Өвгөн
багшид хадаг барин шавь ороод гучин жил болжээ.Гэрт нь яваад ирсэн чинь багш
маань намайг нилээд харсан шиг.Өвгөн ануухаан, ануухан.Ная ихээ гарсан гэхэд
залуугийн жавхаа, идрийн эрч нь саараагүй мэт.
Ардын
хувьсгал мандаж, хөдөөд хувьсгалт өөрчлөлт хийж байх үед шинэ соёлын бодлогыг
хөдөөд хүргэгч, анхны бага сургууль байгуулж явсан эрхмүүдийн нэг л дээ.Идрийн
цагт багштай уулзахад хийж байгаа судалгааны ажил,эрдэм номын талаархи яриа л
өрнөхөөс бус хүний дотоод талруу нэг өнгийдөггүй,тэгж боддог ч үгүй тийм л цаг
байсандаа.Насны нар даваа өгсөөд, багш минь наяын даваа руу уруудаад ирэхийн
үест хэн хэн маань туулснаа хуучлах дуртай болсон шиг.
Багш минь одоогийн Өмнөговь аймгийн захын нэг
суманд сургууль байгуулах гэж ёстой үзэж тарж, үсэрч наалдаж явснаа ярих
дуртайсан.Хууч хөөрч суухдаа намбайгаад л үзсэн,дуулсан, туулсан нь их.
Төвөөс
Манлай суманд бага сургууль байгуулах даалгавартай ирж.Хоёр шинэ гэр
бариулчихсан.Тэр нь сургуулийн ч байр , дотуур байр нь ч болдог
байж..Сургууллийн бүх юм толгойд унадаг цаг байсан болохоор нэг удаа хөсөг авч
түлшинд яваад иртэл өнөөх жаахан шавь нараас хоёр нь алга гэнэ.Яасныг сураг
тавибал хөдөө газар цаг тогтворгүй учир хэсэг айл хилийн цаана гарахаар
нүүдэллэхэд хэд хэдэн хүүхдийнх тэр дунд орсон тул ааав нь ирж аваад явчихжээ.
Ши. Багш ч аяга цай амсаад л оргосон хүүхдийн хойноос
мордож.Нэхсээр яваад нүүдэлчдийн түрүүч хил хүрч байхад гүйцэж галч улаачтайгаа
нийлж оргосон хүүхдүүдийг буцааснаа хуучилдагсан.Тэр хүүхдүүдийн нэг нь хожим
цэргийн хурандаа болчихсон багшийнд золгож ирж байхтай таарч байсан.
Ши. Багшийг
би түрүү үеийн багш, зохиолч, ахмад эрдэмтэн гэдгийг л намтраас нь уншиж байсан
болохоос биш хүнийхээ хувьд дотроо юу
бодож явсан юм бэ? гэдгийг бараг төслөх ч үгүй, төслөх ч санаагүй явжээ.
Ер нэг үе
дарга гэвэл даргаараа төрчихсөн юм шиг санаж явдаг үе байсан шүү дээ.
Энэ өдөр
өвгөн багшийн залуу насны амьдралаас яриулъяа гэж бодоод:
- Багш Та эгчтэй хэдүйд танилцсан юм бэ? гээд
асуугаад орхитол Багш:
- Бид хоёр чинь бараг Далан жил ханилж байна шүү
дээ гэснээ Манлайд багшилж байтал төвөөс хотод яаралтай ир гэсэн дуудлага
ирлээ.Нооёо.эгчтэй чинь танилцах л аядаж байсан цаг.Бараг насанд хүрээгүй охин.Энэ
маань намайг хот явах болсноо дуулгахаар очиход хонь хариулаад явж
байлаа.Тэгээд л билчээрээс нь аваад ирсэн юм гээд багшийн амьдралынхаа далаад
жилийн өмнөх агшныг дурсан бодолхийлэхэд:
Тоос тоос нь манараа л байна
Тоймгүй холын тэр минь үү дээ
Тормон нүд нь харагдаа л байна
Тогтож л ханилахын шинж үү дээ гэсэн нутгийн нэг дууны үг санаанд
орлоо.Нээрээн л багшийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байх жаран
хэдэн оны сүүлээр хараацайн далавч шиг өтгөн хар хөмсөг нь нумлаад, нүд нь
очтоод ирэхийн үест залуусаас өрөөнд нь орох битгий хэл дуудахад нь өвдөг
чичрэх шахуу болж байж асуусанд нь хариулаад гардаг байсансан.
Одоо бол багш минь насжаад зөөлөн болчихсон юмуу
эсхүл ер нь хэн хүн амьдрал туулаад ирэхлээрээ ярих юмаа, тэр битгий хэл нууц
мэт санаж явсан юмаа ойр тойрныхондоо хэлээд үлдээе гэж ч боддог юмсан уу, багш
маань залуу цагийн хөгжил хөөртэй явдлаас бага бага хүүрнэнэ.
Энэ яриаг нь таслалгүй чих тавин сонсож суухад:
- Өө,энэ ахмад үеийнхэн чинь бидэнтэй л адилхан
хийсэж, дэрвэж хүнд сэтгэл алдаж явсан юм байна шүү дээ хэмээн санахуй дотор
өмрөөд ирнэ.Багш эрдмийн зэрэг хамгаалсан,зохиолчдын тухай ярьж байснаа хэлж байнаа.
- Би Москвад
эрдмийн зэрэг хамгааллаа.Тэр үед зэрэг хамгаалж байгаа хүн гэдэг одооных шиг
олон бишээ.Бараг хамгаалж байгаа хүн гайхмаар санагддаг байсан байх.Эрдмийн
зөвлөлийн хурлын тооллогын дүн гарч Хэлбичгийн ухааны эрдмийн зэргийг олгох
тогтоолын төслийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдаанд ирэгсэдэд сонсгоход
удирдагчаас эхлээд баярхүргээд явчихлаа.
Тэр үед чинь би дөч гарчихсан байсан
юмсан.Танхимаас тэр үеийн манай нэртэй зохиолч бүсгүй баяр хүргэх мөрт:
- За энэ олддогүй хацрыг чинь нэг гээд үнсэж
билээ.Тэр үед ч сэтгэл жаахан догдолсон болоод нэг их анзаарсан юмгүй.Тэгтэл
бүүр хойноо.Би жар гарчихсан, бүсгүй жар шахаж явсан үе юм байна.
Баруун нэг аймагт монголын утга зохиолын өдрүүдийн
үеэр юмсан.Зохиолчид түрүүлээд машинаар аймгийн төвд ирчихсэн.
Дарга нарын гэр гээд дүнхгэр цагаан өргөө
бариатай.Уулзалт, үдэшлэг эхлүүлэх гэхлээр хотоос ирэх дарга нарыг хүлээсэн
янзтай.Оройдоо дарга нар ч ирсэнгүй.
Өглөө цайгаа уухаар явж байхад дарга нарын гэрээс
утаа гарч харагдана.Уулзалтыг удирдах бүсгүй даргын бие чилээрхүү,халуунтай
ирсэн гэж дуулгав.Би өглөөний цайнаас эргэх замдаа арай ахмад хүний хувиар
дарга нарын гэрээр орж бүсгүйн биеийг асуураа очлоо.Бүсгүй царай цонхигор,
халуунтай янзтай.Би мэндийг мэдэх ялдараа, бие нь яаж буйг асуувал алив ээ
наашаа ирээд толгой бариад өгөөч гэлээ.Би хэлснээр толгойд нь гар хүрвэл:
- Яасан
сайхан юм бэ?Толгойн өвдөх намдлаа гээд өндийж хэсэг суулаа.Багш хоолойгоо
зассанаа:
- Хүнд бас харж явсан юмуу ,харж явдаг хүн гэж
байдаг юм билээ.Би тэр цагт нам, улсын ажил л гэж явснаас биш намайг энэ тэр
хүн харж явна уу гэдгийг харах тийм бодол ч үгүй явжээ.Хожмоо бодож байхнаа нь
хэрвээ ийм явдлыг мэдэж байгаа бол нэг аятайхан харчихад соёлтой гэр бүл
салчихгүй шүү дээ гэж билээ...Он цаг улирчээ.Хуучлагч нь ч, хууч нь ч тэнгэрийн
орноо оджээ.Хожуу багшийн ар гэрээр нэг орж эгчийн биеийг асуухаар ороход:
- За хүү минь эгч нь яахав ингэсхийгээд байж л
байна.Хичнээн жил ганцаардахыг хэн мэдлээ.Эд нар/хүүхдүүдээ хэлж байна./ юм ууж
байвал сайн, идэж байвал мэнд гэж бодохоос биш миний дотор юу болж байгааг
анзаарах ч үгүй.Хорвоо гэдэг ийм л байдаг юм байна.
- Аан, багшийн чинь шинжээг нээлгэхэд:
- Насны нь хэмжил болсон ч нэг бэлэвсэн эмийг
хөдөөлүүлэхэд явснаас болж шүү гэж
гарсан шүү...гэх нь цаанаа гомдолтой байх шиг санагдав.Нар шингэхийн өмнөхөн
юмсан.Ай хөөрхий, ирэх, буцахын хорвоо гэж...
2010- 03-
23.Мягмар.19.15.Сөүл хот.
ИЛҮҮ ҮГ
Утас
хангинан дуугарав.Нанзад хэн бэ? хэмээн нилээд аядуухан дуугарснаа хэдэн үг сольсон болоод утасныхаа
харилцуурыг ууртай нь аргагүй шидчихэв.Тэгсэнээ халаасаа тэмтчин тамхи
гаргаснаа татахаар гадагш гарлаа.Сэтгэл нь тавгүй байгаа нь илт.Бид өрөөндөө
гурвуул суудаг.Жирийн үед бол инээдтэй, наадаантай л суудаг улс.
