Monday, April 1, 2013

ХУВЦАГААН


ХУВЦАГААН

Шинэ газар нүүж ирээд удаагүй байлаа. Олон жил хот орон газар суурьшсан хүнд хөдөөгийн агаар, хөдөөгийи хүний араншин содон сонин санагддаг. Манайхыг хашаагаа хатгаж дуусаагүй байхад ийм яриа дуулдав.
- Хувцагаан явж байна. Хувцагааныг гэцгээнэ. Эхлээд бодлоо. Лам, ламаасаа болдог юмуу зарим нутагт Самдан, Цоодол гэдэг нэр их түгээмэл байхад зарим газар Дулам, Дорж гэсэн нэр их тааралддаг. Би тэрүүн шигээ л санаж хүмүүсийг Хувцагаан гэхлээр нь энэ нутагт Хувцагаан олонтой газар юм байжээ гэж бодлоо. Бодохоор ч барахгүй өөрийн таних хоёр Хувцагааныг цээжиндээ бүртгэж үзэв. Тэггэл яваа яваандаа миний санаснаас өөр, өөр өөрдөө нохойны нэр болоод явчихав. Нутгийн хүн холоос ирж яваа цагаан нохойг хараад:
Хувцагаан ирж явна гэхлээр нь дөхөөд ирэхийнх нь алдад  “Хувцагаан”, “Хувцагаан гэж дуудав.Огт дуулсангүй шиг гүйгээд явчихлаа. Нэрээ мэддэггүй нохой юм байжээ гэж бодлоо. Дараа нь бас нэг өдөр өнөөх нохой явж буй харагдана. Цээж том,сэрвээ өндөр, нилээд зоолжээ. Байдаг л нэг нохой. Гэхдээ хүмүүс яагаад энэ нохойг яриад байдгийн учрыг эс олов. Сайн хоточ нохой байх.
- Үгүй ээ, хоточ байх шинж алга. Угаасаа ч суурин газар мал байх биш. Хоточ нохой тэжээх учиргүй мэт бодогдлоо.
- Тэгвэл анч нохой байх. Бас л биш. Төв газар ямар юмны нь ан байхав.
- Аа, тэгвэл мөрч нохой байх. Үгүй, үгүй ийм банхар яаж мөрч байхав. Хаанаас л хүн, нохой харагдана хий хуцаж давхисан ийм нохой мөрч байх аргагүй. Тэгж дотроо эргэцүүлэн байтал Хувцагаан ч шугг, шуугг хийн шиншилсээр гүйгээд ирлээ. Сайн харлаа. Нүд, чихий нь, бие, сарвуугий нь харлаа. Харлаа. Өрөөсөн чихээ тасдуулсан юм байна. Сайнаар бодлоо.
- Аа, энэ чинь гэрээ их сайн сахидаг нохой байх нь.Хулгайч, тэнүүлч хашаа руу дөхүүлэхгүй аштай юу. Таньдаг хүнээсээ, Хувцагаан хэний нохой юм бэ? гэж асуулаа. Тэрбээр, аан гэснээ:
- Эзэнгүй юм шиг байгаа юмаа гэж байна. Тэгэхлээр нь би:
- Тэгвэл дасгаад тэжээгээд авая, гэвэл танил маань золбин юмаа гэж байна. Нүдээ нээгээгүй гөлгийг нохой болготол өдий хэрэг. Нохой боллооч манай хашааг манана гэдэг хол хэрэг. Хувцагааныг л тэжээмээр санагдаад:
- Золбин ч байсан яадаг юм бэ? Ямар гэрт оруулах гэж байгаа биш, хашаа мануулахад гэвэл шинэхэн танил маань:
- Чи түүний чихийг харж байна уу? гэв. Би:
- Харж байна. Нэг нь хув л юм байна. Сонсголдоо ямар гэм байв гэж хэмээвэл, танил хэлж байна:
- Тав, зүргаан жилийн өмнөөс л манай үүгээр үзэгдэх болсон юм. Лав л олигтой нохой биш. Одоо чинь тэнэмэл нохой битгий хэл тэжээсэн нохой эзнээ барьдаг болсон цаг шүү дээ. Манай хөршийнх хашаа хороогоо муу хүн битгий хэл, баргийн сайн хүнээс дутахгүй хардаг нохойтой байсан юм.
Банхар гэдэг нэртэй юмсан. Ёстой лут нохой. Гэм нь их зуудаг болохоор нь эзэн нь их уядаг байлаа. Тэднийх зусланд гарсан хойноо гадаа гадаслаад уячихдаг байсан юм. Өмнө нь энэ хувцагаан эднийхээс хулгай хийхээр хэд хэд ирсэн байгаа юм. Тэгэхэд нь Банхар уяанаасаа тавиатай байж хашаандаа оруулах битгий хэл дөхүүлэлгуй зад хэмхээд явуулсан юм байж. Чингээд ззэн нь хэд хоног ажлаар хол явах болж хөршийнхөндөө шөнө болохоор нохойгоо уяанаас нь тавьж байхыг захиад явж. Захисан айл нь нэг орой Банхрыг уяанаас нь тавихаа мартаад хоносон шөнө Хувцагган таван нохойтой давхин ирж барьсан юм. Тэд нь одоо энэ хувцагааныг дагаж гүйгээд байгаа үүлэн нүдтэй жартгар хар нохой, эрлийз нохойн шинжтэй зэгзгэр халтар, тэр нэг хаванцар, хах хүзүүтэй цагаан халтар энэ хэд. Хэрвээ эд хүн юмсан бол улсыг ч ёстой сүйрүүлнэдээ. Даан ч нохой тулдаа төрлөө л эвсэж барихаас өөрийг чадахгүй байгаа юм гэснээ танил маань яриагаа үргэлжлүүлж:
- Өглөө болоход олон муу нохойд бариулсан Банхар, Хувцагааны зүүн чихийг зуугаастай үхчихсэн байжээ. Энэ бол …… оны  …… дугаар сарын 2-ны шөнө болсон явдал байлаа. Хувцагааныг дагаж гүйдэг гичий Харцгын үүрэнд нохдыг дагуулж ирсэн байгаа юм. Нохой юм болохоор барьсан нь зоолж, бариулсан нь мартагдах тийшээ хандаж байх шив гэснээ шүлсээ шүднийхээ завсраар сийгүүлэн хаяад гарав. Миний сайн нохой тэжээж хашаагаа сахиулах бодол ч энэ өдөр замхрав. Тэр намраас хойш Хувцагаан гэдэг нохойг амьтан үзэхээ больсон аж. Эрээнтэй бараантай хорвоод нохой хүртэл янз янз байх....

2007-06-30. Бямба гараг.


