Урдуур минь бор нэхий дээлтэй
бүсгүй яваад өнгөрсөн хойно харвал нэг их танил хүн шиг.Юу билээ? Энэ бүсгий
чинь хэнсэн билээ гэж бодогдох сац тэртээ гуч гаруй жилийн өмнөх намар санаанд
ороод ирэв.Тийм л дээ бид нарыг ажилдаа ирэхэд хүрээлэнгийн захиргаанаас
ажилчдын хурал яаралтай зарласан нь эрдэм шинжилгээний залуу ажилтан авснаа
хамт олонд танилцуулах явдал байв.Ийн санагдмагц сайх бүсгүй бол миний сайн
танихаар барахгүй нэгэн үе ах,дүү болж явсан,би санахаас аргагүй тэр хүн
байлаа.Мичидмаа,Мичидмаа хэмээн амандаа нэрийг нь хэдэнтээ давтав.Нэг харахнаа
Мичидмаа гэргийтэй маань уулзчихсан яриад зогсож байгаа харагдана.Би тэр хоёрыг
гүйцээд очъёо гэтэл зам дээр их сайхан харуулдчихсан гамбанзны мод ч хийх гэсэн
юмсан уу? хэдэн хавтгай зүсмэл тааралдахаар нь автал хаяад нилээд удсан
бололтой бүүр хар хөх өнгөтэй болчихсон байв.Чингээд орхиюу гэтэл:
-Үгүй ээ нэгэн цагт гурилын гамбанз ч юмуу хийхээр
зориут бэлтгэснээ гээчихсэн байна шүү дээ хэмээн бодоод банзнуудыг түүгээд
ямаан тэргэн дээрээ тавих тэр агшинд Мичидмаа, манай гэргий хоёр харснаа над руу хүрээд ирэв.Би бараг гучин
хоёр жил уулзаагүй Мичидмаагаа ирсэнд баярлаж духыг нь үнэрлэв.Тэгтэл Мичидмаа:
- Эгч бид хоёр таныг юу хийгээд байгаа юм бол гэсэн
чинь Надмид бид хоёрын айл болохдоо хэрэглэж байсан гурилын гамбанзыг олчихсон
байна шүү дээ гэвэл би:
- Харин тиймээ.Их сайн харуулдсан зүсмэлүүд
байсан.Барагчиг гамбанзны мод байсан болов уу? гэж бодоод ямаан тэргэн дээр
тавьж байсан чинь эзэн нь урд явж байсан юм байна л даа.Яахлаараа гамбанзныхаа
модыг хаячихаад өдий удтал үгүйлээгүй, аваагүй байдаг юм бэ? гэхэд минь
Мичидмаа тас тас хөхөрснөө:
- Яах юу байхав дээ.Наяа бид хоёр нүүж яваад,
тэгээд юухнаас ч билээ нэг ялигүй юмнаас маргаж байгаад нүүдэл хөдлөхөд
гээчихсэн байсан юм гэснээ нарийн ажсан хүнд хоолой нь сааралтах шиг болоод
харин төдий олон жилийн дараа та олдог нь,бид хэд энд дайралддаг нь хачин юм
гэв.
Нээрээн л
хачин юм.Ийн бодтол, далан найман оны намар цаг.Хүрээлэнгийн захирлын туслах
залуу ажилтан бүсгүйг хамт олонд танилцуулахад оюутны ширээнээс хавархан
төгссөн бүсгүй нэрээ Мичидмаа гэж, урьд нь ажил хийж байгаагүй гэж байсан нь,
манайхны хэн ч билээ одоо хэдтэй вэ? гэхэд Мичидмаа огт юм бодсон шинжгүй 22
той хэмээн дуржигнуулж байсан нь нүднээ тодров.Би тэгэхэд эрдэм шинжилгээний ажилтан
андын залуу бүсгүйн насыг тодлосныг хэрэг болгож анзаараагүй мөрт,яагаад ч юм
бэ?
