намбал авгай намсхийв.Яриа ч дахиж өрнөсөнгүй.Даалууны дуу ч сонсогдсонгүй.Харин би л гэртээ ирсэн хойно хуучирчихсан мэт санаж явсан сэдвийг дахин нэг хөндөхөөр бэх цаас нийлүүлэв.
Зохиол болгоно гэхээсээ илүү Намбал авгайн эгдүүцэнгүй ярьсан яриа сургамжтай ч юм шиг.
                      2010 – 03 – 11.Пүрэв гараг.10.29.    
















                    ПРОЩАЙ
                
                                Анх чамайг харсан минь
                                Аятай сайхан учрал байж...
                                /А.С.Пушкин.”Ахмадын
                               охин “туужийн шигтгэл үгнээс/
    1950-иад оны эхээр юмсан.Тэр жилийн зун нутагтаа очлоо.Сургууль соёлын мөр хөөсөөр хавьд очоогүй муу аав, ээждээ нэг үзэгдэж баярлуулъя гэж,эхэндээ мөстэйгөө зусдаг “Хүйс”-ийнхээ тунгалаг булгийн усаар чанасан цайг ууя гэж, зүлэг ширгэн дээрээ хөлбөрөн сэтгэлээ баясаая гэж бодсон хэрэг.
Тэр цагт их сургууль төгссөн хүн хөдөө газар үзэгдэнэ гэдэг нүдний гэм.Сүүний тасаг зэллэчихсэнийг ч хэлэх үү айлуудын гэр булгийнхаа хоёр талаар мөөгөн хэлбэрээр бөмбийж цайраад л.
 Би аав, ээж, ах дүү, ус нутгийнхантайгаа золгох гээд, голынхон ч хавь савд үзэгдээгүй намайг сониучирхсан ч юмуу өдөр өнжилгүй манайхруу цувраад найр хөөртэй байлаа.
 Сүүний тасагт саальчид сүүгээ тушаачихаад оройдоо найрлана.Лунхгар,лунхгар өвгөчүүл найрын эхийг авч, авгай хүүхнүүд шимийн барааныг хундагалана.Цай цүй чанана.”
Найрчид “Бат хөлөг”-өө дуулж, “Саруул тал”-аа уянгалуулж, тэгсэнээ нэг л мэдэхэд:
Хоот-гойдын у- на- га –аа
Хон- гор хаа- л- зан мо-о-рь минь дээ
Хо-рин та-ван наа- сан - да-аа
Хоохон цо-олыг ав- лаа даа...хэмээн найгалзан дуулах бөлгөө.Найрчид хөгшид хүүхэд ялгалгүй нүд дүүрэн нулимс мэлмэлзүүлсэн нь үзэгдэнэ.Яагаад хөгшин залуугүй энэ дууг дуулдаг, дуулахаараа уярдгийг ч нэг их анхаарахгүй явждээ.Найрчид нутагтаа байгаа мөртлөө л бие биенээ нэг их хайрласан харцаар ширтэцгээгээд л, хөгшчүүл нь хундагатайг тогтоож, идэр, дунд насныхан уруул хүргэж, найрч,дууч бүсгүйчүүл хаа нэг чилээчихэж байгаа нь үзэгдэхээс бус аархан ханхалзах, агсам согтуу тавих гээч юм байсангүйдээ.Үеийнхэн маань хот газар удсан хүний дуулахыг сонсоё гэж, настайчуул ч бас дэмжих янзтай тул би шинэ цагийн нэгэн хоёр дуугаар ая барина.Тэгж байтал ч найр хавтгайрч хоёр талаасаа дуулцгаана.Намайг ая барьсны дараа найрын ловон:
- За миний охин нэг ая бариад орхи хэмээхүй тормолзсон хар нүдтэй охин хот газрын надаас бишүүрхсэн үү яасан хэсэг тонгойн зогссоноо хоолойгоо аяархан засаад:
             Нарийн сайхан хээрийгээ
             Намрынхаа хяруунд сойнодоо
             Настай буурал аав,ээждээ
             Нарнаас өмнө золгонодоо хэмээн часхийлгэхэд найрчид нулимс мэлмэлзүүлэнхэн тослоо.Охиныг дуулж өндөрлөхөд ловон надад хандан хэлж байгаа мэт:
  - Зиа манай голын дуучдын хойч үедээ.Булганы найрч Сэдээгийн   охин.Чи мэдэхгүй ээ.Манай Цэндээгийн нөхөр./Цэндээ гэдэг нь манай голдоо л сайхан бүсгүй нэг байж шуугиулж,цуугиулж яваад хот явсан бүсгүй.Надаас бас арваад ах байх./Дэргэд суусан миний үеийн Дорждагва тонгойсхийснээ:
  - Бөх Дагва гуайнхны Цэнд.Тэр хотоос Булганы хүнтэй суугаад ирсэн юм гэхэд амнаас нь шимийн архины үнэр сэнхийж байв.Охин аймгийн дунд сургуульд сурдаг,сумын урдаа барьдаг уран сайханч гэнэ.Би саяын дууг надад зориулсан юм шиг санаж:
  - Нээрээн ч настай болсон аав,ээждээ золгохгүй юун олон жил болж вэ дээ хэмээн бодолхийлж суулаа.     
 Тийм нэг зуны орой найр жаахан эрт тарах янзтай болоход залуус “Цүү “ хаяж тоглох юм болж намайг наадаандаа яваач гэлээ.