БААВГАЙ ДАЛАЙ ҮЗСЭН НЬ

Ийм явдал болов. Би дүүгийндээ очихоор зэхэж байтал гэнэт:
- Ах та, нэг ирэхдээ эр гөлөг байвал аваад ирээрэй. Манай соотон хөгширчихөөд хот эзгүйдэх гээд байх юм. Соотонгоо байхад бага гөлөг тэжээгээд авбал хотонд санаа амар байхсан гэж удаах дүүгийн минь хэлсэн бодогдов. Тэгээд эхнэрт хандаж энэ тухайгаа хэлбэл:
- Саяхан Бадмаа манайд ирэхдээ жингэр маань гөлөглөөд гурван хөөрхөн эр гөлөгтэй боллоо. Төвийн айлд хашаа сахиулах олон нохойгоор ч яах юм билээ. Уг нь нохой хүний төрөлд их ойрхон юм гэнэлээ. Бас охин нохой тэжээсэн айлдаа өлзийтэй байдаг юм гэж дуулаад олон борчуултай, тэднийгээ яая гэж байгаа мөртлөө нэг жингэр тэжээчихсэн чинь ийм боллоо. Эх нь сүрхий зуудгийг хэлэх үү, айхавтар ноход болно доо. Хоёр гөлгий нь айлд өгчих юмсан. Өсөж том болоод дарвихаараа хүн барьчих гээд яршиг удах байхдаа. Ядахдаа хоол хош нь хүчрэгдэхгүй юм гэж хэлж байгаагүй юу гэж эхнэрийн хэлэхийг дуулаад ум хумгүй дүүгийнд туугаад очлоо. Хашааны нь хонхыг дараад нилээд болов. Том хүн байхгүй бололтой. Тэгтэл бага дүүгийн хоёр ихэр гэж тортойсон хоёр юм хаалганы завсраар бултаганав.
- Аав, ээж нь байна уу? Ихрүүд тэмээний хоргол шиг хар нүдээр бие биерүүгээ харах мөрт:
- Баакгүй, баакгүй хэмээн шулганалдсанаа юу, юугүй гэррүүгээ эргэх янз оров.Тэгэхлээр нь:
- Танайд гөлөг байна уу? гэвэл хоёр ихэр эргэж бие, бие рүүгээ харснаа уралдан гүйлдэж яах ийхийн зуургүй хоёр хөөрхөн түүдэг шиг юмыг улаан сугаар нь чирсээр над руу дөхөв. Үүрэндээ эхтэйгээ нэг гөлөг үлдэж байгаа болохоор ханинд нь хоёр гөлгийг машин руу оруулж хайрцганд хийгээд хөдөллөө.
Дүүгийнх зусландаа гарч. Тэр өдөр төлөө чихлээд хотоороо хөл хөөртэй байцгаана. Би ч машинаас хоёр гөлгийг гаргавал бэргэн маань:
- Өө ашгүй, ах нохой аваад ирж хэмээснээ гөлөгний хамарт сүү түрхэхээр шанагаа барин эргэв. Энэ хооронд хотынхон хоёр гөлгийг шилэн дээрээс нь шүүрч нэг үзэж, тэгсэнээ толгойгоор нь уруу нь харуулж нэг сонжив. Аль аль нь гасалсангүй. Харин биеэр арай багавтар нь цаасан хайрцагнаас гаргахад баахан бөөлжчихсөн, яг л машинд суухад дотор нь муухайрдаг хүн шиг шүлсээ гоожуулан босох ч тэнхэлгүй хэсэг боллоо. Бэргэн эргэж ирснээ:
- Манайх ч энийг нь авнаа хэмээн бөөлжиж бариагүй арай сэргэлэн шиг гөлөгний хамарт сүү дусааснаар нэг нь дараагийн айлын нохой болохоор гологдов.
Гэртээ ирсэн хойно эр гөлөг захиж байсан хажуугийн айлд сонголтоор бус тулгалтаар хоолыг нь хороож хашааг нь манах нөгөө гөлгийг эхнэрт нь өгөв.Үүнээс хэд хоногийн хойно отгон дүү манайд ирж энэ тэрийг ярьж суутал эхнэр ярианд оролцож дүүд хандан:
- Ах чинь эртээд төв ороод эргэхдээ танайхаас хоёр гөлөг авч нэгий нь манайд, үлдсэнийг нь Гончигсүрэнгийнд өгсөн гэвэл дүү:
- Харин тийм байна лээ. Уг нь би хоёр гөлгөө борчуул олонтой, угаадас арвинтай айлд л очоосой гэж бодсон юмсан. Танайд үлдсэн нь азтай юм. Эднийх ч яадаг болдоо. Хүн байтугай нохойд аз байдаг хойно доо хэмээн өгүүлэхэд нь энэ чинь өнөөх миний дотроо дандаа голж явдаг дүү минь мөн үү? гэж бодсоноо уншигч авгай танаас юугий нь нуух билээ.
Гончигоогийнд өгсөн гөлөг тэр шөнөдөө гийнан, гаслан үүрийг үзэх мөрт бас гийнааны хооронд бүр хотны нохой шиг цор, цор хуцаж байна. Өдий болтол ажиглаагүй л явсан болохоос биш гөлөг чинь нээрээн эхлээд хуцаж сурдаг тэгснийхээ хойно нохой болдог аж. Өглөө нь гөлгөө Гончигоогийнх гаднаа уялаа. Гэртээ ирцгээхгүй улс юм. Хоёр хонов. Сүү байтугай угаадас өгөх нь эс үзэгдэв. Тэгж байтал хүн хүнийхээ зовлонг мэддэг, хүүхэд гөлөгний зовлонг мэддэгийн үлгэр болов уу яав, аймгаас зээтэй минь үерхэж ирсэн хүү өнөөх гөлгөнд хөөрхөн байшин барьж, шалан дээр нь дэвсгэр дэвсэж хоол, сүү өгч тэжээгээд эхлэв. Гончигоогийнхон сураггүй л байлаа.Хааяа эхнэр нь гэртээ ирсэн харагдавч нэг л мэдэхэд гэрээ цоожлоод арилсан байна. Хүү гөлгийг тэжээхээр барахгүй далайн захаар дагуулж, нэг өдөр бүүр их далайд хөлөг онгоцоор зугаалахдаа авч яваад ирсэн байв. Гөлөг хоног, өдрөөр нохой шинжийг олж, нүдээ нээсэн ч юмыг тогтоон харахгүй бүүргэр амьтан үнэрлэхийн хүчээр махны өвдөл цөвдөл олж иддэг байснаа, нүд нь хараа орж, шүд нь тамир сууж час хийтэл хазах янз оров. Бид ч түүнийг өхөөрдөн Баавгай хэмээх нэр өглөө. Дөчөөд хоногийн өмнө нүдээ бүрэн нээгээгүй шахам амьтан ирж байснаа бодвол нэрээ дуулаад чих нь сортосхийдэг танихгүй хүн ирвэл гөлөгний дуугаар хашаандаа чимээлдэг Áаавгай хэмээх нохой болох янз оров.
Гончигоогийн авгайн гэртээ аваачсан шөнө гийнан гаслан хоносныхоо маргааш, энэ л миний орон гэх шиг тэр айлынхаа хаяанд хэвтдэг байснаа Баавгай төдхөн больж өнөөх төвөөс ирсэн хүүг даган гүйх болсон билээ. Тийн байсаар биднийг хот буцахаар машиндаа суухад зээгийн минь ангийн хүүхэд хаалга хаахаар гарахдаа Баавгайг тэврээд ороод ирэв.
Хүү гэмшсэн, өрөвдсөн харцаар томчуулыг ширтэж байлаа. Гэнэтийн энэ нам гүмийг эвдэж бага дүү маань:
- Нохой хаана ч байсан яахав дээ. Угаадастай л айл нохой тэжээдгээс уядаг айл нохой тэжээдэггүй юм гэснээ Баавгай руу харж, энэ ч их эдээ. Баавгай нэрэндээ таарсан нохой болох байх. Би л лав өдий наслахдаа нүдээ хагас нээхдээ далай үзээд буцаж яваа гөлөг битгий хэл нохой үзээгүй юм байна. Сайхан эх оронд төрлөө, төрлөө л гэцгээнэ. Далай үзчихээд буцаж яваа гөлөг нэгэн байхад энэ ертөнцөд ижилгүй ганцхан ижий далай юугаа үзэлгүй, давалгаа юугий нь харалгүй жилийж байгаа нь ч зөндөөн шүү дээ гэснээр гайхшрал маань өндөрлөж замдаа гарцгааж билээ..


2007-06-23. Хөвсгөл далай,
2007-07-02.Улаанбаатар хот.


Орон дээр суусан ялаа нь болбол хонгор минь дээ хө
Ойгоод нисэх нь түргэн л байдаг юм даа
Одоо цагийн дэгжин гангачуул чинь хонгор минь дээ хө
Орхиод явах нь омогтойхон л байдаг юм даа, үр минь дээ хө
/Ардын дуунаас/