Намайг Багшийн Дээд сургууль төгсөөд “Залуучуудын
хэвлэлийн нэгдсэн редакц”-ид томилогдож ирэхэд Нанзад надаас хэдэн жилийн өмнө
энэ газар ирсэн болохоор ажлын туршлага сайтай, багш маань болох хүн
байлаа.Сэтгэл зөөлөн,хаана л бол хаана өрөвдсөн хайрласан үг хэлж, хүнээс
түрүүнд л тус дэм болохыг эрэлхийлж явна.Баахан шооч зантай,инээдтэй юм ярих,
сонсохлоороо урт сарвуутай гараа савчиж ирээд л хөхөрдөгсөн.Яг энэ үед нь
түүний богиновтор гэхээр хүзүү нь төө хэртэй сунаж, нэг л гоохойсон өндөр
болчихсон мэт санагдана.Сэтгэл нь хямрах юмуу, тогтворгүй үедээ өнөөх алиа
наргианч нь хаашаа арилсан юм бэ гэмээр орон гаран холхиод л, “яадаг шидил вэ”
хэмээн үглэнэ.Тиймээс ойр дотнын хэд нь тоглохоороо:
Шидил
Нанзад шидээтэй
Шийдсэн үг нь будаатай
Орж,
гаран холхиотой
Ойчин,цойцон алхаатай гэхэд бид хоёртой хамт суудаг бичээч Пагма эгч:
- Больцгоо гэм.Хэлдэг хийдэг юм байна л биз.Хүний
эрхтний гажгаар нь дайруулахдаа яахав дээ хэмээн дургүйрхэхээр нь тоглоом ч
татрах тийшээгээ хандана.
Өнөөдөр Нанзадын маань таагүй зан хөдлөв
бололтой.Үдээс хойш тайтгарсан янзтай харагдахлаар нь:
- Чи чинь утас авснаа харилцуурыг нь шидээд л
яачихав аа? гэхэд муу инээх аядсанаа:
- Харин тиймээ.Миний бүүр багын найз хүүхэн ярьж
байна.Надад л үг хаяад.Би олон удаа тэссэн юм.Ноднин нөхөр нь өөд болчихсон
юм.Тэр ажил явдалд нь ч оролцсон л доо.Тэгээд нэг хэсэгтээ уулзалдаагүй
юм.Уулзъяа гэж бодогдсончиг талийгаач нөхрийг нь бодоод гэрт нь гэрт нь нэг их
ойр ойрхон гүйж очоогүй юм.Угаасаа ч хуучин бол жилдээ нэг, хоёр л уулзалдах
жишээтэй байсан л даа.Тэгж байгаад нэг мэнд мэдээд ярьсан чинь:
- За яахав
эрүүл энх яваа та нар ч яахав.Сураггүй л байна.Би үйлээ эдлээд л шар наран, бор
хоногийг өнгөрөөж байна гээд л гомдол тавьж гарлаа.Би дотроо за аргагүй ээ, муу
найз минь.Уулзаж эргэж тойроогүй миний л буруу гээд өнгөрөв.Тийн байгаад хэдэн
хоногийн дараа гэрээр нь очдогчиг юмуу гээд утасдсан чинь бас л нөгөө “Та нар ч
эрүүл энх амьд яваа болохоор сайхан юм“ гэдэг үгээ давтаж гарлаа.Гомдох ч
шиг.Ярьж байснаа харилцуураа тавиад гэнэт дургүй хүрч ерөөсөө очихоо больёо гэж
шийдэв.Ёстой л та нарын хэлдгээр “шидээтэй” шийдээ гаргалаа.
Ийн бас
нилээд хугацаа өнгөрсний хойно багын нөхөр юм болохоор өрөвдөөд л өнөөх
муугийнхаа царайг нэг харъяа гэж санаад гэртээ байгаа эсэхийг нь мэдэхээр утас
залгатал “ Өнөөх л та нар амьд байгаа болохоороо...Надад дутсан юм алга.Идье
гэвэл хоол байна.Эдэлье гэвэл хөрөнгө байна.Ганцхан хүний сэтгэл дутаж
байна”гэж ирээд л хөврүүлж гарлаа.Нөгөөх л улигт хэдэн үг.
Сая бас л тэр үгээ давтаж байна.Бүүр дургүй
хүрчихлээ.Хүнд гоморхоход чинь бас нэг хэмжээ хязгаар гэж баймаардаа.Яахав, бид
хоёр үнэхээр найз байсан.Дэмжих, харах юман дээр бие биенээ харж явсаан.Ээжийг
нь өөд болоход нөхрийг нь ирэхггүй байхад хүртэл бараг орлоод явж л байсан.Дараа
нь хоёулаа надад талархал хэлээд бүлээн дулаан үг дуулж суухад таатай л байсан.
- Тэгтэл чинь одоо.Ам нээх болгондоо л амьд яваа
бид нар буруутай юм шиг л үг хэлэх юм.Би ойр дөтийн хувиар:
- За найз минь битгий энэ үгийг олон давт.Хэдүйгээр
бид нар чиний найз ч гэсэн сонсох үг гэж байна.Сонсмооргүй, тэр тусмаа дахин
давтан сонсмооргүй үг гэж байдаг юм.Хэлмээргүй үгийг олон давтахлаар, чамайг
хүн өмнө нь өрөвдөж өөрийгөө буруутгаж явсан бол гэнэт дургүй нь хүрдэг юм
битгий ингэж бай л даа гэж аргадаж, учирлаж зөндөөн хэлсэн юм.Тэгтэл өнөөдөр
мөнөөх үгээ давтаад л.
Ер нь хүнд чинь хэнтэй ч хувааж болохгүй аз жаргал,
хэнд ч үүрүүлж юмуу лаахайдаж болохгүй зовлон гэж байдаг биз дээ?Хүнтэй
хуваахгүй аз жаргалаа хоёр биеэрээ эдлээд дуусгасан шигээ өөрт оногдсон зовлонг
өөрөө л үүрэх ёстой.Тиймүү?Нанзад бүүр миний нүд рүү ширтэж байгаад энэ үгийг
хэлэв.
Би, дотроо Нанздын хэлсэнтэй санаа нэг байсан
боловч дав дээр тийм, тийм гэсэнгүй.Харин л дээ...гэсхийгээд өнгөрөөв.
Би Наíзадын хэлсэн, хүнтэй хувааж болохгүй хайр ч юмуу аз жаргал гэж
байдаг.Түүнийг хэнээс ч асуудаггүй.Хувь хүн өөрөө л шийддэг.Бас ямар дотно найз
нөхөд байвч өрөөлд үүрүүлж болхгүй зовлон гэж байдаг.Түүнийг өөрөө л үүрч
бардаг гэсэнтэй санаа нэг байлаа.Ингэхлээр үг хэлнэ гэдэг ангайсны зоргоор асгаруулдаг
юм биш байх аа.
Нээрээн сэтгэлд нийцсэн үг гэж байх.Бас хүнийг
баалсан илүү үг гэж байх.Тийм илүү үг сэтгэлийг сэвтээж, итгэл алдруулдагчиг юм
шиг.
2010 – 03 – 24.Лхагва гараг.11.45.
Сөүл.
АРАНШИН
Баатарыг
нутагтаа ирэхэд нь арай л сумаараа тоссонгүй.Аргагүй хэвтэрт байгаа өвгөн
Чагнаа араажаваа чангалуулан гэртээ үлдэж,чавганц нь алсын барааг гэрт орон
гаран саравчилж:
- Зөнөсөн өвгөн хар ус гудрах мөрөөрөө гудраад явж
байхгүй ширвэг моринд шидүүлж хэмхрээд амьтны сайхан үрийг харах завшаанаас
хоцроов хэмээн үглэж данх, саваа тан ян хийлгэж байв.
Баатар сумын төвийнхөө барааг харж олон жил
ирээгүйн учраа нулимс унагаж, цугласан олныг үзээд миний ирэх, нутагт болох
ямархан нэг хөлтэй ажилтай давхцаж байгаа юм болов уу? гэж бодлоо.Машин хуучин
малын хашааны үзүүрээр тойрох үес мотоциклтэй хүн давхин ирснээ хойноосоо
явахыг анхааруулах мэт дарцгаар дохиод түрүүлэн шурхийхэд жолооч ч түүнийг
дагав.Тэднийг холбооны үүдэнд бус бүүр захиргааны өмнөх индрийн талбайд
зогсоов.Баатар учрыг олж ядан машинаас гарахад Иргэдийн хурлын дарга Дарам,
Засаг дарга хоёр түрүүлэн гар барихаар зүтгэлэв.Иргэдийн хурлын дарга үг хэлэх
бололтой индрийн зүг алхлахад учрыг олж ядсан Баатар юун хурал болох гээд
байгааг хажуугийн хүнээс лавлавал Засаг дарга яарах мэт:
-
Таныг,Баатарыг угтах сумын хөдөлмөрчдийн цуглаанд үг хэлэх гэж байна гэвэл
Баатар сандран:
- Ээ,
хэрэггүй, хэрэггүй хэмээн ухасхийсэн ч нэгэнт хожимдож хурлын дарга хэдүй нь
үгээ эхэлж:
- Эрхэм
хүндэт нутгийнхаан.Өнөөдөр манай нутгийн унаган хүү Доржийн Баатар гуай Монгол
Улсын Баатар гэдэг эрхэм хүндэт цолыг улсынхаа... хүртэж гэсэн үгс хагас хугас
сонсогдож, Баатар балмагдсандаа дэмийл ам нь ангалзан , хамаг бие нь хөшиж
хоцров.