Зуны шөнийн саран залуусын шуугианд автав уу гэлтэй сүүн гэрлээр туяарна.”Дондол” толгойн өврөөр янзтай хэн нэг нь хаялаа шүү, хаялаа.Олоорой гэнэ.Хүүхэд, залуус наадаанд оролцогчид бөөнөөрөө нэг зүг хошуурна.Тэгсэнээ бас нэг нь оллоо, оллоо гэхэд бас тийшээ гүйлдэнэ.Би хэдүй цүү хаях наснаас хэтэрсэн ч наадаанд оролцогчдын аяыг дагаж хаа нэг гүйж харайж явтал, өмнөхнөөс нэг бага бүсгүй тонгойн цүүг эрэх аятай бөхийхөд би оллоо, оллоо хэмээн цүүтэй булаалдахуй залуус ч бид хоёрын зүг хошуураад ирэв.Би цүүг хаяад зугтахад хүмүүс тэр зүг одоод, харин бүсгүй бид хоёр нэгэн дор үлджээ.Түүнтэй хэдэн үг соливол бүсгүй ч юу байхав, хавар 10 анги төгсөөд гадаадад дээд сургуульд явах хуваарь авсан гэхэд нь царайг лавлан харвал өдрийн найр дээр цангинуулдаг охин байлаа.Нэрээ Гэпилмаа гэв.Зөрөөд явах гэтэл Гэпилмаагийн халуухан хацарт уруул хүрчихэв.Охиныг би мөрнөөс нь татвал халуухан амьсгал нь дотор гижигдэж байна.Хэдийвээр би гэдэг хүн гуч өнгөрч байгаа, ахын ах байхаар ч гэсэн эр хүний хувьд орой найр тарахын үес гэрээс гарахад харц мөргөлдөж байсныг нь санаж дотроо мөн байна гэж сэтгэл минь шивнэж байна.
Түүний лавай цагаан шүд шөнийн сартайд гэрэлтэм, хотогойд бүсгүйчүүдийн цагаан шар царайны дэвсгэрт хацарт шунхадсан мэт улаа бутрах, өсгий дарах урт хар гэзэг нь дэргэдэхийг мартагнуулж, дээлтийг шаналаам гоо билээ.
Гэпилмаа бид хоёр харц мөргөлдөн хэдэн үгийн солионоос хэтрээгүй боловч түүний хол явах сэтгэлийн оч нь надад хоргодосхийж,гуч гарчихсан,гарчихсан ч юу байхав,гучин хоёртой хот суурин газрын би Гэпилмаад юу хэлэлтэй нь билээ.Тэгтэл ч бас тийм санааны зоргоор болдоггүй хорвоо санжээ.
Гэпилмаа яасныг мэдэхгүй.Миний хувьд түүнтэй учирсны маргаашнаас хэд хоног, бүүр хэдэн өдөр оройн найрт ч явамгүй,сав л хийвэл түүний царай дүр нь харагдан сэтгэл дэнслүүлэв.
Тийн сэрүүн хангайн сэвшээ дэгдсэн зуны сүүл сарын нэг өдөр би гэдэг хүн  удалгүй ээлжийн амралт дуусах дөхсөн болохоор улсын нийслэлийн зүг хөлгийн жолоог эргүүлж, харин Гэпилмааг аав, ээж нь тохь томоотой хот мэдэх надад даалгав.Арван хэдэн насны зөрүүтэй биднийг аян зам, хувь тавилан хальт уулзуулаад Гэпилмаа ч гадаадын сургуульдаа явж, би  ч хойтон жил нь зүүн аймагт ажиллахаар томилогдсон тул бид дахин дайралдсангүй.Гэхдээн л хааяа нэг нутагт амарснаа бодохуй “Нарийн сайхан хээр”-ийн ая сонсогдож,Гэпилмаагийн эгдүүтэй мөшилзөх,өндгөөр дарчихсан юм шиг хацрын хонхор,зүүн чихний урдтаах мэнгэ нүднээ харагдаж хэзээ нэг цагт уулздаг ч болоосой гэж бодогдох нь гайхмаар.Нутгаас хол яваа надад Гэпилмаагаас захиа ч ирэхгүй, би ч тэр үед хаягаа явуулаарай ч гэж хэлсэнгүй.Одоотой адилгүй болохоор гэрээс л хаа нэг захиа ирнэ. Гэрээс ирсэн захианд Хөдөө хязгаар нутагт Хөвсгөл далайн захад суугаа аав, ээж хоёроос нь.Өндөр уулыг давуулан, өргөн мөрнийг гатлуулан өөрийн муу хүүгийнхээ амрыг асуун мэндчилье хэмээн хэн нэгнийг гуйж бичүүлсэн нь илт мэдэгдэх хэвшиж тогтсон үгээр захиа эхлэснээ: 
 Бид хоёрын санавал: Хүүгийн минь эрхэлсэн ажил амжилттай,төр улсын ажил төвшин нуруутай,түмэн олныхоо дунд нэрээ дуудуулж, алдраа мандуулж яваа буй за.Алс нутагтаа суугаа аав, ээж хоёр нь таван хушуу малаа тоо бүрэн өсгөж,ус голынхныхоо тус дэм, ах дүүсийнхээ ачлалаар бие эрүүл,сэтгэл амар суумой гэснээс аав, ээжийн минь хэлье гэсэн үг эхэлдэгсэн.Захидлын үг нь цааш манай эндэхийн сонин гэвэл: сумын наадамд Чагдаа арслан, дэгээ Дэндэв хоёрыг үзүүр түрүү булаалдахаар наадамчдын өмнө  дэвж шаван ханхалзахад ,Хаазай Дэнзэн Тарган нуурыг цалгитал,Тарлан хайнагийг өндөлзтөл бөхийн цолоо дуудаж,Ходон Жадамба гуай жингэнэсэн хоолойгоор мориныхоо нуруунд тогтож ядан айргийн тавын морьдыг асрын өмнө амгай зуузайг нь гялалзуулан, бэлэн цэцнийг гайхуулан цоллосон нь энэ зуны зугаа, эрхэм төрийн наадмын сонин болвой.   