- Аан энэ чинь биднээс арван дөрөв дүү юмаадаа гэж
бодож байснаа санав.Мичидмаа тэр цагт нэг үеийн биднээс их л бага, санагдаж
байж билээ.Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Мичидмаа манай тасагт ирээд аман зохиол судлах
даалгавар авч миний багшийн гарын шавь болов.Манай тасаг гэдэг маань хоёр,
гурвын ч зэрэг академичээс эхлээд монголын утга зохиол судлалын урдаа барьдаг
алдартнууд , хэзээ мөдгүй эрдмийн зэрэг хамгаалахад бэлэн болсон судалгааны
ажлын авьяас билигтэн нэгэн дор цугларсан халуун ам.Амь ч гэж болно.
Тийм
болохоор өөрөө л замаас гаръяа гэхгүй бол өчигдрийн туслах ажилтан нэг л
мэдэхэд дадлагачигч, эрдэм шинжилгээний ажилтан болчихсон байдаг эрдмийн
өргөө.Өгөөж буян нь ихээ их.Мичдмаа ч тэдний л нэгэн адил туслах ажилтнаас
дадлагажигчийн дэвийг амжилттай дуусгаж оньсого, зүйр цэцэн үгийн хоёр ч
эмхтгэл хэвлүүлж хамт олондоо тоогдож эхлэв.Бид хоёр нэгэн багшийн шавь
болохоор тэрүүхэндээ арай аминчхан. Ажил албаны юмаан ч, ар гэр амь зуулгаа ч
ярина.Бас цалин буутал тав гурван төгрөг хэн хэнээсээ зээлнэ.Тэр үеийн амьдрал
тийм л байсан юм чинь.Тэгээд би Мичдмаадаа хэлдэг байлаа.
- За ажил ч яахав болоод явчих чигээ оллоо.Гэр
бүлтэй бол.Нэг л мэдэхэд үеийнхэн чинь яваад өнгөрчихнө...Бүүр ирэх жилийн
уралдааны үүрэгт нөхөртэй болно гэж бич хэмээн тоглоомоор хэлэхэд Мичидмаа бас
энэ үгийг их зөвшиж:
- Тийм шүү, таны хэлснийã бодож байнаа л гэнэ.Тийн байтал нэг мэдэхэд
Мичидмаа дэд ажилтан ч болов.Эрдмийн зэрэг ч хамгаалав.Тэгээд би томилолтоор
өөр нэг мэргэжлийн байгууллагад ажиллах болж Мичидмаа хүрээлэндээ аман зохиолоо
судалсаар үлдэж билээ.Эхний хэдэн жил хааяа утсаар мэнд мэдэж байснаа сүүлдээ
шинэ жил ,баяр ёслолоор мэнд хүргэх мэт байснаа сүүлрүүгээ хэн хэн маань сураг
тасарч өнөөдрийн барай бүрийд л дайралдаж байгаа нь энэ.
Мичидмааг сониучирхан хэсэг харлаа.Сүрхий
байргашжээ.Цангинасан инээд нь үгүй болж, үл ялиг зуувандуу царай нь дугуй
гэхээр харагдах агаад ер нь л нилээд мяраажжээ.
Хотын нэг албан газар бас нэг даргархуу алба хашиж
байгаа гэнэ.Өнгө зүс сайтай явнаа.Би хоёр юмыг тэсэлгүй асуулаа.
- Эрдэм шинжилгээний ажлаасаа яагаад гарчихаа
вэ?Тэрээр хэлж байна:
- Ах минь цаг төр өөр боллоо.Цалингийн ахиуг хараад
л гэхүүдээ.Гэр бүл? гэхэд минь:
- За , ах эгч хоёр минь тэр ч ёстой бардаггүй юм
байна.Ээжийгээ хүний царай харуулахгүй гэсээр явтал ижилдсэн хань ч үгүй,
өөрийн гэсэн үр хүүхэд ч үгүй өдий хүрэв...Яг л энэ цувуулаад хаячихсан хэдэн
зүсмэл шиг гэснээ гүнзгий санаа алдан хөсөршсөн гамбанзны модыг харж байх юм.Өрөвдиөөр
ч юм шиг.Үүнээс олоон жилийн өмнө бас нэг ийм эхийгээ гэсээр яваад насыг
хэвийлгэсэн нэг бүсгүйтэй ярилцаж суусансан.Тэрбээр:
- Ээж минь зуун нэг хүрээд саяхан өөд
боллоо.Сүүлдээ биеэ бүлээцүүлж чадахаа больчихлоор нь мээмнийхээ
завсар хөлий нь хийхэд бүлээцэж байсан гэж хэлэхэд нулимс гарч байж билээ.Тэр
бүсгүй арав дугаар ангийг онцсайн төгссөн,МУИС-ийн анагаах ухааны салбарыг ч
онц сайн дүнтэй дүүргэж тэр үедээ Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга ч
билүү ажил хийж явсан санагдана.