Ядаж байхад засаг дарга түүний энгэр рүү байн байн
харснаа сүүлдээ тэвчилгүй:
- Баатар аа, энэхэн хормыг завчлаад наад энгэртээ
“Сүхбаатарын одон”, “Алтан таван хошуу” медалиа зүүгээд ав.Сумынхан харах гээд
байна шүү дээ хэмээн шахна.Арайхийж хурлын дарга:
- Аав, ээжийн асрамжинд байхаас авхаалж
самбаагаараа гайхагдаж, арван жилийн сургуулиа алтан медальтай
дүүргэж,шат,шатны сургуулиа онц сайн дүнтэй төгсөж,улмаар шинэ цагийн монгол
улсын анхны Улсын баатар цол хүртэж гэснээр Баатарын балмагдал жаахан арилж энэ
бүхэн саяхны “Дуулиан” гэгдэх сонины мэдээнээс үүдэлтэй болохыг там тум
багцлав.
Тэр сонины “Жиг жуг” хэмээх буланд Ардчиллын хорин
жилийн ойгоор Монгол Улсын баатар төрөх гэж байгаа тухай дурдаад тэрхүү шинэ
цагийн баатар нь саях өгүүллэгийн баатрын төрсөн аймаг, сум тэр ч бүү хэл өөрийнх
нь нэртэй адил байсныг зэрвэсхэн хараад өнгөрсөн санагдав.Баатар нэгэнт иймдээ
тулсан болохоор индэрт гарч залруулга хийе гэж санаад урагш ухасхийхэд хүмүүс
алга нижигнүүлэн ташив.
Нутгийн ах дүү, амраг садан минь ээ,Би та
олонтойгоо уулзалгүй гучаад жил болж,одоо ийм байдлаар тосуулж байгаа маань нэг
бодлын баярлалтай, нөгөө бодлын ичгүүртэй явдал болсныг залруулъя гэхэд
цугларагсад шивэр авир гэлдэн түүний энгэррүү ширтэх агаад араас зарим залуус
шүгэлдэж:
- Битгий үнэрхээд байгаач.Баатарынхаа тэмгийг зүү л
дээ.Та бидний бахархал гэх дуун гарна.Баатар хоолойгоо нэг сайн засаж аваад:
- Чин үнэн минь гэвэл ямарч тийм хүндэтгүүлэх
гавьяа байгуулаагүй,ээжийгээ өнгөрсний хойтон жил Жамбал даргыг алгадчихаад бас
л та нарыг цуглуулсан шүүх хурал болоход хөндлөн Сундуйн тээхэн хуучин цагт
хулгайч төрдөг байсан,хувьсгалын жилд “Хулигаан” төрүүлдэг болжээ.Ялы нь
эдлүүл.Ач,ач.Түргэн далд оруул гэж шавдуулж байсан хүмүүс одоо зарим нь
буурайчихаад зогсож байгаа харагдана.Зуугийн талыг насаллаа.Дуулиант мэдээнээс
эхтэй ичгүүрт автсандаа хүлчил өчье хэмээн үгээ төгсгөв.Засаг дарга түүнрүү юу
ярьчихав аа гэх шиг ширтэнэ.Араар дүнгэнэлдэх хүмүүс уулзсан дээрээ гэсэн шиг
тамхилцгаах нь нүдний буланд харагдана.Тэгтэл ногоон Жигжид хэмээх сумандаа
хуучныд орох өвгөн хамрын хатуу цагаанаа пуррхийтэл татсанаа:
- Наадах чинь худлаа золигтож байж ч мэднэ.Эднийхэн
тун хэцүү шүү.Хөндлөнгийн тээхэн элдэвтэй.ТэрСандуй гээд байгаа өвөг эцэг нь
гучин хоёр оны хөдөлгөөнөөр цусан гавьяагаар энгэрээ мялаачихаад юу ч болоогүй
юм шиг шимийн архи балгаад дунгинуулж явсан гэдэг юм....Айн, тиймүү дээ Раашаа
гэснээ ахиад л хатуу цагаанаа пурхийлгэв.
Зуны эхэн
сар дуншиж байхад Баатарыг нутгийнхан иймэрхүү угтаж авав.Тээр жил араасаа
чулуу нүүлгүүлэх шахуу хөөгдөж явсан залуу насны эндэл ард үлдэж төлөв төвшин
гэж хэлүүлж яваа нь сайхан ч гэсэн бас хэрээс хэтэрсэн магтаал, түүнд хандах
хүний араншинг бодоход дотор харанхуйлна.
Жаал уужирсан хойноо сумынхаа төвийг эргүүлж
тойруулан нэг сайн харлаа.
Өнөөх муу аавынх нь нэгдлийн мужаан байхдаа хэдэн
өвгөчүүлтэй ур, ёр хоёрыг заан барьсан Захиргаа, сургууль, эмнэлгийн хэдэн
хүрэн дүнзэн байшин тодорно.Өөр тэр гээд хэлчихээр байшин барилга баригдаагүй
юм уу даа.Соёлын төвийн хүрэн дүнзэн байшин байсансан.Алга.Түрүүний
цугларагсадын хэн нэг нь зул өргөчихсөөн гэх дуулдсан.
Ингэхэд манайхан өвгөчүүлээс хойш сумаа өөд татах
юу хийсэн улс юм бол?
Хажууханд Баатарыг бага сургуульд байхад хүнсний
мухлаг байсан нэг яйжийсан хүрэн амбаар байна.Нуруун дээр нь улаан дарцаг
хийсэх ч биш, үгүй ч биш харагдана.Бас нэг хаягархуу юм байхыг уншвал сумын… хороо гэж үсгийн алдаатай бичжээ.
Түүнээс арай цаахна хуучин сумын мал эмнэлг байсан
дан цагаан байшингийн орой дээр Хөх эрээн туг арай хүчтэй дэрвэж харагдана.
2010 – 03 –
24- 25.Лхагва-
Пүрэв
гараг.8.51.
Сөүл
хот.Тубун дүүрэг.
Ким-д зориулав.
КЕНДЕН АРЛЫН ЦАХЛАЙ
КЕНДЕН АРЛЫН ЦАХЛАЙ
Унаа минь салхи сөрөн
довтолгоно.Бид олуулаа яваа.Эртний монголын түүхтэй улбаа холбоотой “Ганхуа”
арал, Солонгосын хойд хилд орших “Кенден” арлыг үзэх соёлын аялалаар яваа
монголч эрдэмтэд.”Ганхуа”- гийн захиргаанаас ном дэвтэр барьсан хоёр бүсгүй
унаанд маань суулгасны насжаар шиг нэг
нь шууд л ажилдаа орж,” Ганхуа” арлын байгалийн тогтцоос эхлээд Нэгдсэн монгол
Улсын үетэй арлын газар широо, энд байгаа дурсгал хэрхэн холбогдох талаар
урсгаж өгөв.Чингэсээр аялалаар үзэх дараачийн газар болох “Кенден” аралд ирэхэд
ò¿ð¿¿íýýñ хойш төлөвхөн суусан бүсгүй гэнэт дуу орж очих
арлын тухай урсгаж гарав.Бүсгүйн дуу, байж байгаа төрх анх унаанд суусантайгаа
огт адилгүй, царай нь гэрэлтэж,дуу хоолой нь уран илтгэгчийнх лүгээ адил
цангинах аж.
“Кенден” арал болбоос хоёр солонгосын дундын зурвас
газар.Өмнөт солонгосын хилийн хамгийн ар тал, Хойд солонгосоос 17 километрийн
зайд оршино гэнэ.Хилийн дундын зурвас
болохоор арлын байгаль орчин болон сонирхох юмаа айж цочилгүй үзэх
боломжтой гэнэ.
Харин оршин суугчдын хувьд солонгосын дайнаар
хойноос ирсэн хүмүүс голдуу оршин суух агаад ахмад үе нь өссөн нутгаа
ширтсээр очиж чадалгүй үеэ өнгөөрөөж буй
гэнэ.Бүсгүйн аав, ээж хоёр ч “Кенден” аралдаа жаргалтай ч гэсэн ард үлдсэн
ах,дүү элгэн саднаа дурссаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.Би тохойн чинээ
байхаас тэднийхээ сэтгэлийн дотоод чинадыг мэдэрч өссөн болохоор өглөө ажилдаа
гарахдаа баяртай гарах боловч аав, ээжийнхээ хамгийн сүүлчийн горьдлого
шингэсэн харцыг бодохлоор өдөр болгон уйлж буцдаг гэсэн үгийг хэлэхэд нь дотор
өмөрч тээр хориод оны үед монголд ажлаар ирсэн нэг халимаг хүний зохиосон:
Өндөр
дээр нь гараад ирэхээрээ
Өөрийн
минь нутаг санагдаад байна даа хө
Өндөр
дээрээс буугаадаа ирэхээрээ
Өвөр
дүүрэн нулимстай байна даа хө гэх дууг өмнөд, баруун, төв монголд хаанаа л бол
хаана дуулж явдаг нь бодогдоод явчихав.
Бүсгүйн сэтгэл нэг хэсэгтээ тавгүйрхэх нь ажсан
хэнд боловч мэдрэгдэж байлаа.Энэ бол өвгөд, дээдсээ хүндэлсэн хүний нулимс
байлаа.
Бас дайн гэгч гашуун бэрх зүйлийн хол хойчийн
хаягдлын хэцүү үр дагавар байлаа.
Хөтөч бүсгүй хэсэг балмагдсанаа сэтгэлээ хүчээр
жолоодож:
- Хүндэт
аялагчдаа.Эргэх цаг маань боллоо.Хөлөг даган ирсэн цахлайн сүрэг ч эгэх
боллоо.Шувуунд ч, хүнд ч эгэх нэг л орон буй.Алив аялагчид аа:
Цахлайд
хоол өгөөрэй хэмээн дуугаа хөгжилтэй болгоход хүмүүс ч хэдэн уут хомхруудсыг
цахлайд шүүрүүлэв.Хуруунд чимхсэн хомхруудсыг шүүрэх цахлайн сүргийг аялагчдын
нэг хэсэг нь ажиглан сэтгэл хөөрч, нөгөө хэсэг нь шүүрэх ур чадварыг нь бахдаж
байх энэ зуур хөлөг маань ч “Ганхуа” арлын зүг жолоогоо эргүүлжээ.