ШАНЗНЫ ЭГШИГ

Багаасаа миний сэтгэл хоёр юманд их л татагдаж дээ хөөрхий. Манай нутагт Баатар гэж их сайхан дуучин байсан юмаа. Амьд байхад нь ха ,ха, хэ, хэ болоод өнгөрцгөөсөн юм чинь одоо тэр хүнийг санаж дурсах хүн ч гэж байхгүй болоо биздээ. Яагаад тоохгүй байдаг юм бэ гэхлээр заяа төөргөөс ч болсон уу? үйлийн үрээс ч болсон уу? тэр хүн гаднаас нь харахад нэг их дагаж гүйгээд л байхаар царай зүстэй хүн биш байсан юм л даа. Бас хальт харсан хүнд ухаан санаа нь ч орон гаран гэж хэлэхээр байсан байж магадгүй. Лав л би нутагтаа байхдаа Баатарын сайхныг гэж хэлж ярьж, хэлээширч суугаа хүнийг үзээгүй. Харин дуулаад ирэхийн үест нь болбол чиг ёстой уйлаатай, мөлхөөтэйгөө юм болно доо хөөрхий. Баатрын дуулж байх тэр үес чинь миний үеийнхний эрвээнтэй, дэрвээнтэй нас таарсан юм. Тэгээд л бидний хувьд дурсахгүй ч гэсэн дурсаад л, уйлахгүй ч гэсэн дуулаад л байдгийн учир энэ л дээ.
Хайлуу - раа мөөр- нийгөө байхадаа
Харзны лээ уснаас нь уухгүйдээ
Ханилсан ганцыгаа байхадаа
Хавьтсан    бүхэнтэйгээ    тохирохгүйдээ...чухамдаа    Баатарт ханилсан ганц байсан ч юмуу? үгүй ч юмуу? нас бага байсан болохоор мэдэхгүй. Юу ч гэсэн хайр гэдэг нэг сайхан юм байдаг юм байна. Түүнийг ханилсан ганцтайгаа л хуваахаас биш хавьтсан бүхнээсээ авч өгч болдоггүй юм байна гэдгийг л дуучин Баатар ухааруулсан юмдаг. Баатрын сонсогчид гэдэг тэр 1950-н хэдэн оны үест Арбулаг сумаас аймгийн сургуульд сурахаар мордож байсан 13-15-н насныхан. Өлөн шарлатал намрын бороо шаагиад л. Хүүхдүүд аймгийн шуудан хүлээгээд л... Сумын хүн эмнэлгийн асрагч, галч Нацагбадам гуайн жаахан бор гэрийг шаттал зууханд гал өрдөөд л... Ихэнх нь хүний амьдралын сэтгэлийн зовлон, жаргал гээчийг үзээгүй ч хэзээ мөдгүй    ирэх нэг юманд түгшээд... дуулаачийг ч өрөвддөг байсан юмуу? дууны утганд ч автдаг байсан юмуу? нүдэнд нулимс цийлэлзээд л. Баатар маань өдрийн гал үдээс оройн нар шингэтэл дуулаад л, дуулаад л.
Цонхон дээр - ээ суусааí  ялаа нь болбол ай хөөрхий хонгор минь дээ хө
Цочоо - доо нисэх нь хурдан л байдаг юм даа. үр минь дээ хө
Цохлоо- доо ирсэн үйлийнхээ үрийг болбол хонгор минь дээ хө
Цохио доо буцаачихаж болдоггүй л юмдаа, үр минь дээ хө. Баатар ингэж дуулна. Би энэ үйлийн үр гээч юмыг тойроод өнгөрчих юм санаж явлаа. Тэгтэл чинь тэр үйлийн үр гээч нь цогиод ирдэг, ирсэн хойноо цохиод унагадаг хорвоо
юмсанжээ. Би тийм хатуу, тийм үнэн ч явсан хүн яагаад тэгэж сэтгэл нялхарснаа ер ойлгодоггүй юм. Тэгэхлээр үйлийн үр гэдэг чинь чамайг заавал идэр залуудчиг дайрна, дөрлөнө гэхгүй, эвдэрч дуусахын даваан дээр ч дайрдаг юм болов уу гэж бодогдох юм.
Дурлалаа гэж хэлээд дулаан гэр, түвшин амьдралаа орхиод ирж байсан тэр минь одоо ховсдуулснаа салсан юм шиг, хожимдсоноо ухаарсан юм шиг шууран оджээ. Түүний гэнэт ухаарсан тэр өдөр надад шаналан болон хоцорчээ. Тэр минь ирдэг байсан юм. Бүрэнхийг, бүрэнхий гэдэггүй, бүхий л орчлонг намайг гэж бодсондоо гүйж ирдэг, уйлан дуулан өнждөг байсан юмаа. Тэр минь гэдэг маань саяын надтай. чамтай тааралдаад танихгүй юм шиг зөрдөг бүсгүй шүү дээ. Тэр...Тэр минь. Өсөж явахдаа шанзны минь эгшиг байгаагүй ч өндрийн даваанаас уруудахдаа автсан шанзны аялгуу минь тэр байсан юм. Шанзны шүү. Арван долоон настайдаа Хэнтийн өндөр ууланд-ыг сонсоод тэгж их догдлуулсан нь õîæìîî íü øàíçíû ýãøèãò àâòàõ  шаналантай болов гэж бодно. Тэгж санах тусмаа сэтгэлийн шаналангийн эгшиг болсон чамайг хүсэн тэмүүлнэ. Чи надад хүйтэн хөндий хандах тусмаа үлдсэн багаахан сэтгэлийг минь долиглуулна. Гэхдээ энэ сэтгэлийн долиглол бөмбөрцгийг боловч тэнхлэгээс нь мулталж мэднэ. Бүсгүй ээ, чи намайг дагуулаад хаях байсан юм бол юунд дасгасан юм бэ? Бүсгүй ээ, чи намайг дасгаад орхих байсан юм бол юунд дагуулсан юм бэ?
- Чиний, намайг мартаад жаргаж чадахыг чинь мэдрэх тутам чамайг би хайрланам. Миний хайр чамд илүүц гэдгийг мэдрэх тутмаа чамруу тэмүүлнэм. Юугаар ч үл дутан суугаагаа мэдрэвч сэтгэлийн минь шаналан болсон үйлийн үрийг ухаарах тусмаа би чамайг хайрланам. Одоо чи над руу анх танилцаж байсан үеийнх шигээ уран үгийг, уяхан сэтгэлийг бүү илгээ.
Бүүр чин сэтгэлээсээ жигшсэн, хатуу хүйтэн үгийн мөс, мөндөр буулга. Яагаад гэвэл, үлдсэн энэ насандаа чамайг урьд учирч, ужгирч явсан бүхнээ дурсан хөлбөрөхөд  чинь  бүүдэлзэнэ. Бүүдэлзэхээр  барахгүй   сүүдэлзэнэ. Сүүдэлзэхээр барахгүй аз жаргалын алтан хормоос чинь хорооно.
- Тээр жил есийн жавар тачигнаж байхад Чи бол миний анхны хайрт гэсэн мөрийг надад бичиж өгч билээ. Тэгэхэд би тэнгэрийг боловч эрхэндээ оруулсан мэт санаж явсан минь буруу байж. Харин чи өөртэйгөө холбоотой бүх юманд намайг буруутган зэмлэж, бүүр зүхэж болох боловч яагаад би чамайг ургаж байгаа цэцэгт хүрээлэнгийн оройтож хэнзэлсэн цасны яргуй мэт санаж явсны минь учрыг ухахыг хичээгээрэй.
Надад, хайрлаж явах хүн олдохоо больчихоод арайхийж олдсон ганц нь өөрийгөө байсан юм гэж бүү эндүүрээрэй. Хүмүүн гэгч хоточ сайн нохойн тусыг малаа боохойд хядуулж барсан хойноо үгүйлдэг.
Өөрийг нь гэж үлтэрч явсан сэтгэлийг хүмүүн үхсэн хойно нь дурсдаг гэлцдэг. Чи, бид хоёрын зан ийм бус хорвоогийн жам ийм юм даа.
Миний сэтгэлд нас ахижаал бүсгүй байгаа юмсан бол түүнийг мартаж болно. Харин  шаналант сэтгэлийн  шанз  эгшиглэж байгаа болохоор мартаж болохгүй байна. Тиймдээн чиг:
...Нөхөртөөн хэлээгүй үгээ
Чамдаан л хэлмээрээ õîíãîð минь ээ
Нөгөөдөхөөсөө ч нуусаы зовлонгоо
Чамдаан л дэлгээд уйлмаараа, шанз минь ээ
Шанзны гурван утас гэдгий нь хонгор минь дээ
Шаналсан сэтгэлээр нийтгэсэн ч юм биш байгаа даа, үр минь ээ хө
Салаа замын уулзварт нь таарсан нэг жаргал,зөрсөн нэг зовлонгоор
Санаа алдан, алдан байж зохируулсан ч юм биш байгаадаа, шанз минь ээ хө...? гэж байхав даа. Би энэ хэдэн мөрийг чамайг хүлээж цөхөөд чамд бус өөртөөн гомдон суухдаа бичсэн юм. Яагаад өөртөө гомдох гэж...Уншигч Та надаас ийм үгийг асууж мэднэ. Тиймээ.
- Яагаад гэвэл цагаас эрт урьд хийсэн үйлийн үрээр төрчихөөд цагаас хождож үйлээ эдэлж суугаа нэгэнд зөв гэж байдаггүйг ухаарсандаа тэр юмаа. Надад тоохгүй зугтсан хүнийг гэсэн сайхан сэтгэл байсан байж мэднэ. Гэлээ гэхэд энэ зүс буруулж яваа хорвоод чинь эвийлээд эргэх нь бүү хэл эвтэйхэн харах хүн ч олддоггүйг мэдэрсэндээ өөрийгөө ийнхүү буруутгаж байгаа юмаа. Цагаа олоогүй юм бүхэн...


2007-07-03. Мягмар гараг. Гэртээ.




...Өндөр дээр нь гараадаа харахлаараа
Өөрийн минь нутаг санагдаад байнадаа, хө
Өндөр дээрээс буугаад ирэхээрээ
Өвөр дүүрэн нулимстай байнадаа, хө
/Торгууд ардын дуунаас/