   Нутаг нугынхны ажил амьдралаас хачир нэмэргүй харж үзсэнээ дуулгавал:
Араа Содномынх Ангиртдаа,
Арслан Чагдаагийнх Тасархайдаа,
Буудаг Дэмчигийнх зусландаа.
Бугуйлч Чоймбойнх Тогоруутдаа
Буурал Жадамбынх бууцандаа
Буй олноороо мэнд ээ.
Сүүний тасаг Хүйстээ
Сүхийн Доржийнх Хулагчиндаа
Өндөр Дондовынх Чулуутдаа
Өвгөн Очирынх Барчгартаа амар тайван сууж байна аа.
Тэр жил хүүгийн минь ирснээс хойш
Энэ жилийн наадмыг хүртэл
Аавын олон хүүхэд
Ардын цэргийн албаа хааж
Өрх үүсгэж,сум сунгаж
Өргөө гэрээ толгойлж явнаа...энэ мэтийг сонин болгосныг уншихуй тэрхэн зуур нутагтаа очоод ирсэн шиг болж нээрээн л Ходон Жадамба хэмээх толгойдоо хэдэн солготой туранхай хөх өвгөн жил,жилийн баярын магнайг цоллож байдаг санагдана.Тэгээд захидлын төгсгөлд муу ээжээс нь хүүдээ аминчлан захих нь гэж байгаад л:
- Одоо миний хүүгийн нас талийж өглөө.Өвгөн болсон аав,эмгэн болсон ээж хоёр нь хүүгийнхээ айл гэрийн голомт бадраахыг насныхаа танагтайд харж,ачийнхаа зулайг үнэрлэмээр байгааг хэрэг болгон дуулгая.Голын охид ч өслөө.Чамайг хардаг нь ч хөгширлөө.Тээр жилийн чамайг ирэхэд найрын дуу дуулдаг охин чинь одоо бүүр оросын сургууль гээчийг төгсөөд хот газар суугаал дуулдах юм.Холынх ч гэсэн голд маань өссөн юм.Эрж сураад уулзахад яадаг юм бэ?гэж ирээд л ээжийн минь үр минийхээ тул зовсон сэтгэлийн үгээр төгсөнө.
Нэг тиймэрхүү явтал би гэдэг хүн Улаанбаатарт сууж Хэнтийн буриад бүсгүйтэй ханилав.Хүү, охин хоёртой ч боллоо.Аав,ээж хоёр минь жингээр өвлийн хүнс дөхүүлэнгээ нэг ирж сар болоод буцахдаа:
- За хүү минь насны залуу идрээс  алба ажил хашиж, төрд данстай, түмэнд нэртэй албан хаагч, өрх гэрийн эзэн болжээ.Хань ижил, үр хүүхдээ сайн харж хаацайлж яваарай.Орой гэрлэсэн хүн донгио байдаг.Оройтож тошсон бух онд муу ордог гэсэн үгтэй юм шүү.
гэснээ ээж минь:
   - Муу хүүгээ арай ч хатуу хэлчихэв үү?Зөнөж байгаа юм байлгүй.Эвий, эвий гэснээ баруун хацар үнсчихээд эргээд уулзахдаа зүүн хацрыг нь үнсэе гээд явж билээ.

                     Хаахана ч газрын Галбингаа шувуу
              Хангинан дуулаад донгоддог билээ хө
              Хаахана ч холын хүний л үр
              Харцаараа даллаад уйлдаг билээ хө
                                     / Дуунаас/
    Эрдмийн зэрэг хамгаалаад хэдэн жил болж байв.Хэдүйгээр Их сургуулийг харьцангуй эрт төгссөнчиг гэсэн алба ажлын боломж харсаар эрдэм шинжилгээний байгууллагад оройхон орсон юмсан.Насан залуугаас сонирхсон сэдвээ хаа явавч сэтгэл, оюундаа тээсээр ахмад эрдэмтдийн сураг тасрахаас өмнө нэг юмны сэжүүрээс барьсан минь их аз байлаа.Яахав олон жил багшилсных энэ нэрээр дуудуулах шавь хэдтэй явсан үе юмсан.
   Гэртээ харихаар унаа хүлээж зогстол:
    - Сайн байна уу?Та гэх дуун гарах зүг харвал нас тогтсон гэх тийшээ явж байгаа эмэгтэй байлаа.Нүд хөмсөг нь их танил энэ бүсгүйтэй чинь хаана тааралдлаа гэх шиг юм бодон гайхах аядтал бүсгүй миний эргэлзээг гадарласан мэт:
    - Гэпилмаа байнаа.Та арай танихгүй байгаа юм биш биздээ хэмээн дуу гарахуй оюунд эртнээс хадгалагдсан оч гялсхийх шиг.Юун түрүүн нүүррүү нь дахин харвал,тийм миний нэг хэсэг оюун сэтгэлийг минь эзэмдсэн хүн мөн.