Баруун далайн салхи хацар илбэнэ.Хавар цагийн
зөөлөн салхи ажгуу.Хэзээ нэг цагт энэ
“Кенден” арал ч хоёр улсын дундын бүс төдийгүй харилцан зорчдог энх тайвны,
итгэл сэтгэлийн бүс болно.Хөтөч бүсгүй бидэнд энэ үгийг ой тойнд шингэтэл
хэлсэн.
бүсгүй ч, “Кенден” арлын цахлай ч усан буудалдаа
иржээ.
Маргааш дахиад л аялал.Баяртай, бас сэтгэлийн
догдлолтой аялал үргэлжилнэ.
“Кенден” арал хэзээ мөдгүй эв эе, энх тайвны зууч
болох болтугай.”Кенден” нутаг амтат тутраганы өлгий гэсэн.Цагаан хүн орхоодойн
орон гэсэн.Ажилсаг “Кенден”-ийхний сэтгэлийн шимийг сайн сэтгэлээр хүртэж байх
болтугай.
Наран шингэх
ойртож, аяллын баг ч , хөтөч бүсгүй, биднийг даган ниссэн цахлайн сүрэгч усан
зогсоолдоо ирэв.
Биднийг Сөүлийн зүг хөдлөхөд Хөтөч бүсгүй зам дөхөн
буугаад гараараа далласаар үлдсэн.Би түүний баясгалантай, бас гуниг шингэсэн
харцыг үгүйлж явлаа.Цээжинд:
Хадан дээрээ гараад ирэхээрээ
Харийн нутаг харагдаад байна даа хө
Хадан дээрээс буугаад ирэхээрээ
Ханцуй дүүрэн нулимстай байна даа хө гэсэн дууны ая эгшиглээд байлаа.Уг
нь манай нутгийн дуу л даа.
2010 – 03 – 31.Лхагва гараг.14.28.
Сөүл хот.
ХАТАД
Зуны
лүгхийм халуун өдөр.Автобус дүүрэн зорчигчид суудлаа эзлэв.Баруун урдаасаа хоёр
дахь зэрэгцээ суудалд хараажаар нас хэвийж яваа болов уу гэхээр хоёр бүсгүй
сууна.Хэвийж гэхийн учир нь царайд нэг их өөрчлөлт мэдэгдэхгүй ч аль аль нь
нилээд мяраажжээ.Хоёул, хоёулаа эрдмийн зэргийг эрт хамгаалсан.Бас түүнийхээ
буянаар ч гадаад олон орон гүрнээр явж нүд онгойсон гэх.Тэдний яг зэргэд
суудлын зүүн хананы дагууд нэг бага бүсгүй өвгөжөөр эртэй зэрэгцэн сууж дотно
үгсийг хэлэлцэнэ.Баруун талд суугаа эгчмэд хоёр тэднийг нарийн ажсан хүнд бол
хараад байгаа юм шиг,зүгээр нэг харвал огт анхаараагүй шиг харагдах ажгуу.
Бага бүсгүйг Тогтол гэнэ.Дээд сургууль дүүргэж,
мастер,докторын зэргийг ч насны залууд хамгаалсан сэргэлэн бүсгүй.Тогтол
угаасаан ч тийм эвсэг зантай юмсан уу Өвгөн багшийг автобусны хаалгаар орж ирүүт
л:
- Багшаа,энд, энд гэсээр хажуудаа суулгав.Чингээд
чихнээс сонсуурынхаа нэгийг өгч би дуу, шүлэг сонсож явдаг юм шүү дээ гэснээ
сонсуурынхаа нэгийг зүүн гар талынхаа чихэнд нь хийж ингээд хоёулаа замын уртыг
товчилно доо гэхэд До багш дотроо баясаж суув.Тэгээд л дандаа залуу эрчүүд.Баян
профессрыг л эс нэрлэвэл нэг их насад
дарагдсан нь үгүй.Ингээд аяллынхан гарч өгөв.
Үд дундын хэрд Хар хорин, Эрдэнэ зууг үзэн сонирхож
унаанаас гарах , ороход бие биеийг түшин буулгаж найрсаг харьцааг үзүүлнэ.
Зорчигчид
хотоос гарснаас хойш маргаашийн бага үдэд Амарбаясгалант хийдэд ирэв.Монголын
ард түмний түрүү үеийн өв дурсгалыг хадгалсан үүх түүх, хурал номын ажилд
оролцож түрүүч нь чулуун довжооноос буух болоход хэн хүнгүй л битүүдээ тус дэм
эрэх янзтай.
Тогтолыг чулуун довжооноос буух хэрд Баян профессор
ухасхийн алив гараа өг хэмээн зүтгэхүйд сугадалцаж явсан Гүндэгмаа,Мядаг хоёр
чанга хөхрөлдсөнөө Гүндэгмаа нь:
- Баяан, юун тэвчээргүй юм бэ.Бага хүүхэд буугаад л
ирнэ.Тэгж хүндээ хөнгөнөөс өгч яах гэсэн юм бэ хэмээн тоглоом хийв.Үүнээс хойш
унаанд орсон хойно Гүндэгмаа доктрыг аяллынхан:
- Их хатан гэж Мядагмааг дунд,Тогтолыг багаа хатан
хэмээн өргөмжилж замын зугаа, амны наргиан болгов.
Хүрэх газар хол.Үдийн цай, энд тэндэхийн байгалийн
сонин хачин тогтоцыг үзэхээс эхлээд зугаатай юм ч их.Түүний тоогоор инээд
наргиан ч олон гарна.Өдрийн халуунд мөлхөхөөс наагуур явсан автобус орой нар
шингэхийн хэрд жолооч нь хурдаа нэмэхэд “Эрчээ авсан автобус, эхнэрээ санасан
жолооч” гэдэг үг гарав.Ёндон жолооч ийм үгийг сонсохоороо нэг болсон болîхоор нэг муу мушийчихаад жийгүүлээд байлаа.
Аялагчид Булганаас хөдлөх үед суудалд бяцхан
өөрчлөлт орж Гүндэгмаа профессор өөрөөсөө арваад дүү Довдон докторыг хажуудаа
суулгажээ.Харин Мядагмаа доктор Тогтолын өдөржингөө хамт суусан До профеессрыг
хажуудаа авчээ.
Чингээд унаа
алсын замдаа гарахад Баян профессор ганцаараа суудалдаа үлдэж, Тогтол залуу хүн
гэдэг нэрээр суудлын ард өнцөгдсөн харагдана.
Санаатай ч биш санамсаргүй явдал зорчигчдыг хөгжөөж
элээсэн оймсны тоо гэж нэг айхавтар юм байх юмдаа.Тогтолыг дэгдэж, Баянг
хөнгөдөж явах хоорондуур эгч нар өдрөөс нааш алдаад байгаа юм шиг
сууснаа уулын сүүдэр хүүшлэхийн үест хажуудаа түшигтэй явахаа аль хэдий нь
бодчихсон байж шүү дээ.
Илүү оймс элээнээ гэж үүнийг л
хэлээ байхдаа.Тээр жил нэг дуучин бүсгүй амрагийн дуу шинээр авч дуулах гээд
өөрт нь олдохгүйд хүрэхэд зохиогчид нь:
- Энэ хоёр залуу ч сайн дуулна л
даа.Залуу нас хоолой хоёр байгаа юм чинь.Би бол арай олон оймс элээсэн юм
болохоор наад шүлгэнд гарч байгаагий чинь арай л өөрөөр ухаарч мэдэх юм даа гэж
байсансан.Хатад аа гэж.Эгч нарын ухаан гэж...
2010 – 03 – 31.Лхагва.15.45.
Сөүл хот.
—
СҮҮЛЧИЙН ШӨНӨ
...оны
арван нэгдүгээр сарын хорин найман.Өвлийн сар хэдүй нь эхэлж уулс цасан дуулгад
автан, хөхрөгчид од, мичид гялалзах авай.Алсаасаа өгсүүр давааг Тоом гэх бөгөөд
хаашаа л харнав,Хорьдлын нурууны хадан хөх оргил эрвийн сэрвийн харагдах нь
уул, усныхаа бол дайчин баатар эрсийн сэлэм, жадны үзүүр лугаа адил амуй.Даваан
дээр зогсознох гучаад морьтон уруудсаар Өлийн давааны хормой шүүрээд ирэх үес
хүйтний эрч арай зөөлрөх шиг.Агт морьд нь амгайгаа хааяа нэг хэмлэх нь гаслах
мэт сонсогдох агаад,хамгийн өмнө ганц морьтон бусдаас арай тасарч бодолхийлэн
яваа нь тод,түүний араас зэр зэвсэг агссан хэсэг хүмүүс дагалджээ.Гаднаас
харвал ав хоморго,эсбөгөөс дайн тулалдаанд орохоор яваа мэт.Гэтэл нэг хоёр
бүсгүй,сайтар дулаалсан настан буурал, бас арганд нэхийгээр дулаалж суулгасан
тав зургаа орчим насны бяцхан хүү яваа нь содон.Хөхөө өвлөөр агссан зэр
зэвсэгтэй, ачаатай, тэгнээтэй, үүрээтэй, дүүрээтэй яваа эдгээр хүмүүсийг хальт
хараад хаа хүрэхээр зорьж явааг хэн хэрхэн тааварлах билээ.
Тэд
хоорондоо нэг ч үг үл дуугарна.Хүмүүсийн царай аяншсанаас тас харлаж,заримынх
нь хацар хүйтэнд хайрагдсанаас яршсан нь үзэгдэнэ.Ядарчээ.Хүн нь ч ядарч.Унаа
морьд нь ч ядарч.