МӨРӨӨДЛИЙН НУТАГ


Аав, ээждээ дэндүү эрхэлчихсэн охин хонгор үр минь алсад яваад арваад жил болов. Явснаас нь хойш эхлээд охиноо санаж байгаагаа бие биенээсээ нууж хэсэг явав. Сүүлдээ охиныхоо тухайд ирсэн мэдээллийг нэмж чимж сайн яваа л гэнээ гэсэн үгээр сэтгэлээ цатгаж нилээд болов. Өвгөн бид хоёр яваа яваандаа хэн хэндээ сайн байгаа гэнээ гэсэн үг хэлж дотроо уужилцгаав. Охин минь уг нь сургууль соёлын мөр ч хөөгөөгүй юм л даа. Өндөр хөгжилтэй холын тэр гүрэнд цалин өндөр, ажил хийж л чадвал олдог гэсэн ойлголттой л нутгаасаа гарсан юм.Дуулаад байхнаа нь тэр газар охин минь Дорно дахины нэг улсын нэртэй хоолны газар ажиллаж байгаа сураг дуулдав. Бид хоёр хол явж хал үзэж явсан улсын хувьд охиноо уруу татаад яахав, агтын бийд газар үз, аавын бийд хүнтэй танилц гэсэн сургаалыг санаж хэдэн жил боллоо.
Охин минь олж долж байгаа юм нэг их мэдэгдэхгүй боловч зарим хүний хүүхэд шиг ар гэрээсээ тусламж нэхэхгүй байгаад нь санаа зововч бас нэг шинэ юм сурч байгаа гэсэн горьдлоготой хүлээлээ. Өвгөн хааяа:
- Ингэж сэтгэлийн шаналгаа болж байхаар нутагтаа ирмээр юм. Хэзээ л манайхан нэг их баян тарган явлаа. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй болоод л ирсэн биздээ гэсэн үгтэй ирнэ. Тэр нь охиноо санасан, жаахан бухимдсан үедээ хэлдэг үг гэдгийг нь зангий нь мэдэхийн хувьд ойлгож байлаа.
Тэгтэл манай удмаас хоёр дахь хүн, гал дээр гарсан зээ охин минь Америкийг зорих санаагаа ил нэг хэлж, далд нэг аав,ээжээрээ шахуулах боллоо. Тэдний хэлдэг үг нь:
- Аав та, насаараа түмний хүүхэд гэж түнгээ мултартал яваад биднийг орхисон. Одоо эргээд хар. Өнөөх таны, үнэнээр л яв. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэгэдэг яалаа. Хэдэн хүүхэд, ач, зээ чинь түмний тоосон дунд гэлдэрч явна.  Гол буруутан нь та л гэнэ. Яахаараа би буруутан болдог билээ? гэвэл:
- Бидний түрүүчийг бүрэн дунд сургууль төгсөхөд биеэ даацгаа. Тархиараа уралддаг болохоос тасалбараар, хуулга, зуулгаар уралдахгүй гээд л байсан. Таныг ингэж номлож суухад гарын дорхи шавь нар чинь тал тохой татаж танилынхаа хүүхдийг өөрийнхөө хүүхэдтэй их, дээд сургуульд шургуулж амжсан. Одооны улсын хөрөнгийг хуваалаа, идлээ гээд байгаа улс төрчдийн чинь тэн хагас нь таны шавь, шавийн шавь...Таны насаараа зүтгэсэн хөдөлмөрийн үр дүн болж харагдах гээд байгаа юм бишүү, ааваа? Их сургуулийн профессор, эрдэмтэн гэдэг титмийн чинь доор энэ бүхэн болж өнгөрлөө...Дунд охины минь хэлсэн үг.
Бодлоо. Зарим хэлээд байгаа нь ортой ч юм шиг. Миний хэдэн сайхан шавь бий. Цагтаа монголын эдийн засгийн толгойлох эрдэмтэн болсон тэднийгээ харахад өөрийн эрхгүй бахархдагч бас цаг төр хувирснаас хойш нэгэн шулуухан шиг хэлчихдэг сэхээтэн:
- Монгол улсыг чинь, ардын хувьсгалын он жил, шинэчлэлтийн эхний үеүдэд дандаа л эдийн засагчид удирдаад л байна гэсэн чинь уна унасаар ийм болсон биздээ хэмээн томоохон зөвлөлгөөн дээр аваад хаяхад нүүр улсхийж билээ. Өнөөдөр гэрийн дотроо үр хүүхэддээ ингэж хэлүүлж суугаа минь ч бас л өрхийнхөө эрдэм боловсролыг анхаараагүй байж энэ улсыг өөд нь татах тухай бодож явсан минь гэмшилтэй ч юм шиг. Энэ үгийг би гаднын хүнээр хэлүүлээгүй л дээ. Хэрвээ тэгсэн бол биеэ өмөөрөх байсан. Буруутныг эрж хайх байсан. Гэвч ингэсэнгүй. Чингэж бодолхийлэн байтал зээ охин минь:
- Өвөө, өвөө эгчээс захиа иржээ хэмээв. Зээгээсээ захиаг дуудаад орхи гэвэл, охины захианд дүүдээ хандан бичсэн үгээс:
- Хатан ясны минь хэлтэрхий, халуун цусны минь үсэрхий хайрт дүү минь чи гадаадад л ирж ажиллавал тэндээс амьдрал, ажил үйлс чинь цэцэглэх юм шнг мөрөөдөж явдгийг чинь дууллаа. Эгч нь ч гэсэн ийм л мөрөөдөлд хөтлөгдөөд ирсэн юм. Чингэхдээ харийн газар алхах гишгэх болгон чинь алдвал хальтрах, оновол олохын дэнс байдгийг санаж яваарай. Би, миний хайртай аав, чиний хайртай эрдэмтэн өвөөд чинь тунирхаж, өнөөгийн залуусын сайн сайхан амьдралын мөрөөдөл болсон оронд л ирвэл аз жаргал минь цэцэглэх юм шиг санаж ирсэн минь эндүүрэл байжээ. Дүүдээ дахин хэлэхэд:
- Харийн газар ажил төрөл эрхлэхэд бүх юм өөрөөс шалтгаалах боловч цаанаа л нэг хатуу. Бүх юм хатуу ширүүн. Тэр ч байтугай амрахад нөмрох даавуу нь хүртэл ширүүн байдгийг бодож яваарай. Дассан газрын даавуу зөөлөн гэж ч үг байдаг биздээ...гэжээ. 3ахиаг уншиж дуусахад сонсож суусан хэн хүний нүд нулимстай харагдав. Хөгшин бид хоёрын хувьд охиноо санасан сэтгэлийнх ч байж мэднэ.
Тиймээ харийн газрын даавуу нь хүртэл ширүүн. Цээжинд минь багаас сурсан “Торгууд нутаг дууны ая эгшиглэнэ. Ер нь дуу гэгч зовоход нэг ухаарал авчирч, жаргахад нэг санамж өгдөг ч юм биш байгаадаа.
Хадан дээрээ гараадаа ирэхэдээ
Харийн нутаг харагдаад байнадаа.хө
Хадан дээрээс буугаадаа ирэхэдээ
Ханцуй дүүрэн нулимстай байнадаа, хө...Гурван голд минь нутаглаж явсан элэг нэгт халимаг ах дүү нарын минь үр сад Вакунаев гэдэг цэргийн дарга зохиои дуулсан гэдэг юм.
...Хадан дээрээс буугаад ирэхэдээ
Ханцуй дүүрэн нулимстай байнадаа. хө...захиаг дуудаж дуусахад харьд явж амьдралаа өөд татахын мөрөөдөл болсон зээгий минь нүдэнд ч нулимс хургажээ.


2007-07-3. Гэртээ. 21.25.


АРВАН ТАВНЫ CAP

Ри.Содномд.