Хүний зүүд гэдэг үнэхээр хачин.Аль дивангарын
мартагдсан байхаар Мичидмаатай зүүдээр учирч байдаг.Тэгэхдээ бас хөсөршсөн банз
зам дээр хэвтэж байдаг нь ч юүв?Тийн зогсож байтал хаа нэгтэйгээс:
- Машин гулгаад шавраас гаршгүй нь.Та түрэлцээд
өгөхгүй юү? гэх дуун сонсогдоход эргэн харвал арай ч гудамжны өдий зэргийн
шавхайд гулсамгүй шил толь нь гялалзсан Ланд- 100 хэмээх машин хандсан зүгтээ
тэшиж байв.Би үсчих шавраас их зэнзийлэх мөрт машиныг түрж, түлхсээр замд нь
оруулав.Машинаас дарга ч юмуу? Жолооч нь ч юмуу? Сэржгэр цагаан эр гарч ирснээ
баярласнаа хэлэхэд хажууд нь байх цэмцгэрхэн бүсгүй ч бас гар өргөн талархал
өгөнгөө таны алдрыг хэн гэдэг билээ гэхүл би нэрээ хэлэх мөрт хариуд
бүсгүйгээс:
- Нээрээн тийм.”Мянган хүний зүс тогтоохоор нэг
хүний нэр тогтоо” гэсэн хуучны үг бийсэн.Таныг хэн гэдэг билээ гэж асуухад минь
бүсгүй:
- Долгормаа гэв.Энэ нэрийг сонсоод би:
- Аа даанч
таны нэрийг асуумаар санагдаад байсан чинь миний нэг дууны нэртэй ижил юм байна
гэх тэр мөчид машинтай хоёр ч хөдөлж:
- Өнөөх хэний
дуулаад байдаг дууг зохиосон хүн байна шүү дээ гэх нь чихний үзүүрт
шүргэв.
Зүүдний явдлаа гэж.Мичидмаа,банз,Долгормаа бүсгүйг
хэзээч ийн уулзана гэж төслөөгүй байхад зүүднээ барин тавин учруулж
байдаг..Хожуу мэдвэл Мичидмаа,Долгормаа хоёр нас чацуутан байж билээ.Мичидмааг
хүрээлэнд ирж байхад би их л бага юмдаа гэж бодож байсансан... 2010- 03 – 01.Даваа гараг.
Сөүл хот.
Авга эгч Балжиннямын Бадамын дурсгалд.
ЗУНЫ НЭГ ШӨНӨ
Манайх тэр жил тасархайн голд
зусаж байлаа.Аав,ээж “Хүйс”-д сүү
тушаахаар тасаг нүүчихсэн, буурай аав маань айлын тусад орж яваа хэдэн
хөвгүүдээр таяг хийж нэгдлийн õýäýí хонины ашиг шимийн даалгаврыг
өгнө гээд амлачихсан цаг байжээ.
Өнөөх буурал аавынхаа таяг нь
болох учиртай хэдэн ачийн ууган нь би 13 тай,удаах дүү минь 7той,ганц охин дүү
минь 3 тай байсан юмдаг.Охин дүү бол хүүгийнх нь цор ганцхан ач охины хувьд
буурал аавдаа эрхлэх л гэж хааяа дүүрээтэй ирэхээс бус ажилд ямар нэмэр
байхав.Харин удаах дүү минь бол хонины ээлжинд ойрхон явчихна.Сайн дур нь
хөдөлвөл, сайн дурсах ч юу байхав бараг шахаагаар хурганд явна.Би бол өдөр
болгон хонинд явна.Хонь хоёр сааж байсан цаг.Хонио саана.
Нэгдлээс ашиг шимийн даалгавартай
буурал аав минь уйддаг ч байсан биз.Өөрөө ч явах ажил гардаг биз, сум орох,
сүүний тасаг хүрэх өдөр болгоны ажилтай.