Түрүүлэн агч дөч гаруй насны идэр эр харваас яавч
энгийн нэгэн бус илд дуулга агссан, цэргийн жанжин гэдэг нь мэдэгдэж
байлаа.Улаан хүрэн царай нь аяншсанаас осгоруутсан ч нүдний харц галтай, гүн
бодолд автсан шинжтэй ажгуу.
Араас нэг морьтон нэхэн ирсэн нь бараа сүрээрээ ч, үг хэлээрээ ч
түрүүчийн морьтноос дутах нэгэн биш байлаа.Түрүү морьтны чихэнд шивнэх шахам:
- Жанжаан.Ингээд яваад байх юм уу? гэхэд тэр эр
мориныхоо амыг огцом татсан нь саяхан хоёр мянган цэргийг захирч, хотол
монголыг манжийн ноёрхлоос чөлөөлнө гэж зориг шийдэмгий явсан шадар жанжин
Чингүнжав.Эр ч гэж эр юм.Сүр ч гэж сүр юм.Чингүнжав гүйцэн ирсэн морьтны үгийг
одоо л сонсож байгаа юм шиг:
- Айн хэмээн эргэж харснаа, Өлийн даваа давж цагаан
адуутынхныг хүрээд авбал нэг учир бийсэн...Морьтон санаа алдах мэт болсноо:
- Би танд уг нь хэлсэндээ.Чингүнжав нүд нь
гялалзан:
- Юү гэж.Морьтон ч мөчөөгөө өгсөнгүй:
- Цэнгүнжав вантаныг гуугаар адис авалцаж
байхад.Тэгэхэд Вантан гээд хэлэх үгээ залгихад Чингүнжав гүйцээн:
- Аан, надтай ханилахдаа нүд чинь хялар байсан.Одоо
сэтгэлчинь хялар болжээ гэснийг хэлэх гээд байна уу? Одоо бүх юм
өнгөрсөн.Андгай өргөсөн бидний хувьд бүү хэл,ная гарсан чавганц, юмны учир
гадарлахгүй таван настай хүүгийн хувьд ч өнгөрсөн.Одоо гагцхан цагаан адуутынх
л хүрвэл учир бий.Тэр хоёр олон ч юм ярьсангүй.Гүйцэж ирсэн морьтон буцаж арын
морьтнуудтай нийлээр эргэв.Нэр Дондов.Чингүнжавын баруун гарын түшмэл явсан
төрийн хар хүн.Монголын тусгаар тогтнолыг олно гэж хоёр мянган цэрэг
цуглуулахад ч, манжийн их замын цэргийн зах зухыг нуга цохиход ч, жанжинтай нь
санаа нийлсэн ноёд уван цуван буцаж бослогын цэргийг нутаг, нутгийн зүг таран
одоход ч үнэн үгийг хэлсээр өнөө хэр үлдсэн гучин хэдэн хүний дотор ч жанжинд
би л хэрэг болно гэж үлдсэн хүн.Дондовыг урамгүйхэн буцан шогшиход нь Чингүнжав
гэнэтхэн нэг их өрөвдөв.Өөрөө л үүрэх ялаа үүрч, үхэх мөрөөрөө үхэхгүй төрд
үнэнч зүтгэснийх нь төлөө гэсэн юм шиг энэнийг хүртэл үрж байдаг нь гэхэд гэнэт
нэг их харамсав.Тэгтлээ бас хоёр мянгын дотроос энэ л гагцаар миний өөдөөс
харах сөстэй үлдсэнийг нь бодоод:
- Аа, яахав.Ард хотогойдууд үлдэж байгаа юм чинь...
хэмээн бодоод эргэж хартал Дондов учирлаж байгаа бололтой,хэдэн морьтон түүнийг
бүчсэн харагдана.Чингүнжавыг морины жолоо эргүүлж тэдэн дээр ирэх үес сум
исгэрч, жад сөрөлдөн, сэлэм гялалзаж яах ийхийн зуургүй энд тэндгүй ундуй
сундуй хүүр, зэв, жадны шөргөлдөөн, ган дөрөөний хангинаан болоод
явчихав.Чингүнжав:
- Байцгаа та нар.Андгайг хэд нь өргөлөө?Амь алдахад
яанаа гэлээ?Хөсөр хая.Наад өөрсдийгөө хядах зэвсгээ.Манжийн ганц цэргийн толгой
авах санчингүй болсон хэрнээ өөрснийгөө хөнөөж байдаг.Цээмээ хатан нь
Чингүнжавын мөрийг түшин охилно.Тэгсэнээ гэнэт толгой өндийж:
- Та нар минь яав?Бид бүгдээрээ үхэл рүү явж
байгаагаа юунд огооров.Бид гурван түмүүлээ билүү?Гурван мянгуулаа бил үү?Гурван
зуугуулаа билүү?Гучин хэдүүлэхнээ явж,гуу жалганд хамтдаа цавчуулах гэж явж яаж
байгаа нь энэ вэ?Тавтай балчираас,наян тавтай чавганц хүртэл хэний тул яах гэж
яваа юм бэ?
- Үхэхдээ нэг довон дээр гээгүй билүү? хэмээн
зандрахад улайрсан хүмүүс цавчилдахаа зогсов.Энэ бол Өлийн давааг өгсөх налууд
болсон явдал.Орчинг тас харанхуй нөмөрчээ.Хүнээ тоолвол арван хоёул
үлджээ.Чингүнжав:
- Туургат улсынхаа тул тэмцэнэ гэж хэлэх, амиа
золино гэх, түүнээ үйлс болгоход ямар их үнэ цэнэ ордгийг дэнслэн зогсов.Хэдэн
хоногийн өмнө:
- Ягтахад тулвал цагаан адуутынхан оросын хаант
улсын хил хүргэх унаа залгуулна гэж хэлүүлснийг бодоод нааш гарсансан.Тэгвэл
хэдүйнээс хотогойдуудтай өгөө аваатай явсан оросын хаанд учир байдлаа гаргавал
хүч сэлбээд эргэж нэг энэ улсын тусгаар тогтнолыг өндийлгөх гээд үзнэ гэсэн
бодол үлдсэн.Түүндээ л хүрэх гэж нааш гарсан.Одоо арван хоёул үлджээ.Дондов руу
харав.Дондов ч:
- Мориндоо хэмээн тушаав.Энэ сац нэг морьтон давхин
ирсэн нь урд сураг дуулсан Азар зайсан.Эргэн тойрныг бүртгэх мэт харснаа
Чингүнжавт хандан:
- Одаа тааноосыг ноорын хойт эргээр Оросын хил
хүргэхэв.Цагаан адоотынхан тийм хэл хүргүүлэв.Чингүнжав:
- Цагаан адуутынхан хаачсан юм бэ?Азар:
- Аан,тэнд хил гарах оноог таань зэхэж
байнав.Дондов руу харав.түүний харц одоо хил л гарч байвал ямарч ялгаагүй.Та л
мэд гэсэн шинж илрэв.Чингүнжавын хэд унаандаа мордон, од яралзаж байхад
Хорьдлын нурууны асга хадтай нурах газар нурж, сөрөх газар сөрж, далайн арын
хясааруу хоёр морьтноо нисгэн байж хоёр хоногийн дараа Ханхын талын барааг
харав.Эндээс Оросын хил арваад мод яваад л хүрнэ.Тийн байтал шөнө дүл болсон
тул Чингүнжав төрийн ёс мэдэх хүний хувьд хэдүй адгаж яарсан ч гэсэн төрийн ёс
бол төрийн ёс.Хүний ёс бол хүний ёс.Хөрш улсын хилийг өглөөний нарнаар алхая
гэж шийдээд ойн бяцхан чөлөөнд хоноглох болов.
Моридынхоо
нурууг амрааж, өвс хазлуулахаар эмээлийг нь авав.Өндөр цэнхэр морь нь зөөлөн
үүрсэж байна.Хайрхны өврөөс гарснаас хойш хөөрхий мориныхоо нурууг
тэнийлгээгүйгээ санав.Гарын тавд үлдсэн хэдэн албат, гадаа гэртэхийг нь амжуулж
явсан Цээмээгээ харлаа.Хэдүй шөнө боловч оч тас нясхийн үсэрхийлэх ил галын
гэрэлд хатны нь жавар бараан нүд бодолд дарагджээ.Чингэхдээн гуниж гутарсан
шинж огт алга.Ээжийгээ харлаа.Цагтаа Баньд бэйлийн хатан гэж, хожмоо хашуу
ноёны эх хатан гэж жавхаатай явсан ээж нь буурайжээ.Таван настай хүү Барь нь
галд гишүү нэмэнгээ:
- Ааваа би галд цучил нэмж байгаа, тиймээ гэнэ.Хоёр
сайхан хүү нь аавыгаа налжээ.Тийн байтал хээрийн цай ч даргилав.Аяны хоол,
цайны дараа унтах хүн гэж байсангүй.Аяганы уутнаас Дондов мөнгөлсөн тагш гаргаж
шимийн архи хундагалан ноёндоо барив.Ээж, Цээмээ хоёр нь цагаан сараар
хэрэглэнэ гэж цөөхөн усаар авсан нэрмэл байлаа.Зовж явахад сайн сэтгэлээр
газарчилсан Азар тэргүүтэнд ч шимийн архи барьжээ.Нэг мэдэхүл ноёны өргөөний
дууч Норов:
Яваа л яваа л барагддаггүй
Яасан ч арвин хөндийвэ хөөе
Явуулын хүнээр хэлүүлсэн
Яасан ч уяхан сэтгэл вэ хөөе...хэмээн гэгэлзүүлэв.Чив чимээгүй хөвч дууг
түрэн авч байх шиг.Чингүнжав хатнаа харлаа.Залууд юмдаа тэр хоёрын танилцаж
байхад:
Дүнзэн модыг дүнгэнүүлдэг нь
Дүнхэр халзан хайнаг уу даа
Дүүеэ намайг зовоодог нь
Дүүрэгч вангийн Цээмээ юү дээ хэмээн дуу гарч байсан цагийн өнгө
зүсээрээ, галын илчинд улаа бутарч харагдана.Зовлон нүүрлээд ирэхийн цагт
жаргаж өнгөрөөсөн өдөр битгий хэл ганцхан хором ч үнэ цэнэтэй байдаг аж.