Бид найрлаж суулаа. Бороо орох гээд ч байгаа юмуу тэнгэр нэг л бүүдгэр, торгон цэнхэр урсгал хаялж байдаг далай ч нэг л бүүргэр. Гэлээ ч сайхан газар ирчихээд нэг оройн бүрхэг бүүдгэрт ч автах юм алга. Далай ээжийнхээ хаяанд ирснийх дотроо уудалсан шиг догдолж долгилсон хэдэн хүмүүс бие биеэ хөгжөөн өдрийг өнгөрүүлдэг байв. Харин энэ удаад түрүүчийнх нь маргааш нутгийн зүг хөлгийн жолоо залах болж шинэ ирсэн нь танилцсаны баяр хийж байгаа юмуу даа шимийн бараанаар дотроо халааж, сэтгэлийн ерөөлөөр нэгнээ мялааж байлаа. Ёс бодсон хундага нэг л мэдэхэд найрын дугараа эхлүүлэх шалтаг болж эрчүүдийн баргилдуу хоолой, бүсгүйчүүдийн тунгалаг хоолойтой хослон далайн давалгаанл түрлэг нэмж байв. Гэрийн зүүн талаар Улаанбаатар хотоос ирсэн аялагчид ахлагч нь бололтой мяраалаг цагаан эрийн гарын дохилтоор дуулна. Далайн захад хэд хоногийн өмнө ирээд нилээд догьширсон хэдэн амрагчид зүүн талд суудалтай залуу бүсгүйчүүдэд илэрхий тал өгч тоглоомын үг шидлэх нь нүдгүй хүнд боловч мэдрэгдэхээр байлаа.
Аяны дугараа надруу ирэхэд нүд давхраатай байхаас нүүрний хээ тогттол дуулсан “Болзоо-г дуулж аргалав. Дуулж дуусахад бидний үеийн нэг эр үг нь ч яасан үнэн, ая нь ч яасан яруу юм бэ хэмээгээд хоолой нь зангирах янзтай. Дуу гурван юм найрч байж хүнд хүрдгийн дуучныг нь дурдаагүйг бодоход миний дуулах ч гэж ээлж өнгөрөөсөн л хэрэг байх. Гэхдээн гомдох юу байхав, ямар дууны уралдаанд ороод сүүл мушгисан биш. Дугараа зүүн талд шилжиж нас тогтсон торомгор хар нүдэн бүсгүйд аяны хундага очив. Бүсгүй дуугаа эхлэлгүй хэсэг болоход:
- За даа энэ ч нөхөртэйггөө дэмнэж таарлаа хэмээн дэргэдийн хүнтэй энэ тэрхнийг хүүрнэж суутал:
Арванхан тавны маань cap нь ээ, ээ, ай хө, хө
Агаар тэнгэртээ дэнлүүдээ ай, ай хө
Арванхан тавтай шоожуу нь ээ, ээ, ай, ай хө. хө
Аав л ээждээн дэнлуүдээ, ээ. ай.ай хө...Хоолой нь ялигүй чичргэнэх атлаа цаанаа сэтгэлд уусацтай. Ёстой л хэн хүний үр хэзээ яаж зохиохоороо ингэж найрдаг байнаа.Тоомжиргүй сэтгэл сайхан эгшгэнд бөхиймөөр, тогтож бодож гоожгорхон шаргал хорвоогийн наранд үдэлмээр гэдэг нь. Бүсгүй дуулж, би, бид нүүрэндээ дуниатай, нүдэндээ нулимстай...
Хоринхон тавны маань cap нь ээ, ээ, ай хө. хө
Хорвоолоо ертөнцийдөө дэнлүүдээ ай, ай хө
Хоринхон тавтай шоожуу нь ээ, ээ ай, ай хө, хө
Хоёр биендээн дэнлүүдээ ээ ай. ай хө. хө...Би өдий насыг наслатал хэрдээ их юм үзэж, хэтэрхий олон биш юм гэхэд сэтгэлд шингэсэн дуу мөн ч их сонсож дуулсандаа, хөөрхий. Арванхан тавтай байхдаа аав, ээжийн дэнлүү байсан хүний үр хоринхон тав хүрээд ирэхлээрээ хоёр биендээн дэнлүүдээ....мөн чиг хэлж байгаа юм щүү.
          Нэг мэдэхүл найрчид бүсгүйн дуулах, хөдлөх аясыг даган алмайрчээ. Миний хажуудах ч мэлмэрээстэй.хүний хажуудах ч мэлмэрээстэй.
Сайхан юмаа, хөөрхий. Туулсныг ч бодогдуулж байна. Дуулсныг ч санагдуулж байна. Эргээд бодвол, гурван ч удаа эрлэгийн гадаа очоод буцсан байдаг юм. Цухалдсан үед ингэж явахаар ч гэх өдөр цөөхөн боловч таралдаж л байсан. Одоо бол юуны золоор амь гарсан юм бэ? Эрлэгийн гаднаас эргэсэн гурван тохиолын аль нэгэнд мажийчихсан бол юун ингэж уярч мэлмэрүүлж суухтай манатай. Хүүхний сайхныг харж явдаг нэгэнд бол нэг их ч хөөрөн шагшмаар биш ч бүсгүй дуулах тусам ойр охрыг мартуулж, орчлон холыг ойртуулах нь гайхамшигтай. Бүсгүй дуулсаар л. Өнөөх үдшийн бүрхэг тэнгэр ч цэлмэжээ. Бүсгүйг дуулснаас хойш дуулая бария гэсэн хүн ч гарсангүй. Хаашдаа энэ хүний энд хүрч дуулахгүйгээс хойш ч гэж бодсон уу. Эсвэл зовсон хором жил шиг, жаргасан хугацаа хором шиг санагддаг хорвоогийн аашийг эргэцүүлснээс болсон уу, зарлаагүй цугласан найр аандаа өндөрлөж харцнаас нь ажиглахад гуниг тээсэн биш мөртлөө битүүхэн бодолд автсан хүмүүс уван цуван тарцгаалаа. Гэрээс гарсан хойно ийм сайхан дуулдаг хүний нэрийг асуугаагүйдээ баахан тээнэгэлзэж, нэгэнт гадаа гарчихаад буцаад орж явалтай нь ч биш гэсэн шиг нэрэлхүү сэтгэлд хөтлөгдөн гэрийн зүг одвой.
Тэнгэр рүү харвал үүл шуугдан нээрээн л “Арван тавны cap дээрээс мэлмэрүүлэн ширтэж байлаа.Арван тавны сар. Энэ оройн найраас яваа хүн болгоны сэтгэл Арван тавны сар-ыг цээжиндээ тээж яваа. Ийн бодол төрөх сац ерөөсөө бүсгүйн нэр хэн болохыг асуугаадчиг яахав.Арван тавны cap л биз хэмээн бодогдов.

2007-07-30. Хатгал тосгон.
Хоттойд аялгуу уран бүтээлийн байр.


ЗОЧИД

Манайх Хөвсгөл далайн ховөөнөө зусаж байлаа. Цаг сэрүүсч өдөртөө сэвшээ дэгдэн өнжих болсон нь төв суурин газраа хэзээ мөдгүй буцаарай гэж дохиолох шит санагдана.
Намрын эхэн сарын ийм нэг өдөр нутаг өөдөө явж багаас үерхсэн Алтанхүү. Нааяа хоёртойгоо хэдэн өдөр гангар гунгар хийе гэж гэргийтэйгээ ярь ярьсаар тэр хоёрыг гэртээ авчирав.
Нааяа гэргийтэй минь хуучилж, нөхөр нь надтай яриа дэлгэхийн чөлөөнд үе үе чимээ алдарна. Алтанхүүг хүрээд ирэхээр нь хаачаад ирэв гэхэд:
- Далайн хөвөөгөөр явлаа. Их сайхан газар юмаа гэнэ. Нэг ирэхдээ:
- Танай энүүхэн урд усны хэдэн шувуу байна. Өмнө нь огт үзээгүй юм байна гэсээр орж ирэв. Би:
- Аа, энд жил болгон хоёр ангир таван дэгдээхэйтээгээ зусдаг юм гэвэл:
- Алтанхүү, тийм, тийм ч гэсэнгүй. Бишээ, биш ч гэсэнгүй. Дараа нь бодвол угаасаа нуур, цөөрөм, ус голтой хүнийг нь мэдсээр байж тэр гайхаж цөхөөд байгаа шувуудыг ангир л биз гэсэн минь баахан ташимгүй бодол байжээ. Алтанхүү дараа өдөр мөн л сураггүй хэсэг болоод орж ирэхдээ:
- Биш юмаа. /Энэ нь ангир биш гэсэн үг бололтой./ Гоохойсон урт хүзүү, хурц төвөнхтэй бор саарал шувууд. Арав гаруй юм. Тэгээд далайн захын арваад модны салхинд хазайгаад унах болсон дээр нь шавааралдаад л өнжих юм. Ямар нэг газар манаад, эзэн болох гээд байгаа юм шиг гэнэ. Нэг өдөр бид дөрөв цай уугаад гадаа сууж байтал:
- Тэр, тэр хэмээн шувууд шаагилдах унаангины зүг Алтанхүүг заахаар нь харвал нээрээн л өөр шувуу байлаа. Ерөөсөө юм олж идэж байгаа нь ч мэдэгдэхгүй нэг унаангин дээр л бөөгнөөд байгаа харагдана. Тэр өдрөөс хойш манайхаас гагц Алтанхүү ч биш бид дөрвүүлээ тэр мод, тэр шувууд руу хараа билчээдэг, нэг бодлын зутаатай, нөгөө бодлын сэрэмжтэй ажил хийх болов. Харин нутгийн шувууд болох хэдэн турлиах. шаазгай унаангины ойролцоох арваад модон дээгүүр нисэн буун завдсанаа удаж төдөлгүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болно.
            Бараг арваад өдөр эгц гоолиг модонд ойртохгүй байсан зочид нэг өглөө цөмөөрөө тэр хавийн модонд тарж хоносон бололтой, тийн атлаа одоо арвуулаа ганц унаангин дээр бус арван модыг нэг нэгээрээ эзэмшсэн мэт погвойж харагдав. Манай тогтворгүй хэдэн турлиах, шаазгай газраар явгалан таржээ. Чингээд хэд хоноход ногөөх нэр үл мэдэх шувуудын байгаа модны мөчир дээр нутгийн хэдэн шувуу ойртох ч үгуй ямар нэг далд түгшүүрт автсан мэт нисэж буух болов. Бид хоёр ч бас Алтанхүүгийнхнийг явснаас хойш урьд нь ажиглаж байгаагүй хачин жигтэй шувуудыг хардангуй нүдээр гайхашран ширтэх бөлгөө. Гайхашрахын учир гэвэл зочид хавийнхаа гоолиг моддоор таран байрласнаас үзэхүл Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдэг баахан цадиггүй, гудиггүй хүмүүний араншинг санагдуулсанд болой.
          Ирэх зун энэ шувууд ирэх болов уу? Ирэхдээ арвуулаа ирэх болов уу? Сүргээрээ ирэх болов уу? Сүрэг гэдэг нь хэд байдаг юм бол? Ер хаанаас энэ шувууд гараад ирэв ээ? Ирээд өнөөх унаанги дээрээн л шавааралдах болов уу? Эсвэл дам дамжаад энэ арван хэдэн модыг эзэгнэх юм болов уу?
Хэрвээ ингэвэл манай хэдэн турлиах, шаазгай хаачдаг бол...? Аягүйдвэл баахан шуугилдаж шуугилдаж байгаад л оногдсон мод ч үгүй, далайн зах ч үгүй хоцронодоо...