   Намайг идэрхэн явахад хангайн болсон жимс шиг явсан хүн өнөөдөр төлөвшиж тогтчихоод өөдөөс зэрмийтэл ширтээд зогсож байгаа нь үлгэр мэт.Би:
   - Аан тийм.Яаж мартах билээ гэнгүүт бид хоёрын уулзалдалгүй удсан ярианы ужиг сэжүүр хөврөөд явчихав.Гэпилмаа:
   - Би таныг харсан тэр өдрөөс л эр хүн гэж ийм сайхан өнгө зүстэй, хийморь жавхаатай явдаг юм байхдаа гэсэн хүүхэд наснаас шилжих цагийн гэнэхэн бодол минь өнөөг хүртэл сэтгэлийг минь хөтөлж явлаа.Тэр үед та, бид хоёр хэн хэндээ үг хэлээгүй ч “Дуугүй явсан тэр минь” гэдэг билүү? Нэг дуунд гардаг шиг хичнээн ч жил болов доо.Би Гэпилмаагийн ярианы завсраар хаана ажиллаж, амьдарч байгаа,хань ижлийг нь асуувал торч тээглэх ч юмгүй:
   - Та намайг орост сургуульд явахад алс явах унаанд суулгаж өгөөд хацрыг минь үнссэнээдээ.Тэр өдрөөс л нутагтаа байхад бараанд тань  сүрдэж явсан бага бүсгүй миний сэтгэлд байраа эзэлсэн.Ядахдаа зүгээр нэг захиа бичье гэхэд хаяг ч байдаггүй шүү.Юм их хачин байдаг юм билээ.Тэгж таныг санан шаналж байхдаа би өөртөө:
   - Үгүй, үгүй яалаа гэж тэр чинь зүгээр л нутгийн хүн байхгүй юү.Ах минь байхгүй юү гэж сэтгэлдээ шивнэх тоолонд:
   - Үгүй ээ, тэр хүн чинь л харин чиний хань чинь болох хүн.Заяаны хань чинь гэсэн үгс цээжинд хөврөн орж ирэхийг яана.Та тэгэхэд чимээ ч байхгүй шүү.Арван жил...хорин жил.Зун гэртээ харихад ээж тань таны нэрийг хэлээд миний хүү уулзалдаж байна уу?Уг нь миний бэр байх учиртай юмсан гэхэд нь эх хүний зөнд итгэн, итгэн мөн ч олон жилийг барж билээ...Гэпилмаа үг сүггүй хэсэг уйлав.Би хажуугаар гайхах мэт харсаар зөрөх олноос зовох боловч яагаад ч юм бэ? би бас нэг ийм үгийг сонсох учиртай юм шиг дотор бодогдож тээрр хэдэн жилийн өмнө уван цуван ертөнцийн үнэний багш болохоор одсон аав, ээж хоёрыгоо дурсах тутам нутаг харагдаж,нутаг харагдах тутам тэр зуны найр, арван найман настай Гэпилмаа сэтгэлийн минь хамаг орон зайг эзэлж байв.Гэпилээ?Би аяархан дуудахад тэрбээр надруу гомдсон, бас ямар нэг нааштай үг хэлэх болов уу? гэж горьдсон, дулаан бүлээн үг хүссэн нүдээр харав.Бүсгүй одоо овоо тайтгарчээ.Хань ижил, үр хүүхэд ,тогтсон амьдралтай болсон би гэнэтхэн яагаад ч юм бэ?ядахдаа энэ орой гэртээ харимгүй санагдав.Ийм бодол төрөхөд хань минь буруугүй.Бүхэнд би л буруутай юм шиг.Гэпилээ...дахин дуудахад тэрбээр миний л анх харж байсан хацар дээгүүрээ бөмбөрсөн нулимстай надруу нүүрээ эргүүлэв.
   - Чиний ажил амьдрал ямар байна.Гаднаас нь харахад мэдээж тэрээр ягтаа тулсан шинж үгүй,өнгө зүс сайтай байгаач би асуумаар санагдаад ингэж дахин асуусан юм.Бид хоёр алгуурхан зам нийлсээр нэгэн зоогийн газар ярьж суув.Ажил тарсны дараахан ирсэн санагдана.
Түүний ярих нь намайг бодсоор яваад амьдралд хийсэн анхны алхам нь алдаа байсан.Түүний үр нэг охинтой.Сураг ч гарахгүй тэр хүнийг хүлээсээр насны нараа дуусгалтай нь биш.Нэг хүнтэй танилцсан нь  арав шахам ах тэр хүн гэр бүлтэй байж.Гэхдээ хүн нь өөрт нь даанч сайн байснаар ханилав гэнэ.Үеийнх нь бүсгүй энэ тухайд Гэпилмаад:
   - Танай Цээнээ яахав, аав,ээж хоёрт чинь шөлний гуя зөөсөөр байгаад хүргэн нь болчихсон гэж алиалдаг гэнэ.Цэргийн дарга явсныг нь тэгж хэлж байгаа гэнэ.Би яахав хорь гаруй жил түмний хүүхдийн өмнө багш гэж хэлүүлж явна.Асгарах юм шиг гарсан гурван охинтой,амь шигээ хайрлах ганц хүүтэй.Охидын түрүүч нь зээ гаргачихсан ийм үед л бид хоёр учирч байгаа нь энэ.Хүний хүслэн, хорвоогийн хяслан хоёр ихэрлэж байдаг тулдаа л амьдрал гэж байдаг мэт.
   Гэпилмаа бид хоёр ийн хууч дэлгэснээс хойш эхлээд хааяа, дараа нь ойр, ойрхон уулзалдсаар нэг л мэдэхэд бас нилээд хэдэн жил болжээ.Тэр ч миний, би ч түүний занг гадарлахтай болов.
   Амьдрал гэдэг мөсөн хажлагатай байшинг зад татаад ертөнцийн хаа нэгтээ одъёо гэж хэлэлцэж явсан ч өдөр бий.Гэхдээн л эцсийн шийд гарахын үед хэн, хэн маань:
   - Өдий хүрчихээд юү хийх вэ.Хүнд чинь хэн хүний нүдэнд зөв харагдах, зөвшөөрөгдөх үе гэж бий.Бүх юм цагтай.Цагий нь өнгөрсөн юмыг хэн ч хүлээж авдаггүй юмаа гэж ухаалгаар хэлэлцсээр бас хэдэн жил болов. 