Тийн байтал үүр хаяарч эхлэх сац гэнэтэд дөрвөн
зүгээс буу зэвсэг агссан морьтон давхилдан ирэв.Чингүнжав морьтны өөдөөс
бослоо.Морьтны дотор хуучин урианхайн хязгаарыг дайлаар явахад
хүч хамсарч байсан Манжийн тугийн цэргийн жанжины
сэлэм гялхийж харагдана.Бас цоож гинжтэй тэрэг ч үзэгдэнэ.Галынхныхаа зүг хараа
шилжүүлвэл Азар зайсан зүг буруулан мордож байгаа үзэгдэв.
Төд удсан ч үгүй манжийн тэргүүн цэргийн жанжин
урагш давшин урвасан хулгайчийг барь хэмээн хашгирахуй ойн цол тэр аяараа барь
барь хэмээн цууриалав.Чингүнжав:
- Чингисийн алтан ургийг та нар язгуураас яллах
хуульгүй.Урвасан урваагүйн тухайг хойших он цаг шүүхээс бус хотонд ирсэн манж
нар шүүхгүй.Тэр малгай дээш нь тавь гэхэд баривчлагааныхан цочих мэт
болов.Чингүнжавын хатан, үр хүүхэд, эх, дагалтуудыг ч барилан хүлэв.
Саяхан ойн
цолд бадарч байсан гал цог ч үгүй унтарчээ.Эргэн харвал нэг муу утаа төдий юм
уугиж харагдана.
Далайн
зүгээс хүйтэн хөх салхи үлээнэ.Хэдхэн мөчийн өмнө арван хэдүүлэхнээ хөрш
улсынхаа хилээр гарахаар өвлийн хүйтнийг сөрөн явсан Чингүнжавынхныг бүх л
хороо зэвсэглэсэн морьтон туужээ.Эх нутагтаа байтлаа туугдаж явдаг эвдэрхий
цагийн ёсон энэ хэдийг баглажээ.
Чингүнжав хүний эрхэнд туугдан яваач Тольт бүрэн
хаан, Хөвсгөл далай ээжийнхээ хөвөө, унасан газар Халзан бүргэдтэйн уул, усанд
нь шумбасан Дэлгэр их мөрөн,эрчмийн цэнхэр нуруугаа, Хотогойдын цэнхэр уулсаа
сэтгэлдээ шингээж явлаа.
БОДОХ БҮТЭХИЙН ЗӨРҮҮ
Манай нутагт Баяр гэж хэнэггүйхэн эр байх.Хоёр сайхан
охинтой.Охиддоо хайртай гэж жигтэйхэн.Өвөө, эмээ, ээжээс нь хүртэл
өмөөрнө.Гэргийгээ юунд ингэж байдаг юм бэ?гэхэд би мэдэж байнаа.Бүсгүй хүн
гэдэг чинь эцэг, эхийгээ байхад л гэртээ жаргадаг юм.Харийн газар очсон хойно
нь миний энэ муу хоёрыг хэн ингэж эрхлүүлэх юм бэ?
- Аль ээ миний хоёр хэмээн хушуу цорвойно.Тэр хушуу
цорвойлгоод байгаа хоёр нь аль аль нь хорь хэдийнэ гарчихсан.Гэлээ гээд эцэг,
эхдээ үр нь нялхаараа л харагдагдаа.Тийн байтал том охин нь нэг залуу дагуулаад
явах боллоо.Өнөөх аавын хушуу сунгахад гүйж ирээд үнсүүлдэг хөөрхөн охин нь
аавыгаа үнсэх гэхэд:
- Паа,яанаа.Шараа.Энэ Батнаагаас ичээч гэнэ.Ийн
байтал хагас жил, жил болов.Охин
Бурмаа хаврын нэг тогтуухан өдөр:
- Ээжээ ?Ээж нь:
- Аан? Би танд нэг юм хэллээ шүү.Та уурлахгүй
биз?Хэлээ хэл миний охин.Хэзээ л миний охин аав, ээжийгээ уурлуулж
байлаадаа?Бурмаа хэллээ шүү.Ээж нь:
- Хэлээ хэл.Бурмаа:
- Би маргааш явлаа.Ээж нь хаашаа?Охин:
- Батнаагийнх руу.Тэг л дээ.Очоод л ирнэ биз.Охин:
- Үгүй ээ.Бүүр явлаа.Ээж нь :
- Юу гэсэн үг вэ?Айлын бэр болохоор явахаа хэлж
байгаа юм уу?Охин:
- Тийм.Ээж нь:
- Тэрийг би мэдэхгүй.Аавтай хүн аав нь мэддэг юм.Ер
нь ч тэгээд оонын эвэр шиг хоёулахнаан байж хурим,ёс хийлгүй гэрээс гарна гэж
юү байхав.Охин давхраатай алаг нүдээ ирмэснээ:
- Ээжээ,та хоёр чинь зүгээр л суучихсан гээ биздээ?
Тэгээд бараг хорин таван жил сайн сайхан л айл болсон байна шүү дээ?Ээж
Норжмаа:
- Тэр цаг өөр.Өнөө цаг өөр.Одоо чинь үрээтэй хүн
морио уралдуулж, үртэй хүн хүүхдээ гэрлүүлж хурим найр хийдэг,урьдын уламжлалаа
дээдэлдэг цаг шүү дээ.Тэгээдчиг бүсгүй хүн чинь айлд гуйлгуулж байж очвол
хүндтэй байдаг юм.Охин гэнэт ширэвтатсанаа:
- Аав гэж хүн бий, ээж минь.Аавдаа хэлэхэд бүтэхгүй
хаачихав.Батнаа надад хайртай юм чинь тэгж унь тунь болоод яадаг юм бэ?Норжин
мөчөөгөө өгөхгүй:
- Бид хоёр хурим хийх дээр санаа нэг байгаа мөртлөө
гуйлгахгүй гэдэг чинь юү гэсэн үг вэ? охин минь.Үерхэнэ гэдэг чинь нэг
өөр.Тоонотын хоёр баганà тулна гэдэг чинь бас өөр.Он
цаг хүнийг шалгахаас биш,хайртай гэж хэлснээр бүх юм бүтдэггүй юм.Ээж, охин
хоёрыг тийн ярьж байтал аав нь ч ороод ирэв.Бурмаа аавыгаа хүзүүдэн эрхэлснээ
жигтэйхэн гав шав дэгдэж:
- Миний хөөрхөн аав цайгаа уугаарай.Аав нь:
- Ээ, көөлкий, көөлкий миний тормгор яасан сайхан
ааштай байх юм бэ? Ээж нь хажуунаас:
- Наадах чинь бид хоёрыг орхиод явах юм гэнээ.Аав
нь энэ үгийг сонсоод гэнэт юу билээ гэх шиг цочиж,охиноо нэг их сүрхий харснаа:
- Хаашаа явах гэж?Норжин:
- Айлын бэр болох гэнэ.Аав нь тайтгарсан янзтай:
- Аа, золиг гэж.Бүүр гайхлаа.Ёстой юм ёсоороо.Охины
минь зөв шүү дээ.Чи бид хоёрыг хараад л өтлөхгүйгээс хойш.Норжин:
- Тийм нь ч тийм.Харин наад охин чинь маргааш л
Батнаагийнд гүйгээд оччихно гэнэ.Энэ дээр л бид хоёр жаахан маргаад.Аав нь:
- Аа, тэр яахав.Ёсоо л гүйцээ.Охин:
-Ямар ёс? Аав нь:
- Хүргэний тал хадгаа ирүүлнэ биз.Тэр үед нь хэдүйд
нь хуримаа хийх, чамайг өгөх, авахаа ярилцана шүү дээ.Охин:
- Харин тэгэхлээр чинь Батнаа чинь ганцхан
эгчтэй.Өөр намайг гуйлгах хүн байхгүй шүү дээ.Тэгээдчиг Батнаа надад хайртай юм
чинь...Аав харин энэ дээр ээжийнх нь хэлдгийг хэлээд тас зөрчихөв.Охин Бурмаа ч
мухардав бололтой гэрээс дуугүйхэн гарч явлаа.Бурмаа Батнаад ирж гэртээ болсон
бүхнийг нэгд нэгэнгүй хэлтэл Батнаа:
- Би чамд орчлон дээр эгчээс өөр намайг гэх хүнгүй
гэж хэлээ биздээ.Миний өмнөөс хэн чамайг гуйхаар явж өгөх юм бэ? гээд мэлмэртэл
уйлчихав.Бурмаа:
- Харин тиймээ.Хайр нь аав, ээждээ,бид хоёр зүгээр л хуримаа хийчихэе гэж зөндөөн
гуйсан.Ёс бол ёс.Хурим хийнэ гэдэг чинь гэр бүлийн гэхээсээ илүү төрийн ёс гээд
байна гээд зөвшөөрдөггүй.Бодоод байх нь ээ бас аав, ээж хоёрын ч зөв юм
шиг.Нэгэнт л хоёр биедээ зүүний үзүүр орох завсаргүй хайртай юм чинь тэр гуйлга
энэ тэрийг нь гүйцэлдүүлэх нь ч зөв юм шиг.Тийм биш гэж үү?Сэтгэлтэй хоёрын
хооронд нэг ийм яриа болсноос хойш амьд хүн аргаа олсон уу?Асралтай эгч нь
нэгийг сүвэгчилсэн үү? Баярынд бэр гуйх сар ,өдөр дуулдаад ирэв.Баяр, Норжин
хоёр ч ууган охиноо айлд өгөх, гуйлгын хадаг авах талаар хоорондооч зөвлөв.Ойр
дотныхноосоо ч сургаал авав.Баярын хэлэх нь:
- Аа, нээрээн бодоод байх нь ээ гуйлгын хадаг гэдэг
чинь их учиртай эд байх нь.Биднийг айл болж байхад ямар тийм айхавтар юм болж
байсан биш.Ер нь хатуухан талдаа сууна.Хадгийг нь хэд буцаасан ч яадаг
юм.Угаасаа хуучны үгэнд:
Хаданд харвасан сум.