Тэгтэл тэр жилийн зун таатай
юм болж хотоос авга эгч минь аавдаа золгож ирээд зусах юм боллоо.Авга минь хот
газар удсан хүн болохоор хонь сааж шавхайтай хутгалдахгүй ч хүний бараатай нь
сайхан.Авга эгчийг ирсэн сургаар багийн даргаас авахуулаад манай сумандаа л
амьтны хараанд явдаг үеийн бүсгүйчүүл,бөх тэх ер нь л манай голоор барахгүй
сумандаа саéн сайхан гэсэн ах, эгч нарын
цуваа хөвөө тасрахгүйдээ.
Хийдэг ажил нь цай цүй хоол
унд болж байснаа нэг л мэдэхэд дуу хуур болчихсон авга минь тэднийхээ дунд бүүр
нэг жаргачихсан аятай суудагсан.Манай нутагт айраг ямар айл болгонд байх
биш,хатуу архи байгаагүй,бодоход таглаатай модон хºíºãíººñ шимийн архи тагшаар нэг хоёр тойруулсан шиг:
- Хөөе Бадамаа,нэг хадаагаад
орхи гэж бүсгүйчүүл шуугилдаж, эрчүүл түүнийг нь дэмжсэн аятай суудагсан.Одоо
санахад хэн хэнээ санацгаачихсан, тоглож өнгөрсөн бага насаа дурссан сайхан ч
цаг байждээ.
Тэдний явдал надад хүртээлгүй
ч сайхан эгчтэйгээ үеийнхээ жаалуудад гайхуулах, бас морьтын хишиг явганд
гэгчээр зун бол бүүр хүүхдэд сураг, үнэр хоёр нь гархаас өөр ховор живэр
юм болоод байдаг борцтой хоолны шөл,
юухан хээхэн махны цөвдөл олдож бор ходоод баярлуулна.
Бид авга эгчийгээ хөөхөө л гэх.Уг нэр нь Бадам л
даа.Яагаад хөөхөө гэсэн юм бэ?гэхлээр багадаа малд явахдаа сайхан дуулдаг, бүүр
дотор өмөртөл дуулдаг байсан гэлцдэг юм.Тийм болохлоор нь удаах дүү нь хөөхөө
гэж авгайлаад тэр нь төрөл садан дундаа бүү хэл нутаг нугынхандаа иймээр
нэршсэн байж.Хөөхөө минь сайхан хүн байсаан.Нарийн гол шиг нуруутай, нэг их гоё
давхраатай алаг нүдтэй.
Аав, ээж нь
малд явж байгаад дуулахаар нь уярч:
- Муу охин
минь ингэж дуулж явах ямар үйлтэй амьтны сүнс юм болдоо гэх мөрт,малаа
хотлуулахаар ирэхээр нь буурай л:
- Яах гэж
ууланд явахаараа гэгэж гиншиж явдаг юм бэ?Нас богиносдог юм.Дахиад чи
ингээрээ.Мөчийг чинь тас цохих юм хуна л гэнэ.Би ийм үгийг хэд сонссон.Тэгж
байтал нэг намар õөөхөө сураг алдрав.Томчуулын
ярилцах нь Бадам хот руу оргоод явчихаж гэнээ гэлцэх.Тийн байсаар хөөхөөг ч нэг
их үгүйлэх хүн илэрхий үгүй болж буурай л хааяа:
- Шумгар хөх
малын ажлаас зугтаагаад хот руу тэнээд явчихаж байгаа юм гэх.Тэр нь эгчийн
махлаг цагаан царайг зориут хөх болгож амьтны цагаан хэл амнаас зайцуулж байгаа
юмсанж. Тэгсэнээ сайхан зантайдаа:
- За даа муу
хүүхэн минь голын амьтны нүдний хор гүйлгэж явснаас олон хөлийн газар нэг ажил
шиг юм хийгээд өөрийгөө болгож явбал насанд нь цөвгүй гэнэ.Энэ үгийг манай
багийн дарга Равдан гуайг байхад хэд хэд хэлээд авсан санагдана.
Равдан дарга
баян Балдан гуайн Доржтой буурал аавынд ирчихээд л том том дуугаралдаад
байсан.Бодвол Дорж гуайд дургүйгээ тэгж гаргàсан байх.