Гэпилмаагийн нөхөр Цэдэвсүрэн сайн л хүн.Их сүйтгэлтэй/ нэг амьдралаа нурааж /олж авсан юм болохоор,хартай ч,хайртай ч
 Шинэ жилээр ажлынхантайгаа нэг оройг барж, үүрээр ирэхэд Цээнээ гэргийгээ барьж аваад хөнжилд нь боож чамайг ингээд алчихая хэмээн хутгаар хөнжлийг хаа сайгүй сийчсэн нэг явдал бий гэнэ.Тийм болохоор Гэпилмаа Цээгийнхээ нүдэнд харагдахаас амиа гартал айна.Гэмтэй юман дээр ч айна.Гэмгүй юман дээр ч айна.Би тэгэх тусам нь:
 - Наанаа сайхан царайлж, цаанаа хөгийн юм санаж явдаг эр вэ.Ингэвэл ч харин гэж санах боловч бас эрүүл яваа юм болохоор гэргий хүүхдээ өрөвдөнө.Тэд бидний энэ явдлын золиос болох учиргүй.Ээжийн минь захиа болгондоо нэрий нь дурдаж байсан Гэпилмаатай ханилаагүй ч миний хань амьдралыг сөрж бардаггүй элээж бардаг жамыг ухаарсан нэгэн.Огцом, цавчим олон явдлыг минь нүдээ аних мэт өнгөрөөж, заримдаа ч сонсголгүй мэт байсаар аагийг минь дарж,амьдралыг минь түвшитгэж өгсөн ачийг яалтай билээ.   
   Гэхдээн л Гэпилмаа бид хоёрт хэн хэнээ мартаж болохгүй олон учрал шалтгаан байлаа.Хүний сэтгэлийн ñýæèì бид хоёрт их гүнзгий байсан шиг.
Санаанаас гардаггүй юм.Гэпилмаагийн ганц нагац эгч нутагтаа байв.Бид улсын тэргүүний сургууль шалгаруулах ажлаар яваад буцахад зам дагуу тул эгчийнхээр нь орох юм боллоо.Гэпилмаа чингэтэл эгчтэйгээ ээжээсээ хойш нэг ч уулзаагүй арваад жил болсон тул их балмагдаж байгаа янзтай.Гэрийнх нь бараа харагдахад л царай нь хувираад л аягүй бол унаж ч мэдэх шинжтэй.Машин дүүрэн яваа улс үүнийг ажиглаж байгаа ч янзгүй.Би Гэпилмаагаас: Зүрхний эм уухуу?гэвэл тэгэе гэж байна.Айлын гадаа ч ороод ирлээ.Нохой хорио гэвэл гэрээс настай эмэгтэй гарч ирлээ.Энэ лав Гэпилмаагийн эгч нь.Би машинаас түрүүлэн гарч амрыг нь эрж, хэнийх гэдэг айл болохыг нь асуулаа.Нагацтай нь энэ тэрийг хуучлах зуур таны дүү Гэпилмаа ойрд танайхаар ирэв үү?Та хот орж уулзав уу? гэхэд хөгшин:
- Үгүй ээ.Алга л байх юм байна шүү дээ.Өөрөө дүүгий минь таньдаг хүн үү? гэж байна.Нэг их тэвдсэн ч янз алга.Би бас ингэж тойруулж асуудаг нь урьд өөрт тохиолдсон тохиолдсон хоёр явдлаас үүдэлтэй бөлгөө.  
   Намайг багад авга эгч минь сургуульд явах гэсэн чинь аав нь явуулахгүй болохоор гэрээсээ гарч шууданд суугаад оргочихсон юм.Гэртээ ирэлгүй зургаа долоон жил болсон байх.Тэгтэл намайг хоёрдугаар ангид ордог намар авга минь хотоос аймагт, аймгаас суманд шуудангийн машинаар ирж яваа дуулдав.Манай хот айлынхан ч бөөн хөл.Харин буурал аав минь л их тоомсоргүй янзтай:
  - За тэр муу тэнэмэл хүүхнийг хүрээд ирдэг юм бол тэнэдэг мөчий нь тас цохиод орхиёо байз хэмээн гэрт орон гаран таягаа тулж явав.Сумаас одоо шуудан ирж байна гэсэн мэдээ ирэв.Буурал аав ууртай чигтээн л.Морьтой хүн түрүүлээд уяан дээр буугаад одоо энүүхэнд гүвээ даваад ирж байна гэсэн хэл ирэв.Буурал аав ууртай ч гэрээсээ гарахаа болив.Гаднаас хүн авга эгчийг морио уячихаад ирж явна ãýæ õýëýõýä áуурал аавын дуу суларсан шиг санагдав.Хаалга онгойн авгыг инээмсэглэсээр орж ирэхэд буурай нэг харахнаа муужраад уначихсан байж билээ.
       Бас миний нагац ах гэж намайг их санадаг хүн байлаа.Нүдэнд нь үзэгдэлгүй хоёр жил л болчихвол, гэрт нь ирэх гэж байгаагаа холоос дуулгахгүй бол миний бараа харуут хашаа тойрч гүйгээд гэртээ орч чадахаа больчихдог хүн байсансан.
Ийм явдлыг нүдээр үзсэн тулдаа л Гэпилмааг нагацтай нь уулзуулахад болгоомжилсон хэрэг.