2007-08-8.
Хотгойд аялгуууран бүтээлийн байð.   
  ХҮНИЙ БҮСГҮЙ ҮР


Богдын өндөр уулыг битүү манан бүрхжээ. Үүлэн чөлөөгөөр ёлтойх төдий нарны гэрэлд Туул гол руу харсан ам болгоны царам шарлачихсаныг ажихуйяа:
- Үгүй ээ ер ингэх болчихлуу хэмээн өөрийн эрхгүй дуу алдмаар аж. Царам шарлачихаж дээ, маргааш л намрын сүүл, өвлийн эхний цас, гэх бодол толгойд орж ирүүт олон жилийн өмнөх нэгэн намар цагийн явдал санаанд буув.
Бид хоёрыг хөдөө яваад ирэхэд арван хэдэн ам шуугъж байдаг умгар өрөөнд маань шинэ хүн нэмэгдчихсэн, дүү хархүү хоол хош.цай цүү болчихсон угтдаг юм байна. Эхнэр тогтоодоггүй эр ганц дүүгээ гэж хэлээширч явдаг хөөрхий муу авгай минь үг хэл намуун, зөөлөн, хөдлөх явах нь гав шав шавилхан цагаан бүсгүйг илтэд таашаан, миний чихэнд сэм:
- За нэг санаа амарлаа. Бас ч нэг ингэх болов уу гэж горьдоод байсан юмаа хэмээн хэлэх мөрт их л уярч суугааг ханийнхаа бөөрөнд гучаад жил болсны хувьд би асуултгүй мэдэж байлаа.
Шинэ бэрийн нэрийг Дунгаа гэнэ. Дүү хархүүгийн багшилдаг дээд сургуулийн нэгэн тэнхмийн туслах ажилтан гэнэ. Дунгааг манайд ирснээс хойш тэртээ тэргүй олуулаа бидэнд шахуухан байдаг өрөө маань багадах янзтай ч айл гэрийн амьдралд гэрэл гэгээ орох шиг, манайхан хоорондоо урд урдаас нэг л эвсэг, найрсуу болчихсон нь хэдхэн хоногт боловч хүн болгонд мэдрэгдлээ. Ажлаасаа ирүүт тамхи баагиулаад хэвтчихдэг дүү хархүү маань ч биөэ цэвэр цэмцгэр байлгадаг болж, эхнэр минь өнжөөд л нэг цамц нидрэгдэх, дүүдээ өглөө босоод л хань бүлтэй болохыг зөвлөдөг ажлаасаа чөлөөлөгдлөө. Миний хамгийн бага, хэргийн эзэн отгоолой минь хүртэл бэр эгчийнхээ цэвэр цэмцгэрийг дууриаж хоол идэж, цай уусан аягаа хэзээний том хүн шиг угааж арчих гэж хичээх боллоо.
Ганц өрөө, гал зуух хоёрын маань хооронд дамжуулж байдаг ганц сав сарнай хүртэл энэ тэр хүн услах болов уу? гэж горьдохгүй ариглах эзэнтэй болж, эгдүү хүргэм хурц улаан дэлбээгээрээ ирсэн зочдыг баясангуй ширтэх мэт.
Дунгаа энээ тэрээ илүү дутуу зангүй, өдөржин цээжээ хөштөл бичгийн машин цохих мөрт гэртээ ирүүт л хувцсаа сольж, унд уухын хооронд ширээ шүүгээ арчих, хог тоос цэврлэх, хоол хошоо бэлтгэх ажлыг гялалзуулчихна.
Тэгээд л айл гэрийн хоол, цай болгодог, бас тэдний хувьд гэр орон нь ч болдог гал зуухандаа бидний дэргэд ус балгасан мэт дуугүй байдаг хоёр маань инээдэм наадам болж байгаа дуулдана. Хоёр дүүгийнхээ ингэж байхыг харахад сэтгэл байвал толгой хоргодох сав ч багаддаггүй юм байна, яахав тэгж байгаад муу хоёр дүүдээ нэг оронгийн юм бодно хэмээн би гэдэг хүн ч их л додигор явах боллоо. Дунгаа ч ёстой л Төөхөн төмрийг дарханд тушаалаа. Түлхүүр хийнэ үү? цоож хийнэ үү? дархан мэднээ. Төрсөн биеийг чамдаа тушаалаа...гэж дуунд гардаг шиг намбалаг дээрээ намба нэмж, өнгөлөг дээрээ өнгө нэмж хэсэг боллоо. Хэсэг ч гэж дээ, хоёр cap л боллоо. Энэ хоёрын бужигнахыг өмөөрөх юу байхав, өнөөх л дуүгийн маань хар гэдэг өвчин гэнэт хөдөлж салгасан юм. Бүүр Дунгаагийн сэтгэлийг нэг мөсөн хөргөсөн юм.
Мод, модны чиг өөр, хүн, хүний зан өөр байдаг орчлонд юу ч гэлтэй юм бэ дээ. Уг нь дүү хархүү зүс царайны хувьд ýã÷òýéãýý усны дусал шиг гэж нэг ярьдаг шиг ижилхэн төрсөн бөгөөтөл зан төрх нь хаанаас авчраад наачихсан юм бэ? гэмээр өөр билээ.
Бидний залуу насны хавар юмсан. Тэгэхэд бид хоёр амйгийн төвийн арван жилийн дунд сургуульд багшилж байлаа л даа. Сэтгэлд нэг аятайхан бүсгүй өдөр тааралдаад ярьсаар байтал хичээл нэгэнт тарчихсан байсан болохоор өдрийн амралтад хамт явчихлаа. Тэр орой манай эхнэрийн харгүйг дэндүү мэдэх хэдэн багш нар кино үзэж баахан дарвиж яваад шөнө дунд болж байхад манайд ирж эхнэрийг орноос нь босгох мөрт:
- Самбуухүүг босго. Хэдүүлээ хэдэн айлаар оръёо гэхэд эхнэр маань:
-Ажлаасаа ирээгүй л байна шүү дээ гээд хэнэггүй тас тас хөхөрч суусан гэдэг юм. Тийм л айван тайван эгчийн төрсөн дүү нь гэнэтхэн нэг л өдөр Дунгааг хүнтэй хардаад.
- Чи íààøàà ирээд  зогс гэж гэнэ. Дэргэд нь ирээд зогсохлоор:
- Чи ямар гэм хийчихээд үг сүггүй гүйж ирээд зогсож байгаа юм бэ? гэж гэнэ. Олны дунд санаа зовоод жаахан хөдөлж өөр тийш харахлаар:
          - Чи хэнийг гэж онцлоод байгаа юм бэ? гээд чимхлээд байх юм гэнэ. Өнөөх элбэгхэн зантай бэр маань нэг л орой эхнзр бид хоёрт орж ирж нэг ийм зарга дуулгадаг юм байна. Би дэмий л:
- Миний хоёр дүү учраа ололц. Залуу улс ийм өөг төөг үгээр юугаа хийх вэ? гэлээ. Дунгаа юу ч хэлэхгүй уйлаад л сууж билээ.
Маргааш өглөө бэр маань эрт гэгч нь орж ирлээ. Нүүр нь уйлсандаа болоод сэлхрүү гүйчихэж. Өнөөх хэн хүний хайр татаад байдаг дөлгөөн бор нүд нь харваас гунигтай. Бид хоёрын үг хэлэхийг хүлээлгүй бэр маань:
- Богинохон л хугацаанд та нартай хамт байлаа. Уянгабаттай болох гэж, болгох гэж хýрэндээ зүтгэлээ. Та хоёр минь хүний сайн муу мэдэгдэхээргүй цөөхөн хэдэн cap л гэж бодож байгаа байх. Гэхдээн л цаашдаа энэ хүнээс надад нөмөр болгож харах юм алга. Та хоёрт гомдоогүй шүү. Ах, эгч хоёр минь би явлаа. Тэрбээр ийн хэлүүт бид хоөрыг хүзүүдэж уйлж хэсэг зогссоноо гараад гүйчихлээ. Болсон явдалд гайхаш барагдсан би гал зуухны хаалгыг өшиглөн орвол Уянгабат юу ч болоогүй юм шиг хуруугаа нужигнуулан суниаж байна. Би тэвчилгүй:
- Чи, чи, хүний бүсгүй үрийг ... Дунгааг гэж уурандаа ээрч багтран хэлбэл тэрбээр нүүр рүү сүрхий ширтсэнээ:
- Аа явчихаа юу? Хүйт орохоос өмнө яваг, яваг гэв. Мөн хайрлаваа. Хүйт орохоос өмнө гэнэ шүү ... Гал зуухны хаалгыг тасхийтэл хаахад зуны сарын турш ургахын жаргалд умбасан сарнайн дэлбээ цочих мэт ийш тийш чичрэх нь нүдэнд хальт тусав. Эргэж өрөөндөө ороод, үүлгэртэн зогсоо ханьдаа:
- Алив бушуул. Юугаа хүлээсэн юм бэ хэмээн омогдоод ухасхийн гарч шатаар буугаад гадагшлавал намрын цас газрын хөрсийг бууралттал дарж байв. Цас лавшин, лавшин орсоор... Дунгаагийн цагаан шаргал жигүүнэн дээл нэг тодорч, нэг бүдгэрч харагдсаар үзэгдэхгүй болов. Дунгаа явжээ. Манайд, дүүд минь хэзээ ч эргэж ирэхээргүй явжээ. Хөөрхий сайхан сэтгэлтэй хүíий бүсгүй үр юмсан. Миний хэдтэй ялгаа юу билээ. Хөхөө өвлийн түрүүч үгээ хэлж байхад олон ч, цөөн ч хоног бол бэр минь болж явсан хөвөнтэй дээлтэй гарсан дүү минь хаана хүрнэдээ.
...Тэр цагаас хойш олон намар өнгөрчээ. Чамайг гомдоож явсан дүү минь ч алга. Гомдоод явсан áýð минь ч сураггүй.