Тэгээд энэ жил аавдаа загнуулж явсан хөөхөө минь
ирж голынхонд хотын боов тарааж,нутгийнхан нүдээ хужирлаж сайхан л байлаа
хөөрхий.Томчуулын ярилцах нь багын адтай Бадам хот явдаг нь зөвдсөн юм.Монгол
бичиг сайхан бичдэг,дуу хууртай хүн сайхан юмаа.Тэр хотод очоод дорхноо л төмөр
замын сургууль гээчид орж төмөр дээгүүр гүйдэг машины мэргэжил эзэмшсэн
гэнэ.Манай энд байсан бол баян Балдангийн хар юмны гарын шүүс тараагаад тэр
сайхан амьтны хамаг нас өнгөрөх байсан юм гэж эгч нарын хэлэлцэх чихний үзүүрт
дурсагдаад өнгөрнө.Тэгэхлээр Хөөхөөг ер нь аав,ээж нь амьтны цагаан хэл амнаас
зайдуу яваг гээд хоцорсон шиг байгаа юм.
Хөдөө багын
явдал хааяа санагдахад олон олон юм санаанд орж ирэх боловч авга эгчийн тэр жил
хөдөө зуссан, айл саахалтынхны баяр хөөр болж байсан нь одооч нүдэнд харагдаг
юм.Бүүр хожуудаа манай нутгаас төрж гарсан нэг том эрдэмтэн Дандгай надтай
нутаг усны сонин хуучилж сууснаа:
- Хүүе, чи сармай Балжиннямын Бадам гэж сайхан
хүүхэн байсныг мэдэх үү?Одоо хаана явдаг юм бол? гэж асуухад нь би их л
сайрхаж:
- Тэр хүн чинь миний авга эгч байхгүй юу гэвэээс:
- Хм.гэснээ энэ үнэн үнэн хэлж байна уу? Намайг
дамшиглаж байна уу? гэсэн харцаар нэг их сүрхий тогтоож харснаа:
- Сайхан хүүхэн байсан юмаа.Миний үеийн залуучууд
Сэрээнэн гуайн Жамбарай,сайхан Бадам хоёрыг өглөөний нарнаар үүлэн цэнхэр
морьтой ижилсээд явж байхыг нь харах гэж нойроо хагасалдаг байсан юм.Дүү хархүү
ч юү мэдэхэв.Хаана явдаг бол одоо нэг уулзах юмсан гэж санаашрангуй өгүүлж
билээ.Дандгайг тийн өгүүлж байх тэр үед үүлэн цэнхэр морьтой Жамбарай ч
сураггүй, хөөхөө минь ч тэнгэрийн орноо явчихсан цаг байв.
Тэгээд
боддог юм.Голыгчиг, нутаг, нугыгчиг нэг сайхан хүн чимж, түүнийг харж дараах үе
нь өсөж сайхныг харах нүдээ нээж, сайныг дагах жишээ авдаг юм болов уу даа
гэж..Яагаад ингэж бодов гэвэл тасархайд зусдаг зун юмсан.Би өдрийн ажилдаа дарагдаад нам
унтчихжээ.Хучлагаа засах гэтэл гэрт лаатай.Лаагаа унтраахгүй унтчихжээдээ гээд
өндийх гэтэл хөөхөөгийн орны хөлд нэг халмаг эр суучихсан:
Бор л
гүвдээн цэцэг нь болбол доо хө
Бодолд наадах юмчиг санасангүйдээ, яалаа минь
Булбарай
Бадамын харцанд нь болбол доо хө
Буцаад ирэх юмчиг бодсонгүйдээ,яалаа минь...хэмээн үл ялиг сөөнгө
хоолойгоор гэгэлзүүлж байсансан.Зуны шөнийн хаяагаар орох салхинд гэм хийсэн юм
шиг дальдчьх лааны гэрэлд нүдээ арчаад харвал тэр хүн өнөөх буурайгийн битүүхэн
үг хэлээд байсан Балдан гуайн хүү байлаа. Хөөхөө ч бас хоолой нь чичирсхийн:
- За
явдаа.Зуны шөнө богино шүү дээ...гэж хэлж байх нь сонсогдсонсон .