Тээр нэгэн хавар би санаачилж Гэмпилмаагийн төрсөн бууцанд уулыг араас нь зүтгүүлэн байж давж очсонсон.Яг л миний нутаг шиг,Гэпилмаагийн аавын нутагшсан “Хүйс”-ийн булаг шиг эхэндээ мөстэй нарийхаан булаг.Хавар эрт байсан болохоор харзалсан хэсгээрээ урсаж байсансан.Хавь тойронд нь адуу, үхэр билчээд л,тэртээ тэнд ганц нэг айлын бараа харагдаад сайхан байж билээ.
Бодоод байхад Гэпилмаа бид хоёрт баяртай ч олон учрал бийсэн.Гэпилмаа дээд сургууль төгссөн тухай дурсамжаа надад ярьсансан.Охиноо дээд сургуулийн диплом өвөртлөөд гэртээ ирэхэд
Хамгийн их баярласан хүн нь аав нь байж.Маргааш өглөө нь л охиндоо за хоёулаа миний багын найз нэг эрдэмтэнтэй уулзанаа гээд Õýë-çîõèîëûí õ¿ðýýëýí îðæ.Үүдний жижүүрээс найз эрдэмтнээ сураад өрөөнд нь орж.Баахан хуучилж.Охиноо өөрийг нь дагуулж эрдэм шинжилгээний ажилтан болгох санаатай тухайгаанч дурсаад авч.Харин тэр найз нь нөхрийнхөө үгийг хичээнгүйлэн сонссон ч манайд орон тоо байхгүй юм байна л даа гээд тодорхой шийдгүй гаргаж.Тэр үед аавынх нь бодлоор багынх нь найз монголын хамгийн том эрдэмтэн байсан нь үнэн боловч намын шийтгэлгээр энэ байгууллагад ирж толгой хоргодож байсныг охин ч , аав нь ч яахин мэдэх билээ.Гэпилмаа үүнийг ярих болгондоо муу аав минь намайг нэг их эрдэмтэн болчих юм шиг бодсон байхдаа гэхээс өрөвддөг юм гэсэн нь намайг ч бас юм бодуулсан байх.
Чингээд би Гэпилмааг шахсаар байж эрдмийн зэрэг хамгаалах уралдаант шалгалтад оруулж билээ.
Тэрбээр эрхэлсэн ажилдаа хичнээн зүтгэлтэй боловчиг эрдэм шинжилгээний ажил оролдох болохлоор л за даа энэ ч миний хийх ажил биш.Надаас бусад нь л хийг хэмээн хэд хойш тавьсанчиг аргадаж, аашлаж дөхүүлсээр уг ажлаа гүйцэтгэсэнсэн.Угийн хичээнгүй түүнийг олон шөнийн нойроо хагаслаж, багш гэдэг барагдашгүй их хөдөлмөрийн альхан нэг чөлөөгөөр эрдмийн ажлаа дуусгасныг мэдэх цөөхөн хүний нэг нь би.Ингээд бодохлоор бид хоёрт харах нэг чиг,хандах нэг зорилго байсан нь ч тодорхой юмаа.Бие биеийг ихээ мэдэх болсон хойноо бид хоёр нэг гэрт нийлбэл яах байсан бол гэхэд минь:
- Өө, тэр бүтэхгүй, бүтэхгүй гэнэ.Яах байсныг хэн мэдлээ.Одоо бодож байхад заримд түүний хэлсэн ортой мэт санагдана.
Айлын ганц охин болохоор багын зангаа тавихгүй.Нэг тунихаараа гурван сар бол элбэг дуугарахгүй.Тэгсэнээ нэг л мэдэхэд дуу шуу болчихсон явна.Би ч бас хүнээс дутах нэгэн биш.Ямартаан л Гэпилмаад шаралхан гарч гүйгээд амиа алдах шахсаныг шилтэй цэнхрээс бүүр хэдэн зуун алхмын цаана явдгийг минь мэдэх үеийнхэн маань сонсоод гайхдаг юм.
Хэдэн жилийн өмнө.Гэмпилмаа бид хоёр түүний магистрын зэрэг хамгаалсныг тэмдэглэж хэсэг суув.Тэгтэлчиг гэнэт ямар ааш нь хөдөлсөн юм бэ? гараад гүйв.Би ч араас гүйсээр такси зогсооход тэрбээр бөгжөө сугалснаа харанхуйд шидчихдэг юм.Харин би баримжааг нь харж байсан тулд олоод хармаалчихав.Тэгээд хожим нь эвлэсэн үедээ өгөхөд муухан инээмсэглэж байсан ч дотроо баяртай байгаа нь мэдрэгдэж байлаа.
Бид хоёр олон удаа эвлэж, бас ухааны жолоогоо уртасгаснаар олон удаагийн эвгүй явдлаас гарсныгаа хэн хэнийхээ дэм гэж санасаар өдий хүрчээ.
Бид хоёр хүмүүний амь амьдралын дөрвөн давааны сүүлчийн хоёр даваа өөд зүтгүүлж явахдаа:
   Аргадаад тойрдоггүй хорвоог
   Алгаараа яаж л туулахав
   Аашлаад давдаггүй давааны
   Аяыг нь яаж л олохов хэмээн дуулж бас уйлж явлаа.
   Гэрээс гараад явахад
   Гэрэлтэйлаа цэнхэр орчлон
   Гэнэдэж гандахын цагт нь
   Гэсгээлтэйлаа цэнхэр орчлон хэмээн сэтгэлдээ хичнээнчиг дууллаадаа.    
     Уулын өвөрт байгаа мөрт сэнгэнээд л.Ургахын нарнаарчиг сэнгэнээд л ээдээ сэрүүхэн орчлон юм.Анх бидний чимээгүйхэн бие биенээ ширтэлцэж явсан,ахьсан хойноо бие биенээ өрөвдөөд шимшрэн дагаж явсан хорвоо аяа, яасанчиг охорхон билээл.