Харьд өгсөн бэр гэсэн үг ч байдаг.Эрх охиноо
айлд өгөхөд ямар бүүр татгалзаад амьдралыг нь үрээд хаячихаж байгаа биш,тэр
зэргийн хүндлэл байлгүй яахав гэж ярьж суув.
Хүргэний талд ч хадаг хүргэх хүн эрж эгээл, сумаас
аймаг, аймгаас хот хүрэв.Харин аз болоход Батнаагийн нагац эгчийн хамаатны
хүргэн нь гадаадад олон жил алба ажил хашсан Бор гэх тулхтай нэгэн олдох
янзтай.Янзтай гэхийн учир нь Бор ч бас хуримын зан үйл муухан гадарладаг.Хэдэн
хүүхэдтэй боловч тэд нар нь гадаадад сургуульд сурч байхдаа тэндэх улсынхаа
заншлаар ёсолж төрлөсөн ажуу.Чингэсээр хадаг хүргэх бэргэндэгч тал хоёр ч машин
хөлөглөн Улаанбаатраас Дорнод аймгийн төвд ирлээ.Холын зочдыг Баярынхан ёс
төртэй сайхан угтав.Одоо ганц л хэцүү юм үлдэв.Хүргэний талыг ахалсан Бор:
- Хүүхний аав, ээж хадгийг буцаавал нүүрээ хаана
хийнэ хэмээн баахан бэмбэгнэж явав.Чингээд мянган бээрийн чинадад ирчихээд
буцалтай нь биш, бэлэгт сайн өдрийн морин цагт Баярынд яваад очлоо.Хүүхний тал
ч хадаг авах ёслолд чамгүй бэлтгэсэн нь ширээн дээгүүр алаглах таван тансгаас
мэдэгдэж байв.
Өрхийн тэргүүн Баяр саарал бүрхийг толгойдоо тэгш
дүүрэн тавьж, цагаан шаргал ноосон
даавуу дээлийг аралтай цул мөнгөн бүсээр бүслэн, хөлдөө гучин хоёр угалзтай
наамал жийсэн нь гаднаас нь харахад сүрлэг.Бор гэрт оруут бага сүрдэн өвдөг
чичирсхийж гэрт байгсадын амрыг эрэх мөрт өврөө уудлан алд цэнхэр хадаг гаргах
мөрт:
- Зээ, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг
өнжин хүлээж танайд ирсний учир гэвээс:
Буга намнаачин нь манайд
байна
Булга зүйгээчин нь танайд байна
Тэгнээ өргөөчин нь манайд байна
Торго эсгээчин нь танайд байна.
Эрсээр яваад ирлээ
Энд
гэж тогтлоо.
Сурсаар яваад ирлээ
Сувд энд гялтайлаа.
Энэ
хоёрыгоо нийлүүлбэл
Энх
төрд өрх нэмж
Эрхэм ёс гүйцэлдэх бусуу гэж хэлж дуусаагүй байтал Баяр ухасхийн босож
хадгийг авав.Бор хадаг нэгэнт айлынх болсон учир суух ялдараа хөлсийг бага сэвж
амсхийв.Хүлээсэн айл ч, ирсэн гийчин ч цагаан идээ амсаж, цай сүүнд уруул хүрч
ёстыг ёслож, найрлав.
Гийчдийг үдэн мордуулсны хойно эзэгтэй Норжин
нөхрөөсөө:
- Яалаа чиний өнөөх суугаад байна гэсэн чинь.Зүгээр
л айлын хадгийг хүлээж ядаж байсан юм шиг ухасхийгээд л авч байгаа юм шүү
хэмээн үг хаяхад Баяр:
- Үгүй ээ, Ноожоо минь настай хүн хадаг бариад
хүрээд ирэхлээр чинь төрийн ёс бодогдсончиг хүний ёс нь түрүүлчихлээ шүү гэхэд
гэр дүүрэн хөхрөлдөөн болов.Ёсыг гүйцээх, настныг хүндлэх хоёр зэрэгцсэн
хөгжөөнөөр сэтгэлтэй хоёрын цуутай хуримын үүд ийн сөхөгдэвэй.
2010 – 04 – 14.Лхагва.16.48.
Сөүл хот.
ЖАРГАЛТАЙ ӨДРИЙН ЦОЛМОН
Дэлгэрмөрнийхөө хөвөөнд ирлээ.Бөртөн цагаан сарны доор бөмбөрүүлж явсан
нутгийн минь их усан.Бөлбөөхэй биеийг минь чангалж бөмбөрцөг хэсэх тэнхээ
суулгасан нутаг минь.Жилдээ нэг ирэх,ирэх болгонд сэтгэл нялхраад л
буцах.Болдогсон бол энэ л хотгортоо, энэ цэнхэр мөрнийхөө усаар аршаалаад нэгэн
насны өртөөг дуусгахсан.Даан ч ирэх, буцахын учиртай хорвоод энэ өдөр
цэнгэвчиг,дараа өдөр гунихын шалтгаан үүсэх буй.
Болсон явдлыг дурсаж цээжнээ амилуулахаас бус болох
үйлийг урьдчилан хараад хэлдэг ухаан тэр болгонд заяасангүйдээ,халаг гэж.
Нэг харахнаа нь дан цэнхэр даалимбан тэрлэгтэй
эмгэн мөрний эх өөд хараад залбирчихсан,олон үгийг шившин шивнэх агаад түүн
дотроос:
- Мөрөн ээж минь,Мөрөн ээж минь мөхөс биднийгээн
өршөөж хайрла гэх үг тод дуулдана.Энэ бол манай их ус дагасан хотогойдуудын
эрхэм ёс, тогтсон шившлэг юм.Хотол олноо энх амар байгаасай гэж,хотогойд овог
ясаа эсэн мэнд яваасай гэж залбирч ирсэн дээдийн дээдээс улбаатай дадал заншил
юмдаа.
Ямартаан л хотогойдын бөөгийн дуудлаганд
Дэлтэй цэнхэр унаа минь
Дэлгэр мөрөн ээж минь гэж онгод орж ирдэг байхав.Ээжийгээ байхад энэ
мөрнийхөө хөвөөнд гараас нь хөтөлж ирдэг байв.Ээжээсээ хойш элэг зүрхнийхээ
дуудлаганд хөтлүүлж ирдэг болов.Хүмүүн гэгч хичнээн урт насална төчнөөнийг
алддаг,төчнөөнөөс хоцорч ганцаардасхийн энэ тэрийг сэтгэл зүрхэндээн бүртгэн
суудаг биш үү?
Мөрөн ээжийнхээ дөлгөөн урсгалыг ширтэнхэн,бөртийх
ч үүлгүй цэлмэг өдөр хаа нэг жараахай, загасны пүл, цүл хийн дуугарахыг сонсон
хэдэн цаг дэнж дээр нь хэвтэв.
Мөрний зүгээс зүүн тийш харахад эхийн хэвлийгээс
унасан “Бөөгийн дэнж”,хуучин, шинэ алагласан байшин барилга ярайн,зам, харгуй
жирийн үзэгдэх аж.Би бол тавин хэдэн оноос л аймгийн төвийг, байшин барилга нь
яаж өндийснийг гадарлах юм.Одоо ажвал миний мэдэх олон байшин барилга цагийн
эрхээр буурайж,нэг хэсэг нь ор сураггүй алга болж суурин дээр нь өнөөгийн
төвийн өнгө жавхааг илтгэсэн хөдөөдөө цэмцгэр барилга сүндэрлэх аж.
Тэр бүхний дундаас онгосон ногоон дээвэртэй жижиг
хүрэн дүнзэн байшин нарны халуунд нозоорох мэт.Түүнийг харахад миний дотор
ч хүүхэд насны минь амьдралын нэгэн
агшин тодрох амуй.
Тавин дөрвөн жилийн тэртээ энэ байшинг барьж байхыг,
аймгийн төвийн хүнсний дэлгүүр гэж таван тансаг өрөөтэй дэлгүүр байхыг нь,
дэлгүүрийн эрхлэгч гэж өл халзан магнайтай идэрхэн эр, хажууд нь гар сампинд
гап шапхийсэн хүнсний тасгийн худалдагч махлаг цагаан бүсгүй хоёр байсныг нь
мэдэх юм.
Дэлгүүрийн эрхлэгчийг Сандаг
гэнэ.Худалдан авагчид нь ч дөлгөөн байсных юмуу Сандаг гуай орсон, гарсан
хэнтэй боловч эвлэгхэн харьцаатай хүн байжээ.Сандаг гуай бол манай ангийн
хүүгийн аав нь.Би тэгэхэд 7дугаар ангийн сурагч.Байсан айлдаа шоодуулаад олноор
хэсэж олгойгоо дүүргэж явахад Сандаг гуай, эгч хоёр хүүгий нь дагаад очиход
бараг орой болгон хоол өгч мөн ч их буян болсондоо хөөрхий.