2010 – 03 –
02.Мягмар гàðàã.
ХӨДӨӨНИЙХӨН
Би халзангаад өгсөж явлаа.Тэгтэл
модон дундаас:
Ганцын даваа нь
гажуугүй
Ганцхан чи минь
сожиугүй
Гарсан өдөр нь гэгээтэй
Ирсэн өдөр нь ирмээтэй
хэмээн хадаан дуулах сонсогдсоноо төдөлгүй нэгэн морьтон гарч ирсэн нь солгой
Лхамын Дондог байлаа.Даваан өөд зүтгүүлснээс магнайдаа ов тов будаатай хөх бор
морь нь амьсгаагаа дарж ядан хамар нь сарталзана.Дондог их гоёжээ.Наадмаар
толгойдоо тавьдаг саарал бүрхээр гангарч,хүрэн даавуу дээлийн ханцуйг
сугалдаргалсхийж, уран Палам гуйанхны
гайхуулдаг гучин хоёр угалзтай наамал жийжээ.Хөх бор морины нуруунд ясан хяртай
боржгин эмээлийн мөнгөн баавар өглөөний наранд гялалзаж,ногоон санхъюу
гөлөмнөөс хөлсний үнэр ханхлах аж.
Аргагүй л бийлэгжүү айлын бядтай хархүү гэдгийг эдлэж хэрэглýсэн нь асуултгүй хэлээд өгч байлаа.Бид муу аав,
ээжийгээ байх цагаас хойш уулзалгүй уджээ.Гэхдээн л Дондогийн өмссөн, зүүсэн,
хэлж ярих үг нь яг л хуучнаараа.Бидний ах дүүсэж,бие биенээ энэрч,элгэмсэж
явсан тэр цагийнхаараа.Цаг хугацаа урсан өнгөрөвч, цантай буурлуудын үед хэлж
ярьсан нь ч, хийж үлдээсэн нь ч янзаараа.Ёстой л цагийн сайн, хүний мөс гэгч
энэ буюу.
Солгой Лхам гэж манай нутагт
зуднаар ирж өвөлжөөд тэр чигтээ суурьшсан баруун сумын айл л даа.Тэр жилийн
цагаан сараар манайхан ихэр өвөлжөөнд өвөлжсөн юм.Эхлээд өөр нутгийн айл гээд
аав, ах ч хүүхэд бид ч нэг их бие биенийхээрээ орж гарахгүй байв.
Цагаан сарын шинийн нэгэн болоход
хот хотоороо золгосны дараа ихэр өвөлжөөнөөс Лхам гуай ирж манай буурал аавд
золгосны хойно аав биднийг зүүн хотоор ирж очиж бай.Монгол ах дүү нар байна
нэгнийхээр орохгүй байна гэдэг муухай.Хэдий зах залгаа сум ч гэсэн ганцаардаж л
байгаа.Идэж уухаар дутаагүй гэхэд сэтгэл гэж нэг их хэцүү юм байдаг.Түүгээр
дутаж байгаа.Аав бидэн рүү хандаж:
- Та нар яасан монголоо алдсан
амьтад вэ? Хэдэн малны нь хушууг ч эргүүлээд өгөхөд яадаг юм бэ? гэснээс хойш
нэг л мэдэхэд хүүхэд биднээр барахгүй хот айлаараа, Лхам гуайнхаар ирж очицгоох
болж ээж амт шимттэй юм, идээ ундаа гарахад:
- Өнөөх муу Цэрмаад.Лхамын авгайд
өгөх юмсан.Хүний газар хэцүү шүү гэж тэдний рүү хүүхэд гүйлгэх, хүргүүлэх
болсонсон.Манайд орсон гарсан улс Солгойнхоор ороод, нүнжигтэй айл байнаа
лээ.Эртээд манай хэдэн адууг хамт хураагаад ирсэн байна лээ.Намар алдагдсан
хэдэн атыг хаа газраас ажиг сураг тавьсаар олоод ирсэн байгаа юм гэж ам уралдан
сайшаах бөлгөө.