  Хүн нь хэвээрээ мэт байтал цаг нь өөр болсон хорвоочиг юмуудаа.Өглөөний нар мандахад өчигдрийн нар бишшүү дээ гэдгийг мэдэж байгаа нь хэд байнаа.
Сайхан л байх юм.Гэхдээ салхи нь сэнслээл байх юм.Мартахааргүй олон учралаа мартаад байна уу даа яалаа минь.Нойроос сэрвэл:
           Альхан ч модны навч, шилмүүс
           Агаартаан тогтохгүй алдарнам билээ?
           Альхан ч насны заяа төөрөг    
             Амраах нь ч үгүй мэлтэрнэм билээ л...? Энэ зүгээр л нэг асуулт уу?Зүүд нойрны асуулт уу?
Энэ зүгээр л нэг даваа юу?Зүүд нойрны даваа юу?
                     Цөөхөн насанд учирсан янаг минь
                     Цөөвөр чонын садан ч юмсан уу?
                     Цөвдөл махыг олж авангуут
                     Цөлийн уулыг зүглэеээ гэх юм.
                      / Ү1 Далай лам Цанъянжамц.
                      “ Янагийн дуулал” шүлгээс./                
       Зүрхний минь оёг хэдэнтээ хөдөллөө.Зүүд нойронд ч хөдөллөө.Зүгээр суухад чиг хөдөллөө.Зовлон үзсэн нөхөр минь ярьж байх юмаа.
   - За даа одоо ч юухан байхав дээгэж.Орой унтахад маргаашийн нар яаж мандах бол? гэж.Маргаашийн нар мандахыг үзэх болов уу? гэж.За тэгээд нэг юм өглөө болчихвол адар ширтээд л.Алхаад явж байхад анзаарагдаагүй хэрнээ адар ширтээд хэвтчихлээр барагддаггүй орчлон юмаа,хөөрхий.
   Дүн дүлий оргиод л.Сургууль төгссөн хүү минь өглөө босоод л арилах юм.Ажил алба нь ч тэр биз.Алгиж галигсан залуугийн явдал ч байдаг л биз.Хэн ч үзэгдэхгүй.Дуудах ч хүнгүй.Дуулдах ч юмгүй.
   Үдэш болохоор сар хэдүйд гарах бол? гэж.Нэгэнт үдэш болчихсон юм чинь,уг нь сар гарах бол тийм их удаад байх юм биш дээ?Тэгтэл хүлээсэн хүнд ер барагддагүй юм байна.
   Цай л уугаад байх юм.Хөлөө хучуулсан чиг даараад л.Хучуулахгүй бол бүүр хөлдчих гээд л.Урьд нь би ийм явлуу?Ингэнэ чинээн бодож байлуу?
    Үүд хавиар эргэлдээд байх хүн олон юм.Тэд нар юу хийгээд, юу хүсээд байгаа юм бэ? мэдэхгүй.Ийн ярьсан юм.Нээрээн энэ чинь юу болж байна даа Гэпилмаа минь.Би чамайг уйлаад ирэхэд чинь овойлгосон оронгоол нураагаагүй байх.Чадах бүхнээ өгсөндөө.
   Одоо өгсүүр даваан өөд зүтгэж яваа надад өгчихмөөр юу ч байхав дээ.Байвал өгмөөр л байнаа.Íадад өгөхийн сэтгэл их ч хяслан гэж нэг айхавтар юм байна.Уг нь чи надтай мэнд мэдэхдээ ахаа ч гээгүй, багшаа ч гээгүй тэр гуай л гэсэн.Сүүлдээ нэрээр минь дууддаг болсîí.
  Би бол чамайг нэрээр чинь л дуудна.Өөд уруугийн ялгаа, өгсөх уруудахын зааг энд л байдаг юм болов уудаа?
    Оюутан байхад юмсандаа.Их дэврүүн явж.Оросын утга зохиолын багш Лхагва гэж нэг дугуй цагаан царайтай халимаг эмэгтэй байлаа.Оросоор хичээлээ заана.Оросоор шүлэг уншина.Тийм л нэг хичээлийн өдөр багш минь ангид орж ирүүтээн л:
         Прощай, свободная стихия...гээд л уншсан...Шүлгийг монгол хэлнээ орчуулбал:
           Байгалийн чөлөөт халгил минь баяртай
           Бардам гоо үзэсгэлэнгээ гялбуулсаар
           Сүрт цэнхэр давалгаа минь чи
           Сүүлчийн удаа өмнө минь зогсож байна...ингэж л буухаар.А.С.Пушкины “К Морю” нэртэй шүлэг юмсан.Их сургууль төгсөхийн урд жил багшлах дадлага хийлээ.Дадлага дуусахад бид нар дадлагын хугацаанд юу хийснээ тайлганасан сургуулийн ханын сонин гаргав.Манай ангийн Зийгиймаагий болон бусад оюутан хүүхдүүдэд хандаж хэдэн үг бичээд “Досвидания” гэж бичжээ.Би ханын сонины тэр үгийг үзээд “Прощай” гээд засчихлаа.Удалгүй дадлага удирдаж явсан ангийн багшийн нүдэнд энэ үг харагджээ.Багш уншаад энэ үгийг зас гэж хэлүүт:
“Досвидания” гээд биччихэж.Би тэгэхлээр нь багш руу очоод:
   - Үгүй багшаа,”Прощай” гэж бичмээр байна гэв.Багш:
   - Болохгүй.Би эрх биш мэдэлгүй яахав.”Досвидания” гэх нь мөн.Би:
   - Үгүй, багшаа:
   - Прощай гэх нь зөв.Энд жаахан залуу насны дэврүүн аяс орж ирж байгаа юм.Бид энэ сурагчидтай заримтай нь хэзээ ч уулзалдахгүй байж ч магад гэв.Ханын сонинд дээрх үг “Прощай”-гаар гарчээ.