Ядарч явахад асуулгүй аяга хоол хийгээд өгнө гэдэг
ямар их тус байсныг эргээд санахад сэтгэлд нар гарах лугаа адил болно.Харин би
хожуу тэр хоёрыгоо эргэж нэг очоогүй, тавин хэдэн жилийн дараа дурсаж суугаа
минь юутай харамсал.
Тэд миний гялайлаа гэдэг ганц үгээр дутаагүй л
дээ.Сайхан сэтгэлтэй хүмүүс юм чинь үйлс нь өөдрөг л байгаа.Надтай нэг ангид
байсан хүү нь тэр үедээ нэг тиймхэн хэл аманд ороод сургуулиас гарчихсан
юмсан.Одоо бодоход нэг их сургуулиас гаргах хүртэл ад үзээд байх ч хэрэг
хийгээгүй л юмсан.Гэхдээ цаг гэдэг ажил хийж байгаа хүмүүст ч, хүүхдэд ч хатуу
байсан үедээ.
Хадаа минь хаа явдаг юм бол? Хүнлэг сайхан хүү
байсансан.Хааяа сураг сонсоход Эрдэнэтэд буурин суурин амьдралтай болсон гэж
дуулдсан.Сургийг нь л санасан цагтаа сонсохоос бус эрж сураад муу аав, ээжийг
нь байхад очоод уулзчихдаггүй би ч гэж би.
Хадаагийн дүү гэж нэг хөөрхөн
охин.Биднээс гурав, дөрвөн ангийн доор байх.Нимгэвтэр цагаан царайд шунхан
улаан хацар нь зүйтэй гээч зохицон,жавар бараан нүд нь сэтгэл гижигдэн
тормолзож байдагсан.Ээж нь Нямсүрээн,ахдаа цай хийж өг.Нямсүрээн хоол
хийж...Нямсүрээн гэж дууддаг нь чихэнд сонсогдох шиг.Одоо тэр ээж байгаа эсэхийг
хэн мэдлээ.
Би мөрөн ээжийнхээ хөвөөнд
ирэх хүртэл хичнээнч он жил энэ нэрийг мартанхан явсан юм бэ дээ...
Нээрээ Нямсүрэн хаа явдаг бол?Одоо би түүнийг энэ
даваанаас санаадчиг яалтай билээ?
Жаргалтай л яваасай.Намайг идэрхэн явахад улсын
баяраар аймгийн төвд нэг харагдаад дуудахын зуургүй яваад өнгөрсөн..
Навчин хээтэй цэнхэр торгон дээлэн дээр цайвар
ногоон дурдам бүс ороосон нь зөөлөн борооны дараа гийсэн тэнгэрийн солонгыг
санагдуулам байж билээ.Сэтгэл зүрх минь жаргалтай өдрийн цолмонг санаашран дуудалхийлэвч
сэнстэй намрын салхин сэв сэвхэн үлээхийг яалтай.Дэмий л цээжнээ:
Жааханчиг хонгор насанд минь л юмсан
Жаргалтай өдрийн цолмон минь л байсансан
Жавар бараан нүдтэй л юмсан
Жаргаач үгүй, зовоо ч үгүй хорвоо л юмсан.Ийм нэг шүлгийн мөр орж ирэв.
Мөрөн ээжийнхээ тунгалаг урсгалыг ширтэсхийн,мөнөөх
бага насны ачлалт хүмүүсээ дурсахын зуурт сэтгэл хөглөх нэгэн агшнаа энэ хэдэн
мөрийг таталвай.
2010- 04 – 17.Бямба гараг.14.05.
Сөүл хот.
БААГИЙ
Хоёр
хүүхэн дэргэдүүр өнгөрөхдөө “Баагий”,”Баагий “ хэмээн бие биенээ ёврох нь
эгдүүтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг.
Цагийн өнгө хувирахын хэрээр үгийн утга ч хувиран
бүүр санаа савд орохооргүй өөрчлөгддөгчиг юмуудаа.Саяхан л “ Баагий “гэхэд хэн
хүн хүнийг авгайлсан тэр л өнгөөр хүлээн авдаг, сонсдог байсансан.Манайх хоёр
хүргэнтэй, хоёулаал Батчулуун.Дүү нар нь хүргэн ах нараа нэрээр нь дуудахаас
цээрлэн нэг л мэдэхэд “Том Баагий”, “ Бага Баагий” гээд дуудаг болчихсон байж
билээ.Өөрөө ахмад хүнийг хэзээнээс нэрээр нь дуудахаас цээрлэдэг монгол заншилд
маань нийцсэн, хөндлөнгийн хүнд ч аятайл сонсогддог байсан.
Газар, газар өөр байх.Манай нутагт бол хүргэн ,
бэргэн ч гэх юмгүй, төрөл төрхөм дотроо ах зах хүнээ авгайлахыг мэдээ орохоос
нь аав, ээж заагаад сургачихсан байдаг юм.Тиймдээн ч тэрүү хот орон газар
суурьшсан хойно хажуу дэргэдэх хүмүүс ах , эгчээ нэрээр нь дуудаад байх тийм ч
таатай сонсогддоггүй байв.Бүүр манай аав, ээж ажлаас яваад ирэхэд бухимдчихсан
суух.Дотроо цай, сүү нь холдоод л хөгшид бухимдаж байгаа юм болов уу гэж санаад
яагаад уруу дорой загнаад унав аа гэвэл ээж:
- Аа, түрүүн өнөө хамар хашааны Батсүхийн бага охин
гүйж ирээд...Тэгээд:
- Нэг ам, хамраа урчих шахсан юм өнөөх хүргэн
ахыгаа Отгонбаяр гэж хашгирч, хашгирч л явлаа.Тэгээд яачихаав?Айлын хүүхэд
нэртэй хүнийг нэрээр нь дуудаа л биз.Юун сүртэй юм бэ?Би бүүр та хоёрыг чинь
цайны сүү нь тасраад л бухимдаа юмуу гэж бодоод...Аав тэндээс:
- Уухай та нар бас ах захаа мэдэхгүй Батчулуунаа,
Батчулуунаа гээд далжиганаж явах уу? Байгаарай та нар гээд загнах янзтай.
Намайг багад юмсан.Миний авгын бага хүү нь надаас
хэдхээн сар ах юм гэсэн.Нэг өдөр түлээ оруулж байгаад:
- Мямаа Та гээд дуудсан чинь гэрт байсан улс:
- Үгүй ээ, яасан хөөрхөн юм бэ?Мянганбаярыг “Мямаа”
Та гэнэ шүү.Хүн болох багаасаа гэдэг чинь л энэ шүү дээ гэцгээж байсан
санагдана.
Нээрээ одоо
чинь нэг хоёр сарын битгий хэл долоо найман насны дүү нэр ах, эгчийгээ нэрээр
нь дуудаад байх эхлээд нэг тиймхэн сонсогддог байснаа сүүлдээ бүүр тэр байдалд
нь дасах аятай болсноо:
- Энэ чинь нээрээ юү билээ?Өнөөх манайд хар нялхдаа
орж ирсэн хоёр хүргэнээ дүү нарûнх нь авгайлж дассан “Баагий”
гэдэг хүндэтгэл үг одоо утга нь баахан гажсаныг гэнэт санав.Түрүүний хоёр
хүүхэн “Баагий”,”Баагий” гээд бие биенээ ёвролцоод байшингийн булан тойрсон нь
нэг олигтой ч хүний тухай хэлээгүй шиг бодогдоод явчихав.Түрүүхэнд компьютрийн
цахим сонины сэтгэгдэл уншиж байтал “Уншигчийн сэтгэгдэл” гэсэн хуудсанд бичсэн
нийтлэлийн тухайд гарсан саналд уншигчид нэрээ тавьсан байхаас гадна хэд хэдэн
сэтгэгдлийн эхэнд “ Баагий” гэж бичиж байгаад л: “Төрийн өмчийг хулгай хийсэн
луйварчин ...тэр үхэж далд ороосой.Бүүр өвчтэй хүнийг хүртэл “ Наад өвчнөөрөө
бушуухан тонилоорой чи” гэж бичсэнийг уншаад гутаж байснаа санав.Муухай
юмаа.Хүний мөс гэж бүүр байхаа байж.Алдаа дутагдал, идсэн уусныг нь хэлж
бололгүй яахав.Бүүр дургүйцлээ ч илэрхийлж болно.Харин нэртэй хүнийг нэрээр нь
бичиж, хэлж байвал аятай юу?
Одоо чинь ажиглаад байхад ихэвчлэн буух эзэн, буцах
мөргүй юмны ард юмуу урд нь “ Баагий “ гэж бичээд байгаа нь нэг л ёозгүй.
Тээр хорь гаруй жилийн өмнө нэг атгаг хүн жаахан
шүүмжлэлтэй өгүүлэл бичээд ард нь хүүхдийнхээ ажилладаг газрын хүмүүсийн нэрийг
бичихсэн нь илрээд тэр үедээ бөөн хэл ам болж үүнийг сурвалжилсан сэтгүүлч “
Сумаа тавиад нумаа нуухын үлгэр” гэж хүртэл бичиж байсан явдал санаанд орлоо.
Одооч “Нумаа нуугаачин” газар сайгүй болсныг
харахад орчин тойрон ,хүмүүс маань юу л болоод байна даа гэх бодол дотор
хирдхийлгэв.”Баагий” гэж хэлүүлж байгаа хэлж байгаа хоёулаа хэн бэ?Ариун
шударга улс уу?Өнөөх бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдээчингийн хоёр нь уу? Хоёр
бүсгүй бүүр аль түрүүн байшин тойрсон.Одоо хүрдэг газраа хүрээ биз.Харин хэлсэн
ганц үг нь гол горойлгод л.
2010 – 04 – 24.Бямба.15.30.
Сөүл хот.
No comments:
Post a Comment