Тийн байтал зуд зурхан ч арилж ирсэн айл ч буцаж нүүх болоход манай
хотынхон, ихэр өвөлжөөний Лхамгуайнхан идээ цай болцгоож хэсэг болсноо нүүх
болоход мал нь зугтаагаад тууж болдоггүй,авгай, хүүхдүүд уйлалдаад салж
өгдөггүй хэцүү юм болов.Тийн байтал аав,Лхам гуай хоёр сум орж ирснээ манайд
бууж цай ууж, хоол хийлгэнгээ ганц шил юм задалж, тэр нь бүсгүйчүүл, зүүн
өвөлжөөнийхөнд зар мэт дуулдаж аахилсан уухилсан улс ирцгээж “Дэлтэй цэнхэр”-ээ
нэгэн хэсэг хадаагаад аав эхлэн ам нээж:
- За, за, туух гэхлээр мал нь
явдаггүй,нүүх гэхлээр хүн нь салдаггүй, их л ижилдэждээ бидэн гэсний
маргаашнаас зэргэлдээ сумын айл нүүх суух биш хаваржаа, зуслан бараадах болж
тэр цагаас л манайхан нэг хот, нэг нутгийнхан болсон юм.Дондогийн дүү Цоомоо
гэж жавар бараан нүдтэй охин.Ээж маань холио хийж цай ууж байхдаа хамар дээгүүр
бурзайсан хөлсөө арчингаа:
- Миний бага бэр ч Цоомоо л болно
доо.Тэр холоос манайхыг гээд аав, ээжийгээ дагуулаад ирсэн юм яалаа минь.Манай
энэ гэж эрүүгээрээ намайг заангаа хүн шиг л байгаарай чи гэхэд нь хар багын
эрхээр ичингүйрч зогсдогсон.
Даваан дээр угтан ирэх Дондогийг
харж энэ тэрийг эргэцүүлэн зогстол тэрбээр ам нээж:
- Хэлсэндээ хүрдэггүй хүргэн дүү
хаа хүрэх нь вэ?Манайх ч хуучин зусландаа л шүү дээ.Цоомоо та хоёрын зам
салснаас биш өвгөд, эмгэдийн үг, өөриймсөж явсан сэтгэл маань салаагүй шүү
дээ.Ганцын даваан дээр ирчихсэн хүн тойролтой нь биш,ороод гарна биздээ гэх нь
нэг л дотно.Дотнын хэрээр нээрээн яагаад би хот бууцаа эргэлгүй хорин хэдэн
жилийг ардаа орхиов гэх бодол сэтгэл эзэмдэв.
Уг нь энэ нугад унаснаараан бол би
л энэ нутгийг сахиж эр бие гүйцсэн хойноо ээжийн зүсэлсэн Цоомоог ханиа болгоод
гангар гунгар хийж явмаар.Тэгтэл зэргэлдээ сумаас ирсэн Лхам гуайнхан манай
нутгийг сахиж,би эрдэм ном сурахын эрхээр гэдэг шалтгаар нутаг,нугаа ч
мартагнан явсан нь юуных билээ?,
Одоо бууя гэвч оройтож, буурьлая
гэвч хожимджээ.Дондог бид хоёрыг тийн хууч дэлгэсээр “Ганцын даваа”-ны эхэнд
гарахад гал үдийн наран төөнөж байвч уруу бууна гэхэд өөдөөс сэр сэрхэн салхин
үлээж байвай.
Ганцын давааны эхэнд Дондогтой
таарснаас биш угаасаа энэ жил бууцаа нэг эргэе.Бууж суусан газраа, орж гарч
ижилдсэн үеийнхэнтэйгээ хэсэг ч бол хуучлая гэж тэр холоос гарсан юм чинь.
Нээрээ Цоомоо яагаа бол? Ямархуу
эзэгтэй болоо бол?Нуугдан тоглож байснаа олчихлоор нэг их жигдхэн цагаан шүд
гаргаснаа жавар бараан нүдээ тормолзуулан жиг жиг инээж зогсдогсон...Тэртээд
зунтай зуслангийнхны цагаан гэрүүд
бөмбийн цайрна.Одоо ч жаахан ергүүлэхэд л айлуудын гадаа буучихна даа.
Морь минь миний сэтгэлийн
доторхийг гадарласан мэт ташуур ч хүргүүлэлгүй хатирав.
2010-
03 – 03.Лхагва.
Сөүл
хот.
No comments:
Post a Comment