Харин дадлагын тайлан хамгаалах дүнгийн хурал, багш нарын намын үүрийн хурлууд дээр багш маань миний нэрийг дээрх үгтэй холбон цохож, оюутан юм үзэж уншихгүй байна.Энгийн юм мэдэхгүй байна хэмээн шүүмжлэхэд Нямсүрэн гэдэг гадаад олон хэл мэдэх багш маань:
   - Үгүй ээ,эрхэм багшаа.Энд чинь юун түрүүн юм мэдэхгүй, чадахгүй гэхээсээ илүү оюутан хүний юмны учрыг олох гэсэн “Тонкость” ажиглагдаж байгаа юм биш үү? хэмээн дуугүй болгосон гэж дуулддагсан.
    -“Прощай”,Гэпилмаа. “Прощай”,”Прощай”.Би тээр дэврүүн хонгор насандаа сонсож байсан үгийг ян халилаад өгсөх ачаа татлагаа бэхэлж байхдаа хэлэх учиртай байж.”Прощай”.    

                        2010 – 03 – 14.Ням гараг.15.00.
                        Сөүл хот.







                        НУТАГ
                        /Өгүүллэг/

     Нутаг.
     Ачит эхийн хэвлийгээс
     Ангалзан тэвдэхэд минь
Агаараа аманд оруулсан тэнгэр минь
Нутаг.
Алгын чинээ нялзрайг
Ариулан ухиягсан
Аршаан,булаг минь
Нутаг.
Нэг, хоёр тэнтэр, тунтар хийхэд
Нэртэй минь хамт
Нигүүлсэн тоссон хөрс шороо минь
Нутаг.
Тохой хүрэхгүй биений минь
Тоонотыг хадгалсан
Томрон бүдүүрсэн ч эргэх
Томхон чулуун дарлагатай алга дармын газар минь.
Нутаг.
Нэрээ авсны минь угаалганд
Нимгэн,зузаан зувцаатайгаа
Нэлмэрч, налмарч буусан
Нэг голынхон минь.
Нутаг минь та нараас эхэлж тал,говийг туулдаг
Нутаг минь та нараас эхэлж Тал, хангайг хүрдэг.
   Тиймдээнчиг нутаг минь байгаагүй бол,нутгийнхан минь байгаагүй бол хэнтэй танилцаж хилийн дээс алхсан байхав.Хэнийг харж хэтийн хэргийг хэлэлцсэн байхав.Оюуны бяр,сэтгэлийн тэнхээ нутгаас минь эхэлдэг.Ойчихдоон ч, босохдоон чиг нутгийнхаан уулыг харж өндийдөг.Нутаг минь намайг хүний юм руу өнгийх өлөн нүдгүй өсгөсөн.Нутаг минь намайг хүнээс илүү хайрлаж хүний нүнжиг суулгасан.
Тоогүй явдал гаргасан бол нутгийн минь нэр хамт гайтна.
Тоомсоргүй ихэмсэг явсан бол нутгийн минь нэр хамт гарна.
Тоостод торойтлоо хоцорсон бол нутгийн минь нэр хамт гарна
                             . 
Томоо, том нутаг минь.Голдоо байхад дов,толгод минь хамт
                                               яригдана.
Томоо том нутаг минь.Сумандаа байхад Уул,ус минь хамт
                                              яригдана.
Томоо том нутаг минь.Аймагт ирэхэд сум минь хамт
                                             яригдана.
Томоо том нутаг минь.Улсын нийслэлд ирэхэд аймаг минь хамт
                                              яригдана.
Томоо том улс минь.Тив,дэлхийд гарсан бол Монгол улс минь хамт                              
                                              яригдана.
Томоо, том нутгийн минь нэр- миний нэр
Томоо, том миний нэр – нутгийн минь нэр.
Нутагтаа очихгүй удвал миний хийморь доройтно.Нутгийн уулс
                                               гундана.
Нутгаа мартан саатвал миний үйлс доройтно.Нутгийн цэцгэс
                                               гандана.
Нутаг минь.Нутаг минь.Нулимс унаган хоргодох нутаг минь
Нутаг минь.Нутаг минь.Нулимстай нүдэнд харагдах нутаг минь.
Аавын үгүй болсны хойно ч алгасралгүй ширтэх нутаг минь.
Ээжийн үгүй болсны хойно ч эвхэртлээ санах нутаг минь.
Нутаг минь, нутаг минь.Бага байсныг минь ч мэдэх
Нутаг минь,нутаг минь.Барагтай байсныг минь ч санах
Баатар болбол нь бахархан өндөлзөх уулс- нутаг минь.
Бор дүрхэн дуулдвал нь бохирон саравчлах- нутаг минь.
Сайн бүхэн нутагт минь дуулдаж яваг.Уул, ус минь баярлана.
Саар бүхэн нутгаас минь холуур өнгөрөг.Уул, ус минь гомдоно.
Нутаг.
     Эхийн хэвлээс унахад минь
     Эхлээд Та тосоо бизээ.
     Эцгийн гэрээс гарахад минь
     Эвийлсээр Та хоцроо бизээ.
     Эргээд ирэх нутаг минь
     Ээлтэй өдрийн дуртгал минь.
     Элгэнд нэвчсэн туульс минь. 2010- 03 – 15.Даваа.12.50.Сөүл хот.

No comments:

Post a Comment