1991.10.06. Ням


ХАРЦАГА

Төрсөн гэрийнхээ барааг харахсан гэхээс тэсгэлгүй яарч явсан сэтгэлд Бөхнийхээ өврийг л бушуухан харах юмсан гэж яагаад ч юм бэ бодогдож явлаа.
Тэр уулын өвөр Олны бууц гэж нэршсэн нэгэн хонход манай хоёр олон жил өвөлжиж билээ. Манай хоёр гэдгийн маань нэг нь тэр хавьдаа алдартай анчин данхар Совдынх л доо.
- Ээжээ манайх энэ жил юунд Барчгарт өвөлжсөн юм бэ? Тийшээгээ ер нь айл өвөлждөггүй шүүдээ гэхэд минь:
- Хайлдаа, хүү минь, Совд маань л атар онгон газар, малд идээшилтэй .заавал тийшээ өвөлжинө гэж дарга даамлуудтай зөрсөөр байгаад л тэнд өвөлжчихсэн юм. Энэ жил цасгүй шахам болохоор тавтай л өвөлжиж байна гээд ээж шагайн хул мориндоо ташуур өгөв.
Ээжийн ярианаас Соовоо ахын махлаг улаан нүүрэндэх өтгөн хар хөмсөг, инээхэд нь яралздаг цавацалзсан цагаан шүд нүднээ харагдах тэрхэн агшинд:
- Өдийд ах ч хана шийрлэж хэвтэх эр бишдээ, гэж бодогдмогц оготор шар Харбин-аа үүрч анч хэдэн нохдоо дагуулсаар нар шингэхийн хэрд гэрийн бараа хардаг нь санаанд оров. Тэгээд өөрийн эрхгүй тэр жил Соовоо ах бид хоёрын үнэг нохойдож байсан баясгалант нэгэн өдөр санаанд ороход:
- Ах энэ жил үнэгэнд их явав уу? Ан хэр байх шиг байнадаа хэмээн асуухад минь ээж хэсэг дуугүй явснаа:
- Аа, мал харах нэрээр үнэгэнд ч өдөр бологон л явдаг байх. Намраас хойш шальтай юм агнаагүй.Хөгшин нь үнэг үргээчихээд залуу ноход нь үнэгэнд хүрэхгүй байна л гэх юм. Ойрын хоёр гурван өдөр нэг сайхан үнэгтэй Таргил-ын залгаанд тааралдаж гэнэ. Хоёр нохойгоо тавьсан хүрсэнгүй.Хөгшин хар гударга зөнөглөөд үнэг алдуулчихлаа. Та нар уяад хоцроохгүй хэмээн буруу нь аажаад чинь л ирж байх шиг байсан гэв.
Хөгшин гударга... хачин л юм. Одоогоос арваад жилийн өмнө Харцага минь чи Совд ахын хаяаг дагал уу? Эхлээд чиг эр нохой урвах тэр айлдаа муу энэ тэр гээд л баахан хөөсөн боловч чи явж өгөөгүй шүүдээ.Тэгэхлээр нь манай хотын хүүхдүүд чамд өөрсдөө нэр өгчихөөд л Харцага,Харцага гэж дуудаад  хонь хурганд дагуулж явдаг байсан биш билүү?
Намрын анхны цас орсон тэр нэг өглөө юмсан. Томчуул эртлэн босож үнэгний мөр харахаар мордоцгооход бид нар цасан дээр тэмээний таваг гарган тоглож өнжиж билээ. Тэгээд томчуул орой ангаас ирэхдээ азтай эрд атаархах шиг дагуулж яваа нохойг нь шохоорхон харцгааж байсансан.
          Соовоо агаа cop нь хүрэнтсэн хоёр сайхан үнэг ганзгалчихсан яг л бид нар анхны зурам агнасан юм шиг хоёр ганзага руугаа байн байн харж Харцага, Харцага хэмээн араасаа дагаж яваа чамайг дуудахад хөөрхий адгуус чи ахын ёлтгор шар нүдний сувьдаг харц хожмоо яаж өөрчлөгдөхийг даанч мэдээгүйдээ чи. Бид тэгэхэд хэнз бага байсанчиг чиний шинэ эзний уурлахаараа хяргачих шахдаг ширүүн авир.тайван үедээ зальтайхан анивалзах шар нүдний харцнаас эмээдэг байсан юм.
Харцага минь,Харцага минь. Соовоо ахын аятайхан инээсэн тэр өдрөөс хойш ноднинг хүртэл, ямарч гэмгүй Должмаа эгчийг л хааяа загнуулахаас өөр онцын юм анч эзэн та хоёрын хооронд болж байсан гэж үү?
Харин ноднингоос л та хоёрын ганзага урьдын хэвээр нийлэхээ больсон байхаадаа.
Соовоо, харцагатай ганзага нийлэхгүй болсон нь түүнийг хөгшрөхөөр, хоёр залуу мориор хурдан болох юм гэж хоёр гөлгөн нохой худалдаж авсан гайт тэр өдрөөс л чиний шинэ амьдрал эхэлсэн шиг билээ. Намар íàìàéã òºâ ÿâàõàä Õàðöàãà ìèíü Хүрэнбулгийн дөрөлж гартал ээжтэй çàì äºòë¿¿ëж өгөөд буцсансан. Ухаантай нохой минь. Одоо очиход минь ч угтаж авнадаа гэхчилэн яагаад ч юм бэ? Харцага-ын тухай  бодож шогшуулсаар нэгэн нам хөтөл давахад өвөлжөөний дулаан салхи пүнхийж нэгэнт гэрийн гадаа иржээ.
Бид хоёрыг Должмаа эгч гарч угтлаа. Харцага ч алга. Гэртээ орж халуун цай ууж жихрүүдсээ гаргаад байтал гадаа ноход хар хур хийн дөрөө торхийн хүн буух чимээнээр сэтгэл догдлон г¿йж гарвал. Соовоо ах ухрийн хашаанаас морио уячихаад гал улаан үнэг ганзаганаасаа авч нэгэн сэгсрээд гэрийн зүг бардамхан янзтай алхлахад нь би хойноос нь очин ахад хацраа үнсүүлэх мөрт үнэгийг олзуурхан ширтэж:
- Аль нохой тань бариа вэ? гэвэл тэрбээр олон ч юм хэлсэнгүй, цохиж аллаа гэв. Тэгсэнээ гэрт ормогц хацар нь гэрэлтэн ийш тийш таашаалтайхан харснаа бид хэдэд сонин болгосон нь:
- Энэ чинь нөгөөх хэдэн өдөр бараагаа харуулаад арилдаг гайхал шүүдээ гэх мөрт үгээ залгуулан:
- Би өглөө Таргил-ын залгаанд бас л бараагий нь харлаа. Хоёр нохой минь ч шурхийлээ. Би араас нь морины хурдаар хөөв. Нэг харвал нүдний үзүүрт Õºãøèí çºíºã Хөх жалга уруудах янзтай гуйварч харагдана. Би ч юун тэрийг тоох манатай хэмээн хэлүүт цогногосхийж өвдгөө цомцойлгоод яриандаа халан тэгээд Барчигар-ын шилээр даваад хартал хоёр нохой ч үүнийг, үнэгний арьсыг зааж байна, алдчихаад урдаас гараад ирлээ.хор хөдөлж байна ч гэж хачин. Эргээд Барчигар-ын дунд цохиогоор өнгийтөл òýрүүхэн доор өндөр довны тэнд нэг үнэг харагдах шиг. Нүдээ сайн арчиж байгаад харвал яах аргагүй үнэг ч мөн нь мөндөө. Тийн атал үнэг хойшоо ч нэг зүтгээд, урагшаа ч нэг зүтгээд байдаг. Бодлоо.
- За хө, энэ чинь хавханд орсон үнэг байна. Бишээ. Энэ хаâьд надаас өөр үнэгний мөр хөөх хүн байхгүй гэж бодуут тийшээ тавиад хүрлээ. Олон ч юм бодсонгүй үнэгний тархинд ташуур буулгалаа. Үнэг ч гулдгас. Завьжийг нь сэнжилчихсэн хойноо үнэгээ татвал хөлд дахиад нэг зөөлөн юм торох шиг. Ахиулаад харсан чинь юу байсан гэнэ, нөгөөх муу Харцага минь.Дууны нь өнгөнд Соовоо гуай өнөөдөр л нэг анч сайн нохойнхоо тусыг мэдсэн аялга илрэв. Үнэгний хөлийг тас зуучихсан, нүд нь аниатай урд хоёр хөлөө жийн аãдлаад хөшчихсөн хэвтэнэ. Нохойнхоо амыг ташуураар хөшин байж арайхийн ангайлгахад юу болсон гэж санана. Харцага нүдээ нээх шиг санагдсан...Үүнээс хойш  данхар Соовоо õýäýí õîðîì чимээгүй байснаа:
          - Уул нь ч юмны хашир нь айхавтар юм хэмээн өгүүлээд хөрчихсөн цайгаа хоржигонотол сорчихоод, Должмаа эгч рүү харж:
            - Тий шаа, аль вэ, хөгшөөн зууханд гал хийгээч гэв. Харцага хэмээх анч нохойн эцэслэлийг там тум сонссон Соовоогийн аав дал хол гарсан чих хатуу өвгөн Дандар гуай:
- Ай хөөрхий гэх дуун гаргахад гал нь буурсан нүднээс нэгэн хоёр дусал нулимс бөмбөрч байгаа харагдав. Должмаа эгч, ээж хоёр хоёр чимээгүйхэн шүүрс алдах сонсогдоíî.
Хөөрхийдөө.Харцага гэж хатуу сэтгэлт эзнийхээ элдэв ааш гаргахад сайн нохойн ёсоор тэсэж эцэслэхдээн хүртэл эзнийхээ анч нэрийг батлалцах гэсэн шиг төгссөн нохой байв даа. Түрүүхэн болтол ямархан нэг зөнгөөр чамайг дуртган санаж явснаан бодоход гайхаш барагдана. Сайн хүнийг санагдуулам нохой байхад, нохойноос ч дор хүн байдаг нь юутай гаслалтай. Гэхдээн л Харцага минь данхар Соовоод муугаа үзүүлээгүй чинь ёстой нохойн шинж юмдаа хэмээн санахуйяа дотор бага уужрах шиг. Гуних, уужрах сэтгэл нэгэн зэрэг төрж залуу биеийг догдлоох нь насны нэгэн үе ч юм боловуу даа.

1968 -12 – 06. ,,Òºð õóðàõ,,-ûí àì.  


ЗҮҮДЭН БОДОЛ


Торгоны маань хээ л гэдэг нь
Товгорхончиг байдаг юмаа, ай хөөрхий хонгор минь дээ хө
Томоогүйшүү сэтгэл гэдэг чинь
Хэнээсээ гаравдаа,ай хөөрхий хонгор минь дээ хө
Торгоны хээ” Монгол ардын дуунаас


Ойрдоо нойр төдгүй, дав дувхийгээд л сэрчих юм. Тэгээд ийш тийш хөлбөрөн хэвтэхэд юу эс бодогдохов. Ер нойргүй хүний зовлонг хүн болгон мэдэх биш. Унтъяа гэх тусам тиймүү? гэсэн шиг тэнэмхий хүнэрхүү хаа нэг тийшээ алга болох нь хяслантай. За тэгвэл нүд ч цавчихгүй хараад байя л даа гэхлээр нүд анилдмаар болоод ирнэ. Илээч нөхрийн зөвлөснөөр толгойноос эхлээд өвчүү, атгаалыг хөнгºн дарж, бүүр хоёр хөлийнхөө улыг зуу зуун удаа үрж ч үзлээ. Хаашаа ч юм бэ хулжин одсон нойр байдаггүй ээ. Тэгж тийчилж, хөлбөрч, хөлбөрч нэг зүүрмэглэх аядтал нэг хүн дуудах шиг болов. Юу билээ хэмээк зүүрмэг нойрмог эргэтэл Хашиймаа, нэг их том алаг нүдээр ширтээд л байх юм. Нүд нь л харагдаад байхаас биш өөрөө харагдахгүй...Тийм, Хашиймаа гэж нялх багын минь анд. Ёстой орчлонд найзлах, хүнтэй дотносох гээчийг би Хашиймаагаас, Хашиймаа надаас л мэдэрсэн байх. Би ер түүнтэй анх яаж танилцсанаа мэддэггүй юм. Миний мэдэхийн л бид хоёр чулуун гэр барьж, аав, ээж болж, нохойн чимээнээр гарч гүйн уяан дээрээс зочин гийчнээ тосож, цай цүй болж, үдэж, мордуулж их юм болсон байдаг юм.
Бас би санчиг үсээ авахуулж, Хашиймаа өтгөн хүрэн үсэндээ ээжээрээ гоёо чимэг зүүлгэж, тэртээ тавин хэдэн жилийн өмнө сургуульд хамт мордсонсон. Нэг мэдэхэд бид хоёр бага сургууль төгсөж, төд удалгүй бүрэн бус дунд сургууль дүүргэж, намар, намарт хоёр ээжээрээ хацраа үнсүүлж, хавар, хаврын ногооноор хоёр ээжээрээ тосуулж нэг л мэдэхэд чи надаас түрүүлээд хот орон газар суурьшиж бас нэг зун зусаж байтал Хашиймаа айлын хүн болсоор нутагтаа ирж гэнэ гэсэн яриа гарч байсан сан.
Санаандгүй танайхаар ороход ээж чинь бөөн баяр болчихсон хоймроороо дэрсхэн хоёрын ч зэрэг хүүхдэд аягатай тараг бариулчихсан Хашиймаа чинь ийм хоёр хөөрхөн амьтантай болчихсон. Аавыг  нь чи танина биздээ. Сая адуунд гарлаа гэж байсансан. Тэгэхэд Хашиймаа сүү хөөрүүлж, гадаа аарц шүүж ер намайг харахтай мантай байж билээ. Тэр өдрөөс хойш бид хоёр нэг их дайралдаж сүйд болж байсангүй, ядахдаа нэг нэгнийхээ амрыг бүтэн үгээр ч эрчихгүй Сайн уу,Сайн гэсэн хагас мэндтэй зуугийн талыг өгссөн байх юм. Тэгтэл нойр хулжсан шөнө л зүүдэн бодолд орж ирдэг нь... Бодоод байхад Хашиймаа ерөөсөө миний үгнээс гарч яваагүй юм байна. Хичээлээ давтая гэхэд дагаад л явдагсан. Сургуулийн үдэшлэг,  олон нийтэд  явъяа гэхэд ямарч ажилтай байсан намайг дагаад л явдагсан. Орой, үдэш бүжигт явсан хэрэг мандаж захиралд загнуулахад ч хамт загнуулж байдагсан. Тэр ч байтугай ахлах ангид байхад эрэгтэй хүүхдүүдтэй нударга зөрүүлэх үе таарахад нэг л мэдэхэд чи л хажууд ирчихсэн үймээнийг даралцаж явдагсан. Ингээд бодохлоор Хашиймаа аргагүй л багын минь анд юмаа. Тийм юмаа гэтэл бас зайлшгүй чи баймаар, баймаар юманд байгаагүйг чинь гайхмаар.
Уг нь би чамд хэлсэн л баймаар юм. Тэгтэл намайг айл гэр болоход чи ирээгүй санагдана.Бүүр алба ажил хийснээс тэртээ хойно манайд нөхөртэйгээ хоёулаа ирж байсныг чинь санах юм. Бас баяртай олон олон учирлуудад чи ирээгүй байдаг юм.
Ойж буусан залуу зандан насанд үеийн бүсгүйчүүлд сэтгэл алдаж, алдуурч явахад Хашиймаа заримыг нь хараагүй юм шиг өнгөрүүлж, халз тулсан нэгийг нь эерүүлж зөөлрүүлж өнгөрөөснийг би тэртээ хойно л мэдэж билээ. Хашиймаа надтай тэртээ хойно нэг тааралдахдаа, чи ээжийгээ бодоод муу ээжид минь жилдээ ганц ирээд хацраа үнэрлүүлчихэд яадаг юм бэ? гэж нэг ширүүхэн дуугарсан санагдана. Хүний ухаан орсноос минь хойш анх удаа л ширүүлсэн чинь энэ байх. Харин хоёр удаа хоолой чинь торсхийхийг ажигласнаа би яагаад ч мартдаггүй юм.
Тээр жил бид хоёр нутагтаа нэг жил тааралдаад гэр ойр хэд хоног амарсан юмдаг. Тэгэхэд нэг өдөр хоёулаа энэ тэрийг хуучлан дөрөө харшуулж явахдааБухт-ын өврийн намаржаанд байх багын тоглоомоо хараад яаран бууж он жилийн эрхээр байрнаасаа хөдөлсөн чулуудыг байранд нь тавьж байхдаа нэг харахул чи улсын наадамаар унадаг хоёр шаргаа ижилд нь нийлүүлж байхдаа нүдэндээ нулимстай байж билээ. Бүүр сүүлд, намайг муу ээжийгээ алдсан хавар хотын гудамжинд явж байтал гэнэт тааралдахдаа тэвэрч авах мөрт духыг минь үнэрлээд нэг их уйлсан юмдаг.
Бүүр жар давсан хойно сургуулийнхаа 80 жилийн ойгоор цугларахад ахижаал буурлууд нэг оройжингоо дуулж,уйлж баахан суухад Хашиймаа, энэ маань иймсэн билүү гэж бодогдохоор:
Дурдамны маань хээ нь
Дугуйхан л байдаг юмдаа.ай хөөрхий хонгор минь дээ хө
Дурласан шүү сэтгэл гэдэг нь
Хэнээсээч гарлаадаа, ай хөөрхий хонгор минь ээ хө...хэмээн дуулж байж билээ. Хашиймаа гэж нэгэн дэвсэгт унаж, нэгэн насаараа ээнэгшсэн нугын минь охин, нутгийн минь бүсгүй юмсак.
Юучиг бодсон юмбэ? хөөрхий. Үг ч хэлээгүй, үйлчиг нийлээгүй нутгийн минь бүсгүй нойр сэрвэлзсэн шөнийн зүүдэн бодолд гайхшран ширтэх. Би чамайг гомдоож л явсан байх, гомдоож л явсан байх...

2007-10-12.

No comments:

Post a Comment